Тэмцээний бага насны ангилалд Өмнөговь аймгийн Баяндалай сумын эрэгтэй, Завхан аймгийн эмэгтэй баг, Дунд насны ангилалд Нийслэлийн 48-р дунд сургуулийн эрэгтэй баг, Спорт сургуулийн эмэгтэй баг тамирчид, Ахлах насанд Орхон аймгийн эрэгтэй, Дорноговь аймгийн эмэгтэй баг 1-р байранд шалгарч алтан медаль, аваргын малгай футболк, 2.000.000 төгрөг үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Үүнээс гадна тэмцээний шилдгийг шилдэг нэг тоглогч АНУ-ын NBA-ын playoff-ын тоглолтыг үзэх эрхийн бичгээр шагнагдлаа. Түүнчлэн энэ өдрүүдэд ОХУ-ын Уфа хотноо болж байгаа Олимп, Дэлхийн аварга Сергей Беловын нэрэмжит олон улсын хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээнд нийслэлээс шалгарсан "Мөрөөдлийн баг"-ийн тамирчид оролцож байна.
“Мөрөөдлийн баг”-ийн шилдгүүд тодорлоо
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээнийг АНУ-ын NBA-ийн од, супермэн хочит Двайт Ховард ирж нээж байсан нь саяхан. Тэгвэл найман сарын турш манай улсын бүх аймаг сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй мянган хүүхэд багачууд аваргын төлөө өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсны эцэст өчигдөр “Мөрөөдлийн баг”-ийн аваргууд тодорлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шилдгүүдэд шагнал гардуулах ёслолд оролцож, хэлсэн үгэндээ “Хүн бүр мөрөөдөлтэй. Гагцхүү мөрөөдлөө биелүүлэхийг тулд эрүүл чийрэг бие бялдартай байх нь чухал. Тиймээс бид сагсан бөмбөгийн спортоор дамжуулан нийтийн биеийн тамир, хүүхэд залуучуудынхаа эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлэх өсвөр үеийнхний авьяас чадварыг нээн илрүүлэх үүднээс Ерөнхий сайдын хувьд, спортод хайртай хүний хувьд энэхүү санаачилгыг гаргасан юм гэдгээ хэлсэн юм. Мөн тэрээр “Мөрөөдлийн баг”-ийн тэмцээнд 300 мянга гаруй хүүхэд идэвхтэй оролцсон нь хүүхэд багачууд маань спортоор хичээллэх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байна гээд нийт багш дасгалжуулагч тамирчдадаа талархаж байгаагаа илэрхийллээ. Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгаас идэвхитэй оролцож, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор Завхан аймгаас ирсэн баг тамирчид шилдгээр шалгарсан нь орон нутагт энэхүү спортоор амжилт гаргах үндэс суурь байгааг илтгэж байна хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн баг дасгалжуулагчид үндэсний хэмжээнд зохиогдож байгаа тэмээнд 30 жилийн дараа аймгаа төлөөлөн оролцож байгаадаа баяртай байна” хэмээн онцлов. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр баг тамирчид “Мөрөөдлийн баг” хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байх санаачилгыг гаргасныг Монгол Улсын Ерөнхий сайд дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.