Өрхийн эмнэлэгт мөнгө өгснөөс өвчтэй хүнд хандив өргөе

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Өрхийн эмнэлэгт мөнгө өгснөөс өвчтэй хүнд хандив өргөе

Уг нь өрхийн эмнэлгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төв болгож, нэрийг нь өөрчилсөн. Гэвч энэ нэрэнд өрхийн эмч нар өөрсдөө төдийгүй ард иргэд ч дасахгүй нөгөө л хуучин нэрээр нь нэрлэсэн хэвээр. Нэрээ сольсон ч үйл ажиллагаа нь сайжрахгүй байгаад бухимдах хүн цөөнгүй. Төр засгаас өрхийн эмнэлэгт нэрнээс нь эхлээд санаа тавьж буй ч тэнд ур чадваргүй эмч нар ажилладаг гэсэн улиг болсон хэллэгээс өрхийн эмнэлгийн нэр хүнд навс унасан. Энэ нь амьдрал дээр бодитоор оршиж буйг өрхийн эмнэлгээр орж үзсэн хүн бүр баталдаг. Ямар сайндаа ЭМШУИС-ийн багш нар хүртэл сурлага муутай оюутандаа “Төгсөөд өрхийн эмнэлэгт ажиллаарай” гэж хэлдэг байх вэ. Өрхийн эмнэлэг жирэмсэн эмэгтэйг хяналтад авахаас эхлээд хүүхэд багачууд, өндөр настан гээд нийгмийн бүхий л давхаргад хүрч ажилладаг ганцхан газар. Дөнгөж төрсөн хүүхдийг бүртгэж аваад гэрт нь очиж анхаарал тавих хариуцлагатай үүргийг хүлээдэг. Эх барьсан эмчийн дараа бяцхан хүүхдэд “гар хүрэх” эрх тэдэнд л байдаг. Гэтэл өрхийн эмч хэчнээн дуудлага өгөөд ч ирдэггүй, ирсэн ч олигтой юм хэлдэггүй гэж гомдлох ээжүүд цөөнгүй. Хамаатан саднаас нь ч илүү дотно харилцаатай байх хүмүүс өрхийн эмч нар. Хүүхдийн нүд, шүд, хамар ам, бие эрхтэн бүрэн бүтэн байхад тэд л анхаарал тавьж, дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэхэд туслах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ ухамсарлахгүй дуудлагад ирэхгүй, очоод үзүүлэх гэхээр дараалал нь гүйцэгдэхгүй, өвчний оношийг ч тодорхой хэлж мэдэхгүй учраас хүмүүс өрхийн эмч бус хувийн эмнэлгийг сонгож буй нь нууц биш.

Төрөөс 100 хувь санхүүждэг өрхийн эмнэлгүүд саяхнаас “баяжиж” эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн төсвөөс өрхийн эмнэлэг тус бүрт 30 сая төгрөгийн туслалцаа үзүүлэхээр болсон юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 128 өрхийн эмнэлэг бүрт 30 сая төгрөг олгохоор нийт 4.2 тэрбум төгрөгийг  төсөвт суулгасан байна. Эхний ээлжинд 30 саяас 15-ыг олгож байгаа аж. Энэ мөнгийг авахын тулд өрхийн эмнэлэг НЗДТГ, НЭМГ-тай гурвалсан гэрээ байгуулах шаардлагатай юм байна. Гэрээнд энэ мөнгөөр томоохон тоног төхөөрөмж авахгүй, үйлчлүүлэгчдэд ая тухтай нөхцөл бүрдүүлэхэд зориулах чиглэл тусгажээ. Энэ нь нөгөө талаас өрхийн эмч нарт 30 сая төгрөгийг зүгээр л бэлэглэчихсэнтэй адил болж байгаа юм. Одоогийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 55 өрхийн эрүүл мэндийн төв 15 сая төгрөгөө аваад байгаа ажээ. Улсаас бүх л машин тэрэг, тоног төхөөрөмж, цалингаар нь хангадаг болохоор эмч нар үүнд санаа зовохгүй. Харин энэ мөнгөө юунд, хэрхэн зарцуулж байгаад нь хяналт тавихгүй бол хэний халаасанд орохыг нь таашгүй. Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхэд тохиолддог хамгийн наад захын бэрхшээл нь суух сандал, “ОО”-ын асуудал. Ядаж энэ мөнгөөр хүүхэд, хөгшчүүлийг суух суудалтай болгоосой доо. Өрхийн эмнэлгийн өөр нэг гажуудал нь статусын асуудал. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна гэж заасан байдаг.  Өөрөөр хэлбэл, сайн дурын үндсэн дээр хэсэг эмч нар нөхөрлөл байгуулж, төрөөс үзүүлэх тусламж, үйлчилгээг иргэдэд хүртээнэ гэсэн үг. Харамсалтай нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх гүүр болсон энэ газар иймэрхүү байдалтай байна. Мөн тус хуулийн наймдугаар бүлгийн 43.1.2.өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх гэж заасан байдаг. Гэвч иргэн үйлчлүүлэх эмчээ сонгох эрхээ  эдэлж чаддаггүй. Төддүгээр хороо тэр эмчид үзүүлнэ гээд заачихсан байдаг. Энэ мэтчилсэн олон асуудлыг цэгцэлж, өрхийн эмнэлгийг өөд нь татах аян өрнүүлэх хэрэгтэй юм шиг. Нийслэлээс олгосон 30 сая төгрөгийг үйлчлүүлэгчийнхээ төлөө чин шударгаар зарцуулна гэдэгт итгээд хүлээх л үлдэж.

Ч.Болортуяа

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж