Энэ лаатай адилхан хадгалагдаад мартсан өөр юу байна гээд гэрээ баахан нэгжиж гарав. Гоё гэртэй бал олдов. Энэ балыг би бараг 10-аад жилийн өмнө өөртөө зориулж худалдан авч байсан. Тэгээд өөрийн хүссэн офисийн ажилд орохоороо хэрэглэнэ гэж бодоод далд хийснээ ч санав. Офисийн ажилд орсон уу? Үгүй! Хэзээ ч ороогүй ба тэрнээс хойш бараг 10 жил өнгөрчихсөн байгаа юм даа. Тэгэхэд би одоо үзэг балыг их хэрэглэж байгаа, заримдаа бал олдохгүй тохиолдол ч гардаг. Тэгтэл надад бал байсаар байхад түүнийгээ хав дараад нуучихсан байгаа юм.
Тэгээд цааш нь нэгжээд саван олдов, түүнийгээ банны өрөөндөө хэрэглэхээр оруулж тавьсан, бас гоёондоо өмсөнө гэж бодсон даашинз, гутал г.м. зүйлүүд олдов. Би өөрөөсөө яагаад энэ бүгдийг хэрэглэхгүй хадгалаад байдаг юм болоо гэж бас асуув…
… Яагаад гэвэл намайг бага байхад хамгийн их бэлэг авдаг баяр бол “Шинэ Жил” байсан. Бэлгэнд дандаа чихэр ирнэ. Бэлгэнд авсан чихрүүдээ гоё муухайгаар нь ялгаад, хамгийн түрүүнд онцгүй, муухай цаастай, элбэг байдаг ₮11.20-ийн “Болор” чихэрнээс эхэлж иднэ. Дараа нь дараагийн гоё гэх чөмөгтэй, ирис чихрээ иднэ, тэгээд хамгийн сүүлд хамгийн гоё гэх “Сарлаг, Унага” (тэр үед хамгийн үнэтэй, хамгийн гоё амттай чихэр байсан) чихрээ идэж чадахгүй цааш нь хадгалдаг байсан. Идчих юм бол хамаг сэтгэл догдолсон гоё мэдрэмж маань алга болчих юм шиг санагддаг учраас идэхгүй их гүрийдэг байсан. Үүнийгээ жилийн жилд давтана. Тэгсээр байгаад гоё, ганган юмыг хэрэглэж чадахгүй, өөрөөсөө харамлаад байгаа юмуу, хадгалаад байгаа юмуу бүү мэд цааш нь хав дардаг зуршилтай болжээ гэдэг дүгнэлтэнд хүрэв.
Гэхдээ үүнд сайн муу 2 тал бий. Сайн тал нь гэвэл юмандаа гамтай, мөн мөнгийг байгаагийн зоргоор хэрэгтэй хэрэггүй юманд үрэхгүй хадгалдаг дадалтай болсон. Харин муу тал нь гэвэл өөрт аль хэдийн байгаа гоё юмыг хэрэглэж сэтгэлийн таашаал хүртэж чаддаггүй юм байна гэдгийг мэдэрлээ.
Бас яг үүний адил бид яг одоогийн хийж байгаа ажилдаа, амжилт гаргах боломж байсаар байхад заавал хүссэн ажилдаа орж байгаад амжилт гаргана гэж боддог ч юмуу эсвэл заяаныхаа ханьтайгаа учирч байж хамаг хайраа зориулна гэж бодоод амжилт, хайраа цоожилчихоод, заавал нэг эгзэгтэй мөч гарч ирэхийг хүлээдэг.
Бид хэзээ үхэхээ мэдэхгүй, хэр удаан амьдрахаа мэдэхгүй, тиймээс өнөөдрөөс эхлээд өөрт байгаа ганган чамин зүйлээ хэрэглэж эхэлж, амжилтанд хүргэх зан чанар, чадваруудаа ашиглаж, өөрт байгаа асар их хайрыг бусдад харамгүй зориулж эхлэх нь зүйтэй санагдлаа.
АМЖИЛТЫН ТАРНИ: Би одоогоороо амьдрах дуртай!