Тагнуулчид томоохон дуулиантай

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Тагнуулчид томоохон дуулиантай

Картахений олон улсын саммитаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн аюулгүй байдлыг хариуцсан Америкийн тусгай албаны ажилтнууд 20 колумби биеэ үнэлэгч нарыг арга хэмжээ эхлэхээс нэг хоногийн өмнө буудалд урьсан хэрэг Цагаан ордны хаягаар ихээхэн шүүмжлэл дагуулав. Гэхдээ Обамагийн захиргааны гол шүүмжлэгчид болох бүгд найрамдахчууд түүний өмнөх Жорж Бушийн үеэр тусгай албаныхан үүнээс ч илүүтэй “алдаа” гаргаж байсныг дурссангүй. Сүүлчийн дуулианууд дэлхийн ямар ч тагнуулын алба “хүний хүчин зүйлийн” нөлөөнөөс баталгаагүйг харуулж байна.

Колумбийн дуулианд тусгай албаны 11 ажилтан, цэргийн албан хаагч 12 хүн оролцсон байв. Одоо мэдэгдэж байгаагаар тэд хотын төвийн, түүхэн хэсэгт  ажилладаг 20 биеэ үнэлэгчийг буудалдаа урьжээ. Дараа нь нэг биеэ үнэлэгч болон тусгайн ажилтнуудын хооронд маргаан гарчээ. Амласан 800 ам.долларын оронд биеэ үнэлэгчид 30 ам.доллар авснаас үүссэн маргаан америкчуудын нууцыг олны хүртээл болгосон байв. Гучин ам.доллар авсан биеэ үнэлэгч буудлын өрөөг сүйтгэж эхэлсэн дуу чимээнээс энэ хэрэг илэрсэн гэнэ.

Обамаг Колумбиас буцан ирсний дараа Цагаан ордон нууцын гурван ажилтанг халаад тэдний хэргийг сайтар мөрдөн байцаахаар болсноо зарлав. Үүний улмаас бүгд найрамдах намын Митт Ромни Обамагийн хаягаар ихээхэн шүүмжлэл өрнүүлэв. Массачусетс мужийн захирагч асан, энэ жилийн сонгуулиар Обаматай өрсөлдөх нь гарцаагүй болоод байгаа хүн хэргийн хариуцлагыг Обамад үүрүүлэв. Өмнө нь хэвлэл мэдээлэл анхаараагүй гэх бас нэг хэргийг Ромни гарган тавьжээ.

Холбооны албадын санхүүжилтийг хариуцсан АНУ-ын Нийтлэг албаны захиргаа төсвийн мөнгийг зориулалтаар ашиглаагүй тухай энд өгүүлсэн байлаа. Энэ гуравдугаар сард тэдний 300 хүний семинар зохион байгуулан 823 мянган доллар зарлагдсан хэрэг Конгресс ба хэвлэлийнхэнд ил болсон байв. Арваннэгдүгээр сарын семинарын үеэр үнэтэй бэлэг сэлт өгснөөс галдна тэдэнд зориулсан зугаа цэнгээний ажилд захиргаа нь мөнгө хайрласангүй байв. Энэ сургалтын үеэр тэднийг дөрвөн одтой буудалд хүлээн авсан байжээ. Семинарын дараа интернэтээр хөгжмийн клип гарч зарлагын талаар өгүүлсэн юм. Захиргааны дарга Марта Жонсон, хоёр орлогчийнхаа хамт энэ хэргийн улмаас огцорсон байлаа. Эдгээр дуулианы улмаас Обамаг улсын аюулгүй байдал болон улсын хөрөнгөнд цэвдэг хандлаа гэж Ромни шүүмжилжээ. Обамагийн өмнөх Жорж Бушийн үед ч тусгай албаныхны үүнээс илүүтэй дуулиан өмнөх сонгуульд нь сөрөг нөлөөгөө үзүүлсэн юм. Жишээлбэл, Тагнуулын төв газрын тэргүүн Майкл Хайден 2008 онд түүний албаныхан “байцаалтын өргөжүүлсэн техник” гэдгийг ашиглан тухайлбал ус цутгах мэтээр харгислан байцааж байсныг Конгресст хэлэн хүлээн зөвшөөрч байлаа. Тэр нь эргээд хэвлэл мэдээллээр Гуантанамагийн шоронгийн тухай цуврал нийтлэлийг гаргасан юм. 2002 онд байгуулагдсанаас хойш уг шоронгоор хэдэн зуун террористууд дамжин өнгөрчээ. Тэр жилдээ тамлан байцаах ажиллагааг ерөнхийлөгч ба дэд ерөнхийлөгч хоёр биечлэн мэдэж байсан нь тодорхой болсон байв.

Их Британид тамлан байцаах дуулиан нь огт өөр салбарт тодорсон байлаа. 2008 онд “Формула-1” ба олон улсын авто эвслийн тэргүүн Макс Мослийг нацист хувцастай таван бүсгүй садомозахист зугаагаар “тамлан байцааж” байв. Сексийн энэ “тамлалт” таван цаг үргэлжилжээ. Макс Мосли нь Британийн фашистуудын холбоог 1930-аад онд үндэслэгч Освальд Мосли хүү байсныг хэвлэл хэлэхээ мартсангүй. Хожим Мослийн секс тамлалтыг Британийн MI5 гэдэг тагнуулын дотоод албаны нэгэн ажилтны эхнэр хэвлэлээр тараасан болж таарав. Тэр эмэгтэйн нөхөр нууц албанаас огцорсон байлаа. Өнгөрсөн жил тодорхой болсноор Британийн тагнуулчид нууц мэдээллийг хэвлэлд худалддаг байжээ.

Британийн гадаад тагнуулын MI6 алба хэт нээлттэйгээсээ нэлээд дуулианд орж байв. 2009 онд тус албаны шинэ даргын эхнэр гэр бүлийн амралтаа Facebook-д тавьсан байв. Зургуудад нь нууц гэгдэх нэгэн байрны зураг ба дотор талын байрлалаас гарсан байлаа. Ажилдаа хараахан орж амжаагүй байснаас Соерс тушаалдаа үлдсэн юм. Оросын тагнуулчдын сүлжээг 2010 онд АНУ-д илрүүлсэн байв. Америкийн нутаг дэвсгэрт баривчлагдсан дараа нь нутаг буцаагдсан 10 хүний хэрэг Оросын тагнуулын алба  ихээхэн хуучирснийг харууллаа гэж америкчууд бичиж байлаа. Холбооны аюулгүйн албаны сайтад тавигдсан видеоноос харвал тэд баримт мэдээгээр хүнгүй газар бие биендээ дамжуулж, мөнгөтэй чемоданаа цэцэрлэгт газарт булж байгаа нь харагдаж байлаа. Дээр үеийн тагнуултай кино шиг. Тэр хэрэг АНУ, Англид л нэлээд шуугиан гаргасан билээ. Учир нь Оросын тагнуулч улаан шаргал үстэй Анна Чапман гэдэг эмэгтэй сонирхолтой задгай зураг, видео хайрын адал явдлаа үлдээсэн нь олны сонирхлыг хөөрөгдсөн юм.

Орост дараа нь ерөнхий сайд Владимир Путин тагнуулчидтайгаа уулзан цуг дуулж, тэдэнд сонирхолтой амьдралыг эх оронд нь амласан байдаг. Гэхдээ тэдний дуулиан тэгс хийгээд унтарсан юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж