С.Өлзийхүү: Хүүгээ жүжигчин болгохгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

С.Өлзийхүү: Хүүгээ жүжигчин болгохгүй

Урин хаврын сэтгэл гэгэлзсэн энэ өдрүүдэд  урлагийнхан ч олз омог арвин байна. Жишээ нь “Шилдэг өнгө” продакшны “Амьдрал өөрөө хичээл” нэртэй цоо шинэ жүжигт бэлтгээд Төмөр замын дээд сургуулийн урлагийн зааланд өдөржингөө л ажил болж байв. Найруулагчаар О.Бат-Өлзий ажиллаж байгаа юм билээ. Биднийг зааланд дөнгөж ороход түүний “Одоо тэг, биш ээ, баруун тийшээ хар л даа” гэх дуу сонсогдов. Энэ үеэр тус продакшны дэд захирал С.Өлзийхүүтэй ярилцлаа. Тэрбээр нярав, жолооч, зургийн дарга, найруулагч, хэвлэлийн төлөөлөгч гээд олон ажил нугалдаг сэргэлэн бүсгүй. Харин охин нь тус жүжигт тоглож байсан юм. Дэд захирал биднийг очиход гадуур явж байгаад ирлээ гээд сууж байсан.

-Одоогоор та энэ олон ажлынхаа алийг нь хийж байна вэ?

-Шинэ жүжиг эхлэхээр хэвлэлийн төлөөлөгч, ивээн тэтгэгч, сурталчилгаа хариуцагч гээд олон ажил байна аа. Дөнгөж сая л гэхэд нэг хэвлэлийн компаниас ирлээ. Тоглолтынхоо плакатыг хэвлүүлэхээр очсон юм.

-Та энэ жүжигтээ өөрөө тоглохгүй байгаа юм уу?

-Тоглохгүй. Залуусын сэдэвтэй болохоор залуучууд маань бүхий л хариуцлагыг үүрч байгаа. Мөн өөр продакшны болон чөлөөт уран бүтээлчид оролцож байгаа. Зохиолыг нь манай гэр бүлийн хүн Б.Хүсэлбаатар бичсэн.

-Жүжгийн гол санаа юу вэ?

-Өнөөдөр оюутнууд сургуулиа төгсөөд л аль нэг амралт, зуслан руу зугаалахаа боддог болсон. Энэ үед тэдэнд ямар адал явдал, баяр хөөр, бэрхшээл тулгардгийг манай жүжиг харуулна. Их, дээд сургууль төгссөн залуус олон жил номын мөр хөөх ч хүн чанар, хэрхэн амьдралаа өөдтэй авч явахад суралцаагүй байдаг. Иймд энэ жүжгээс залуучууд их зүйл мэдэх болно.

-Та янз бүрийн ажил хөөцөлдөөд уран бүтээлээсээ хөндийрөөд байна уу даа. Эсвэл залуучууддаа бүрэн найдах болоо юу?

-Өөртөө тохирсон дүрдээ тоглож байгаа. Энэ жүжигт надад тохирох дүр байхгүй болохоор арын ажлыг хариуцаад явж байгаа минь энэ.

-Танайх хэдэн хүний бүрэлдэхүүнтэй болсон бэ?

-20 гаруй. Ихэвчлэн залуус болсон.

-Жүжгийн бэлтгэлээ дандаа энд хийдэг юм уу?

-Тийм. Энэ сургуулийн захирал биднийг их дэмжиж ажилладаг л даа. Тэгээд ч эдний тайз өндөрлөг, том хэмжээтэй. Тиймээс бэлтгэл хийхэд сайхан байдаг.

-Та охиныхоо мэргэжилд анхаардаггүй гэж багш нарт нь шүүмжлүүлдэг. Охин тань энэ жүжигт тоглож байна. Тэгэхээр хэр жүжигчин болж байгааг нь харах боломж олдож байгаа юм байна даа?

