Дэлхийн хосгүй гайхамшгуудын нэг бүтсэн түүхээс

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн хосгүй гайхамшгуудын нэг бүтсэн түүхээс

Дэлхийн долоон гайхамшгийн нэг Эйфелийн  цамхгийг Францийн хөрөнгөтний хувьсгалын 100 жилийн ойд зориулан 1887-1889 онд Парис хотноо Сена мөрний хөвөөн дээр бүтээжээ. Уран барилгач Густаф Эйфелийн пирамид хэлбэрийн аварга том төмөр цамхаг босгох санаа тухайн үед биелшгүй мэт санагдаж байсан биз ээ.
Египетийн Гиз дэх 146 метр өндөр пирамид, 159 метр өндөр Кельний сүм, 175 метр өндөр Вашингтон дахь дурсгалын хөшөө тэр үед өндрөөрөө дэлхийд тэргүүлж байсан ч тэднээс хол давсан 324 метрийн өндөр цамхаг барих ажил цөөнгүй саадтай учирсан гэдэг.
Эйфел хамтран зүтгэгчдийнхээ цуг цамхгийн төслийг нарийвчлан боловсруулж байх үед соёл урлагийн хэсэг зүтгэлтэнгүүд “эртний түүхтэй Парис хотын гоо сайхныг эгнэгт хамгаалах зорилгоор францийн урлаг, түүх, дэгийг удирдлага болгон ашиг хонжоог л дээдэлдэг америк улс хүртэл барихаас татгалзсан ямар ч ашиггүй, булай муухай цамхгийг нийслэл хотынхоо төвд босгож, дэлхий нийтийн элэг доог болгох гэж байгааг эсэргүүцэж байна” хэмээн дургүйцлээ илэрхийлж байжээ. Сена мөрний ёроолоос 5 метр гүнзгий газар ухаж 10 метрийн зузаан хавтангуудаар суурь хийн 5000 тонн хүнд цамхагийн босоо тэнхлэгийг босгохын тулд дөрвөн тулгуур хөлийн суурь бүрт 800 тонн барилгын материал өргөх хүчин чадалтай усан шахуурга байрлуулснаар аугаа их бүтээн байгуулалт эхэлсэн аж. Цамхгийг барихад хэрэглэх 12 мянган барилгын эд зүйлсийг байрлуулахын тулд 60,140,275 метрийн өндөрт нийтдээ гурван тавцан байгуулж ачааны таван өргөгч шат хийжээ.
Усны шахалтаар ажилладаг байсныг нь хорьдугаар зууны эхээр цахилгаан хүчдэлээр ажилладаг болгосон эдгээр таван өргөгч шатны дөрвийг нь цамхгийн тулгуур дөрвөн хөлний дотор байрлуулж хоёрдугаар тавцан хүртэл барилгын эд зүйлсийг хүргэж үлдсэн нэг өргөгч шатаар нь цааш нь гуравдугаар тавцанд дамжуулан хүргэж байлаа. Дундаа нүхтэй нэгдүгээр тавцан нь 4000, хоёрдугаар тавцан нь 1400, тал бүр нь 18 метр дөрвөлжин хэлбэртэй гуравдугаар тавцан нь 324 хавтгай дөрвөлжин метр талбайтай байв. Гурав дахь тавцан нь шиллэсэн, задгай хоёр давхартай байсан ба цамхагийн хамгийн дээд хэсэг болох гэрэлт цамхагийг 50 метр өндөрт хийжээ.

1890-ээд оны үед цамхгийг буулгах тухай яриа ажил хэрэг болохын даваан дээр аз болоход радио хэмээх гайхамшиг бий болж түүний антенийг өндөрт байрлуулах шаардлага гарснаар цамхгийг буулгах тухай тэр аймшигт саналаас аргагүйн эрхээр татгалзсан. Одоо болтол цамхагт радио, зурагт, радарын албаны антенн битүү байрлуулсан гэхэд хилсдэхгүй.
Эйфелийн төслөөр хийсэн цахилгаан шатууд бараг хагас зуун жил эвдрэлгүй ажиллаж байснаа германы фашистууд Парис хотыг 1940 оны зургадугаар сард эзэлсний дараахан гэв гэнэт ажиллахаа больжээ. Берлинээс дуудан ирүүлсэн цахилгаан шатны шилдэг мэргэжилтнүүд ч учрыг олж засаж чадахгүй байсан учир цамхаг дөрвөн жил шахам хаалттай байсан билээ.

Гэвч Парис хот чөлөөлөгдсөний дараа хуучин механикч нь доош зоорь руу бууснаас хойш ердөө л гучин минутын дараа цахилгаан шатууд дахин ажиллаж чөлөөлөгдсөн Парисийнхны баяр хөөрийг улам нэмж байжээ. 1944 оны наймдугаар сарын 25-ны өдөр цамхаг дээр Франц улсын гурван өнгөт далбааг мандуулснаар Эйфелийн цамхаг тус улсын билэг тэмдэг болсон төдийгүй одоог хүртэл дэлхийн хосгүй гайхамшгуудын тоонд орсоор байна.
Дашрамд сонирхуулахад, цамхгийг бүтээсэн гайхалтай түүхийг хамгийн дээд давхарт нь хананд шигтгэн бичсэн байдаг бөгөөд зохион бүтээгч Эйфелийн лаан баримлыг мөнхжүүлэн залсан байдаг аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж