Хеглиг хотын оршин суугчид дүрвэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Хеглиг хотын оршин суугчид дүрвэжээ

Судан болон Өмнөд Судан улсын хил дээр байдаг Хеглиг хотын бүх оршин суугчид дүрвэсэн тухай НҮБ-ын төлөөлөгч ням гаригт мэдэгдсэн талаар “France Presse” мэдээлэв. Хотод таван мянган хүн амьдарч байсан бөгөөд хоёр улсын хоорондын зэвсэгт мөргөлдөөнөөс болж ийн зугтсан байна. Одоо хүмүүс хээр гадаа хоноглож байгаа бололтой. Хүмүүнлэгийн байгууллагууд дүрвэгсдэд хүнс, ус болон шаардлагатай зарим зүйлсийг хүргэж байгаа юм. Хеглиг хот нь Суданы нийслэл Кордофан хотын ойролцоо байдаг жижиг хот бөгөөд сүүлийн өдрүүдэд хоёр Суданы хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн энд болсон ажээ.

Хеглиг хотод хоёр улс анхаарал хандуулах болсны учир нь энэ хотын орчимд хоёр улсад аль алинд хэрэгтэй газрын тосны томоохон орд газар байдагтай холбоотой бололтой. Өмнөд Судан улс дөрөвдүгээр сарын 10-нд Хеглигт өөрийн хяналтаа тогтоосон бол  Суданы Засаг захиргаанаас Өмнөд Суданыг дайсан улсаа гэж зарласнээр зэвсэгт халдлага эхэлжээ. Ням гаригт Өмнөд Судан өөрийн цэргээ Хеглиг хотоос татсан бөгөөд орон сууцны хороолол руу гал нээсэн гэж Суданы армийг буруутгасан юм. Хоёр Судан улсын хооронд иргэний дайн 1983 оноос 2005 он хүртэл үргэлжилжээ. Энэ удаан хугацааны дайны дараа Өмнөд Судан улсын тусгаар тогтнолыг зарлах хэлэлцээ хийж эхэлсэн байна. Өнгөрсөн онд Өмнөд Судан улс шинээр байгуулагдан, тусгаар улс гэдгээ зарласан юм.

Хэд хоногийн өмнө болсон зэвсэгт мөргөлдөөн нь Өмнөд Судан улс газрын тосны экспортын үнэ ханшаа Судан улстай тохиролцож чадаагүйгээс үүдсэн гэнэ. Газрын тос экспортлох хоолой нь Судан улсын нутаг дэвсгэрээр дамждаг юм байна.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж