Энэ нь нэг талаар ард түмэн өнөөгийн улстөрчдөөс өөрийн эрхгүй уйдсан, итгэхээ байсан. МАНАН болоод ч хамтарна уу өөр хоорондоо үгсэн тохирч өөрсдөө хэмжээгүй баяжихаас бус ард түмний амьдрал улам доройтлоо гэж дүгнэх болсонтой нь холбоотой биз ээ. Юутай ч сонгогчид шударга, нэр цэвэр шинэ үеийн төлөөллийг хүсч байна. Парламентад нам ялгалгүй шинэ үеийн төлөөлөл давамгай орж ирэх нь тодорхой болоод буй энэ сонгуулиар МАН-ын залуучуудын пиар түлхүү явж байгаа нь илэрхий. Хэдийгээр хүлээн зөвшөөрөгдөхүйц гэж харагдах ч үнэн хэрэг дээрээ албан тушаал эр хүнийг чимдэг гэгчлэн тухайн албан тушаал дээр очсоны дараа яг ямар хүн бэ гэдэг нь танигдаж эхэлдэг. Улс төрд ямарваа тохиолдолд залуучуудыг намаас нь дэмжиж байж олноо ил гарч ирэх нь түлхүү бий. МАН-д шинэ үеийн төлөөлөл бий гэж харагдах ч АН-д ялгаа байхгүй дараа үеийн залуус шигшигдээд жагсч байна. АН-аас тодорч гарах шинэ үеийн улстөрчдийг буюу энэ сонгуулиар олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хүмүүсийг танилцуулъя.
Х.Тэмүүжин. Хуульч мэргэжилтэй УИХ-ын гишүүн. Чадалтай боловсон хүчний нэгд тооцогддог. Тэрбээр намын гэхээсээ илүү хувийн тоглолт ихтэй. Үүнд нь нэг намын, үеийнхэн нь төдийлөн таашаадаггүй. Долдугаар сарын 1-ний хэргийг олон нийтэд дэлгэхийн зэрэгцээ энэ сэдвээр өөрийн сонгуулийн имижийг өсгөж яваа гэж хэлж болно. Х.Тэмүүжин “Нэг ардчилал” клубыг УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй хамтран санаачлан байгуулж үйл ажиллагаа явуулдаг.
Лу Гантөмөр. УИХ-ын гишүүн. Мөн “Нэг ардчилал” клубт харьяалагддаг. Түүнийг пиарын баг ардаа ажиллуулдаг гэж ярьцгаадаг. Лу.Гантөмөр шинэлэг янз бүрийн санаа сэдлийг гаргаж байдаг. Түүнийг ямар нэгэн өндөр албан тушаалд очлоо гэхэд гайхаад байхааргүй чадалтай залуусын нэг.
Батын Батбаатар. УИХ-ын гишүүн асан. Чингэлтэй дүүргийн АН-ын дарга. Тус дүүргийг цэнхэр буюу АН-ын дүүрэг болгож чадсан гавъяатай. Түүнийг намын даргаар ажиллаж байх үеэс УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд улсын хэмжээнд АН-аас эхний байранд давхихаар олон сонгогчын саналыг авч чадсан. УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар өнгөрсөн 2004 онд Баянгол дүүрэгт олонд төдийлөн танигдаагүй байхдаа тухайн үеийн МАХН-ын томоохон лидерийн нэг болох Ж.Бямбадоржийг илт давуушаа ялан гарч ирсэн нь шуугиан тарьж байсан. Одоо иргэдийн газрыг үнэтэй болгож, бодит өмч болгох талаар шинэ санаачилгыг тавьж буй нь олны анхаарлыг татаад байгаа. Энэ жил АН-ын дүүргийн намын хороо дотроо талцаж хоёр хуваагдах үед Чингэлтэйнхэн мөн л ийм байдалд хүрэхэд намын дарга Б.Батбаатар асуудлыг дор нь цэгцэлж нэг бодлогод дүүргийнхээ намыг атгаж чадсан. Түүнийг улс төрийн маневр сайтай гэдэг. Энэ нь сая АН-ын ҮЗХ-ны олон залуусыг араасаа дагуулсан “Мөнх тэнгэр” фракцийг байгуулснаас нь харагдана. Ер нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар нарыг АН-ын дараа үеийн удирдлагууд буюу намын дарга болоход гайхаад байхааргүй. Чадвартай залуус гэж харагддаг.
Ж.Ганхуяг. Хан-Уул дүүргийн Засаг дарга. АН орон нутгийн сонгуулиас Нийслэлд цөөхөн ялалт байгуулсан дүүргээс гарч ирсэн Засаг дарга. Тэрбээр “Мөнх тэнгэр” фракцын гишүүн. Хувийн зохион байгуулалт сайтай чадалтай залуусын нэг гэгддэг.
Дагвын Алтанхуяг. Чингэлтэй дүүргийн АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга. Энэ албыг хэдэнтээ улиран сонгогдон хийж байгаагаас үзэхэд намын дотор өөрийн орон зайгаа хэдийнэ бөх бат эзэлсэн. УИХ-ын 2004 2008 оны сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийг дүүрэгтээ удирдан зохион байгуулж байсан. Чингэлтэй дүүргийн МоАХ-ны дарга. Д.Алтанхуяг орон нутгийн сонгуульд хоёр ч удаа өрсөлдөж байсан. Ялагдсан нь бас шалтгаантай. Учир нь саналын хуудас, сонгогчдын тоо хоёр нь зөрсөн нь бөөн маргаан дэгдээж, МАН-ынхны маапаан илэрсэн ч МАН-ынхны талд шийдэгдэж байсан удаатай. Нэг ёсондоо луйвраар цэвэр ялагдал хүлээсэн.
Д.Доржпүрэв. Төв аймгийн Ардчилсан намын дарга. АН-ын ҮЗХ-ны гишүүн. “Фин Сервис” ХХК,” Би Энд Жи” банк бус санхүүгийн байгууллагын захирал. БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. УИХ-д хоёр ч удаа нэр дэвшсэн. Гэвч час улаан тойрог буюу МАН-ын өмнө хоёронтоо бүдэрсэн. Тэрбээр АН-д өөрийн гэсэн байр суурьтай залуу.
“Айр транс” ХХК-ийн захирал Гантулга “Мөнх тэнгэр” фракцид хамаардаг. “Нэг ардчилал” клубт хамаардаг Увс аймагт энэ сонгуулиар нэр дэвших магадлалтай Бат-Амгалан нарыг АН-ын дараа үеийн шинэ төлөөлд бас хамруулж үзэж болно.
Ж.Батзандан. Гадаадад сургууль төгсч ирээд иргэний танхим төвтэй нийгмийг байгуулахыг журмын нөхөр О.Магнайгийн хамт анх хөндөж байсан. Тэрбээр Иргэний хөдөлгөөний намын даргаар ажиллаж байгаад АН-д элссэн. “Нэг ардчилал” клубынх. Нийслэлийн Ардчилсан холбооны тэргүүн, хууль зүйн ухааны доктор. Ж.Батзандан Баянзүрх дүүргээс энэ сонгуульд УИХ-д нэр дэвших магадлалтай гэж яригдаад байгаа. Түүний хувьд хэдийнэ олноо ил танигдсан учир түүний танилцуулгад нэмэлт хачир бараг хэрэггүй биз ээ.
Б.Ариунболд. Хан-Уул дүүргийн АН-ын дарга. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч. УИХ-д нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг. Магадгүй энэ сонгуульд Нийслэлийн иргэдийн хуралд өрсөлдөж, дүүргийнхээ намыг буюу УИХ болон орон нутгийн сонгуульд дүүрэгтээ ялалт байгуулчих чадалтай. Хэрэв тэгвэл ч дараагийн Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн намын дарга болчих шаанс өндөртэй чадварлаг залуусын нэг.
М.Хүдэрбаатар. Хэнтий аймгийн АН-ын дэд дарга. ҮЗХ-ны гишүүн. “Хутаг групп”-ийн захирал. УИХ-д бас нэр дэвших магадлалтай залуусын нэг. Японд өндөр боловсрол эзэмшсэн. Залуу хүн өмнөх ажлаа шударгаар хийж байх юм бол улсын хөгжлийг тодорхойлох хөрөнгө оруулалт гэж үздэг.
Гомбосүрэнгийн Баярсайхан. Төв аймгийн АН-ын ҮЗХ-ны гишүүн. “Мөнх тэнгэр” фракцид харьяалагддаг. “Ану интернэшнл” ХХК-ийн захирал. ШУА-ийн харьяа “Сэргээгдэх Эрчим хүчний корпораци”-ийн санхүүгийн албаны даргаар ажиллаж басан төдийгүй 1999-2000 онд Европын холбооны “TACIS” байгууллагын Сэргээгдэх Эрчим Хүчний EMON-9601 төслийн зохицуулагчаар ажиллаж байсан.
Ц.Баатархүү. “Монголын лектор төв”-ийн захирал. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан. Илтгэх урлагт чамгүй боловсорсон, үүгээрээ олноо танигдсан. АН-ын идэвхтэй, боловсролтой залуучуудын нэг. Энэ сонгуулиар Нийслэлийн иргэдийн хуралд нэр дэвших тухай дуулдаад байгаа.
УИХ-ын гишүүн Бат. Батбаярын хүү Батбилэг. Чингэлтэй дүүргийн АН-ын дэд дарга. Тэрбээр “Мөнх тэнгэр” фракцид харьяалагддаг. Чингэлтэй дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж болзошгүй гэж яригдаад байгаа. Удам залгаж улс төрд орж ирж буй чадварлаг залуусын нэг. Тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит компанид санхүүгийн зөвлөхөөр ажилладаг. Өмнө нь Төрийн албаны зөвлөлд ажиллаж байсан туршлагатай.
Ийнхүү АН-д олны танил болсон, танигдаж буй залуучууд олон байна. Тэдний дунд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Ц.Баярцогт нарыг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.
Эх сурвалж: ”Нийслэл таймс” сонин