-Харин тийм ээ. Багш нар нь намайг зэмлээд байгаа. Гэхдээ жүжигчин болох хүнд цаг барих, хамт олонтойгоо эвсэг байх зэргийг ёс суртахуун талаас нь хандаж хэлдэг. Түүнээс биш хойшоо нэг, урагшаа хоёр алх гэж заадаггүй. Энэ бол жүжигчин болох хүний мэдрэмж, чадвараас шалтгаална.

-Охин тань олон клипэнд тоглож, олны танил болж яваа. Та өөрийнхөө продакшнд авах уу, эсвэл драмын театрт оруулах уу?

-Олны танил болох гээд л үзээд байх шиг байна. Охин маань жаахан хэлний бэрхшээлтэй. Драмын театрт ажиллах хэцүү. Театр юм уу мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллахын тулд жүжигчин хүн тодорхой хэмжээгээр бэлтгэгдэх ёстой. Тэгээд ч “Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэдэг болохоор гадаад руу сургуульд явуулах бодолтой байгаа. Мэргэжлээ дээшлүүлж, ур чадвараа нэмэгдүүлээд ирвэл өөрт нь хэрэгтэй.

-Хүүгээ бас л урлагийн хүн болгох уу?

-Яалаа гэж. Хүүгээ урлагаас арай өөр мэргэжилтэй болгоно гэж байгаа. Манай гэр бүлийн 90 гаруй хувь нь урлагийн хүн. Тиймээс арай өөр мэргэжилтэй ганц хүн байг л дээ. Тэгэхгүй бол нэг л их бужигнасан урлагийн улс. Бүгдээрээ өглөө гараад орой орж ирээд байвал хэцүү. Урлагийн ажил тийм амар биш. Хүү маань мэргэжлээ сонгох цаг нь ч хараахан болоогүй байна.

-Танай продакшн жүжгийн зэрэгцээ нэг кино хийсэн гэсэн. Ямар нэртэй бүтээл вэ?

-“Дурлалын сум”. Энэ кино өмнө нь жүжиг байсан шүү дээ. Үүнийг кино болгосон нь оносон байх. Хагас мюзикл бүтээл. Өнгөрсөн зун зураг авалтаа хийсэн.

-Төрөл жанрын хувьд яривал?

-Зөгнөлт инээдмийн кино. Би анагаахын их сургуулийн захирлын дүрд тоглосон.
 
-Танай продакшн яагаад нэрээ сольсон юм бэ?

-Бүх зүйлийг шинээр эхэлж байгаа гэдэг утгаар өөрчилсөн. Тэгээд ч “Өнгөт инээд” гэж нэрлэхээр дандаа инээдмийн жанрын уран бүтээл хийдэг мэт үзэгчдэд ойлгогдох гээд байсан юм. Манай продакшн хошин жанраас гадна уянгын, адал явдалт, аймшгийн гээд бүхий л төрлөөр уран бүтээл хийсэн. “Шилдэг өнгө” нэртэй болсон нь үзэгчдэд таалагдах байх аа.

-Саяхан хошин урлагийн анхдугаар их наадам болсон. Сэтгэгдэл ямар байв?

-Бид ойрд уулзаагүйг ч хэлэх үү сайхан байсан. Орой бүр бэлтгэл ажилдаа шамдаж далимд нь бие биеээсээ суралцаад л. Заримдаа анх урлагт орсон хөгжилтэй түүхээ ярьж хөхрөлдөөд л.

-Тэр үед таныг гавьяат жүжигчин боллоо гэсэн мэдээлэл гарсан. Хэрхэн хүлээж авав?

-Харин тийм ээ. Бооёо, Б.Баатархүү бид гурвыг гэсэн  байсан. Инээдмийн баярын өмнөхөн шүү дээ. Мэдээ сайтад гарсны дараахан Бооёо над уруу утасдаад “Бид гурвыг гавьяат болсон” гээд сайтад биччихсэн байна гэж ярьсан. Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан ингэж бичсэн байх л даа. Би саяхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Хүндтэй хүмүүсийн энгэрт харагддаг одон авсандаа баяртай байгаа.

