ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологи, дизайны сургуулийн багш нар ХБНГУ-тай хамтран нанотехнологийн аргаар ус, тос үл нэвтэрдэг, өөрийгөө цэвэрлэх чадвартай нэхмэл материал гарган авчээ. ШУТИС-ийн ҮТДС, Нэхмэлийн хүрээлэнгийн профессор, доктор Р.Мядагмаа тэргүүтэй эрдэмтэн, судлаачид цахиурын хэт ислээр “PP nonwoven” хэмээх бодис гарган авч түүнийхээ уусмалаар нэхмэл даавуун материалыг ус чийг шингээж, өөрийгөө цэвэрлэдэг, байгальд ээлтэй, өнгө будгаа алдаж, ганддаггүй, элэгдэж, урагддаггүй, хөлс, үнэрийг гадагшлуулах чадвартай болгон боловсруулан гаргаж авсан байна. Уг даавууг 2005 онд боловсруулж, оюуны өмчөөр бүртгүүлсэн ч одоог хүртэл хэрэглээнд нэвтрүүлж амжаагүй байна. Энэ нь манайд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори, техник хэрэгсэл, түүнийг гаднаас оруулж ирэх санхүүгийн эх үүсвэр байхгүйтэй холбоотой аж. ШУТИС-ийн ҮТДС, Нэхмэлийн хүрээлэнгийн профессор, доктор Р.Мядагмаатай уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.
-Ус, чийг шингээдэггүй, үжирч, урагддаггүй нано даавуу гарган авсан гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-ХБНГУ-д 2000 оноос хойш арав гаруй жил энэ чиглэлээр ажилласан. 2005 онд цахиурын хэт ислээр гарган авсан “PP nonwoven”-ий тусламжтайгаар даавууг бэхжүүлж, өнгө, будгаа алддаггүй, дотоод агаар, хөлс үнэрийг гадагшлуулж, гаднаас тоос, шороо, ус чийг нэвтрүүлдэггүй, галд тэсвэртэй нано даавуу гарган авсан. Энэ даавуугаар манай нөхцөлд гэрийн бүрээс, ногооны байгууламжийн дээвэр, майхан зэргийг хийх боломжтой. Бид эхний ээлжинд гэрийн бүрээс хийж, гурван айлд туршилт явуулж байна. Хөдөөний нэг айлд, хотын агаарын бохирдол, утааны бүсэд амьдарч байгаа хоёр айлд туршиж байна. Жил үргэлжлэх туршилт амжилттай болвол энэ даавуугаар гэрийн бүрээс хийж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой.
-Үүний тулд бодис гаргаж авах лаборатори, үйлдвэр гээд олон зүйл шаардагдах байх. Үүнийг яаж шийдэх вэ?
-Нанотехнологийн лаборатори, үйлдвэр, оёдлын цех гэх мэт технологиуд хамгийн түрүүнд хэрэгтэй болно. Эдгээрийг Герман болон бусад орноос оруулж ирэх төсөл боловсруулаад байна. Эхний ээлжинд ШУТИС-ийн ҮТДС-ийн шугамаар оруулж ирэхээр ярьсан. Үйлдвэрлэл маань өсөж, амжилттай байвал төр засгаас дэмжих байх. Дээрх технологийг оруулж ирэхэд тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Бид зөвхөн гэрийн бүрээс бус барилгын дулаалгын материал гарган авна. Галд тэсвэртэй, дулааныг энгийн материалаас хэд дахин илүү ялгаруулах чадвартай нь туршилтаар батлагдсан.
-Та бүхний гаргасан энэ бодисоор хувцас болон ахуйд хэрэгтэй материал хийж болох уу?
-Гаднын олон оронд үүнийг туршиж, хийж үзэж байна. Магадгүй хувцас үйлдвэрлэхийг үгүйсгэх аргагүй. Бид ШУТИС-ийг түшиглэн "Start Up" нэртэй үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь өдөрт 100-200 метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцоолж байна.
-Энэ нь эдийн засгийн хувьд хэр ашигтай бол?
-Маш их ашигтай. Өнгө үзэмжээ алдахгүй, цоорч, элэгдэж урагдахгүй гэх мэт давуу талууд нь олон удаагийн хэрэглээг хязгаарлах эдийн засгийн үр өгөөжтэй. Өнгө, үзэмжээ алдахгүй, урагдаж, цоорохгүй гэх мэт хэлж байгаа бүхнийгээ бид өнгөрсөн арван жилийн хугацаанд олон өдөр, сарын турш туршсан учир хэлж байгаа юм. Түүнээс биш таамаг төдийгөөр хэлээгүй юм шүү. Манай улсын нийт иргэдийн 70 гаруй хувь нь монгол гэрт амьдардаг. Монгол гэрт амьдарч байгаа өрхүүд жилд 2-3 удаа гэрийн цавагаа солидог нь судалгаанаас ажиглагдсан. Эдгээрийн нэг ширхэг тутмын үнэ нь 120-270 мянган төгрөг. Мөн бороо, цаснаас хамгаалх брезент хэрэглэдэг. Брезент нэг ширхэг нь 80-170 мянган төгрөг байдаг. Харин нанотехнологийн аргаар гарган авсан бүрээсийг бид 120-250 мянган төгрөгөөр худалдаанд гаргана. Энэ бүрээсийг хэрэглэхэд брезент шаардлагагүй. Энэ мэт эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй.
Үүний дараа байгальд ээлтэй ариутгалын бодисыг хэрхэн гарган авсан талаараа “Монхимо” компанийн ерөний захирал М.Ариунаа илтгэл тавьж, хэрэгжүүлэх гэж буй ажил, төслөө танилцуулсан юм. ҮХШХ-ноос цувралаар зохион байгуулж буй уг хурал нь өндөр технологий, инновацийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт, санхүүжилт олгох, инновацийн нэгдсэн сантай , хуультай болох, нанотехнологийг даруй монголдоо нутагшуулах зорилготой юм. Мөн төрөөс дэмжих, хамтран ажиллах төслийг шалгаруулах юм.
Нано болон бусад өндөр технологийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний талаар бид үргэлжлүүлэн сурвалжилж, сонирхолтой ярилцлага, төслүүдийг танилцуулах болно.
Эх сурвалж: http://mongolianeconomy.mn