-Эхэндээ итгэсэн үү?

-Үгүй ээ. Тэр өглөө утсаа асаасан чинь найзуудаас маань баяр хүргэе гэсэн мессеж ирсэн байсан. Үүнд би биш найзууд маань л итгэсэн юм шиг байна билээ.

-Та ихэвчлэн улаан өнгийн хувцас өмсдөг. Энэ таны имиж үү?

-Би гал морин жилтэй. Тийм болохоор надад улаан өнгө зохидог. Гэхдээ өдөр тутам улаан өнгийн хувцас өмсөх боломжгүй. Баяр ёслол, тайзан дээр гарах үедээ л өмсөнө. Улаан өнгө надад аз авчирдаг. Хүнд ээлтэй хувцас гэж байдаг даа. Улаан, үзмэн ягаан өнгийн хувцас өмсөхөөр ажил аяндаа бүтдэг юм шиг санагддаг.

-Та Драмын театрт багагүй хугацаанд ажилласан. Тоглосон жүжиг тань цөөнгүй биз?

-Драмын театрт би арван жил ажиллахдаа олон сайхан сонгодог жүжигт тоглосон. Тухайн үед Шекспирийн “Ромео Жульетта”, “Хүслийн трамвай”, “Буудлын авхай”, “Өглөөний тэнгэрийн одод”, “Хаан түүх”, “Би эрчүүдийг хүснэ” гэх мэт олон жүжигт тоглосон. Нэг үед гарч ирсэн авьяаслаг сайхан жүжигчидтэйгээ хамтарч цөөнгүй уран бүтээл хийж байлаа.

-Залуу жүжигчдийн зарим нь Драмын театр гэхээсээ илүү хошин урлаг руу тэмүүлдэг. Магадгүй, театрын босго өндөр байхаас гадна цалин бага. Тэгэхээр хошин урлагийн тайз илүү амархан санагдаж, мөнгө их олох боломжтой гэж үздэг байх?

-Хошин урлаг бол хамгийн хэцүү төрөл шүү дээ. Ер нь амьдрал дээр харж байхад ч хүнийг инээлгэх их хэцүү. Давс нь ихэдвэл инээх байтугай дургүй нь хүрч мэднэ. Давсыг нь дутаавал хүн инээхгүй. Тиймээс маш их мэдрэмжтэй урлаг. Гэхдээ драмын урлагийг амар гэж хэлж байгаа юм биш. УДЭТ бол манайд байгаа ганц мэргэжлийн урлагийн байгууллага. Театрт дэлхийн сонгодог, үргэлжилсэн үгийн бүхий л жүжгийг тоглож байгаа. Монголд “Маск”, “Шинэ үе”, “Х-ТҮЦ”, “Шилдэг өнгө” гэсэн хошин урлагийн дөрвөн продакшн үйл ажиллагаа явуулж байна. Бид хошин урлагийг хөгжүүлэхийн төлөө зорьж яваа.

-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг таны уран бүтээлд хөл тавьсан түүхээс тань үргэлжлүүлье. Сувилагчийн сургуульд байснаа гэнэтхэн л урлаг руу урвачихсан нь их сонирхолтой түүх шиг санагддаг шүү?

-Тийм ээ, надад ч гэсэн. Би хаа ч явсан, сайхан хамт олонтой тааралддаг. Энэ ч утгаараа, өдий зэрэгтэй явж байгаа байх. Сувилагчийн сургуулиа төгсөөд клиникийн нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хуваарилагдсан. Маш өндөр шаардлага тавина аа. Сураагүй зүйл их болохоор эмч нарт гологдож, загнуулах үе бишгүй таарна. Судас олохгүй сандраад өвчтөнийхөө дэргэд уйлж ч байлаа. Бас жижүүрт гарч байхдаа унтаад толгойгоо эргэтэл загнуулсан удаатай. Харин сүүлд нь “Тэргүүний сувилагч” болсон доо. Найз нөхөд, хамт олон маань урлагийн сургуульд шалгалт өгөх талаар санаа бодлоо хэлж, сэтгэл зүрхэнд ассан хүсэл тэмүүллийг минь хурцалж өгч билээ. Тэгээд л шалгалт өгч тэнцээд урлагийн хүн болохоор сэтгэл шулуудсан нь энэ.

-Сувилагч маань жүжигчин болохдоо хэр сандрав?

-СУИС-д ороод курсийн ажил шалгуулах өдөр өөрийгөө хэрэндээ л сайн юм хийсэн гэж бодсон учир хамгийн түрүүнд үзүүлээд их л додигор сууж байлаа. Гэтэл багш маань “Өлзийхүү, чи буцаад эрүүл мэндийнхээ салбарт очсон нь дээр” гэж хэлсэн. Тухайн үед өөртөө гомдоод уйлж байсан ч хор шар буцлаад маргаашаас нь эхлээд хичээлдээ идэвхтэй хандаж, тэр жил онц төгссөн дөө. Тэгээд 300 төгрөгийн стипенд авч эмээгээ баярлуулж явлаа. Багшид загнуулж байх үед ид дурлачихсан явсан болохоор хичээлдээ жаахан тааруу байсан байх.
 
-Тэр дурлалт залуу нь хэн байв аа?

-Нөхөр маань байлгүй яахав. Хүслээ тэр үед Драмын театрт жүжигчин байсан. Уран чадварын хичээл орох бүрт ирнэ. Би ичээд хичээлээ хийж чадахгүй сандарна аа. Ямартаа л, бид хоёрыг хамт явж байхыг түүхийн багш харчихаад “Өөрөөсөө есөн хуруу өндөр залуутай явж байхаар хичээлдээ анхаарвал зүгээр байх шүү” гэж сануулах вэ дээ.

-Танай нөхөр өөрөөс тань тийм өндөр гэж үү?

-Хүслээ надаас 10 см өндөр. Багшийг сануулсны дараа   хэмжээд үзсэн чинь яг л голыг нь олоод хэлчихсэн байж билээ.

-Сургуулиа төгсөөд анх ямар дүр бүтээсэн бэ?

-Төгсөөд шууд драмын театрт орсон. Тэр үеийг санахад би ер нь загнуулах дуртай охин байжээ. “Өглөөний тэнгэрийн одод” жүжигт тоглож байхдаа найруулагчид “Дуу нь цаашаа орчихсон, өндөр өсгийтэй гутал дээр явж чадахгүй ийм хүн яаж Соёл урлагийн их сургуульд орсон юм” гэж баахан загнуулсан. Бас анх “Цахилж яваа гөрөөс” киноны зураг авалтад орж байхдаа шөнө тоглолтынхоо дээлийг дэрлээд унтчихсан чинь үрчийлгүй яах вэ. Хөдөө хээр индүү байхгүй нь мэдээж. “Цог”-ны индүүгээр индүүдэж байгаад бас л загнуулаад амжсан. Ер нь залуучуудад захихад, хүний үг дааж, гомдож тунихгүй байвал өөрт тустай шүү.

-Та нэлээд эмзэг хүн байх аа?

-Маш эмзэг. Гэхдээ “Зөөлөн нь хатуугаа иднэ” гэгчээр аливаа зүйлийг зөөллөх дуртай. Би чинь хүн шүү дээ, чулуу биш. Тиймээс сэтгэл зовоосон элдэв асуудлыг тэр дор нь шийдвэрлэж, их амархан тайтгарч, мартаж чаддаг. Ер нь мэргэжлийн онцлог болоод ч тэр үү, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй.

У.Баярсайхан

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж