“Рио Тинто”-гийн хувьд “Оюутолгой” төсөл л хамгийн их сонирхлыг нь татаж буй юм. Тиймдээ ч Айвенхоу-гийн Саутгоби дахь 57.6 хувийн эзэмшлээ “Чалко”-д зарах гэж буй явдал нь “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй харшилдахгүй гэж мэдэгдээд байна.
Канадын Саутгоби Ресурс-ын эзэмшдэг Монгол дахь компани Саутгоби Сэндсийн хувьд Монголд хэрэгжүүлж буй нүүрсний гурван төслийнхөө хүрээнд 700 гаруй сая тонн нүүрсний нөөц илрүүлжээ. Эдгээрийн яг хэдэн хувь нь коксжих нүүрс гэдэг нь одоогоор тодорхойгүй.
“Mongolia Mining 2012” олон улсын уул уурхайн техник технологийн үзэсгэлэн “Мишээл экспо” төвд хоёр өдөр гарсанн бөгөөд Монголоос гадна БНХАУ, Австрали, АНУ, Канад, ОХУ, Их Британи, Канад, Швейцарь, Испани, Польш, Чех, Казахстан, Индонези, Турк зэрэг орны нийт 80 гаруй компани оролцлоо. Уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр жил бүр өсч, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг, экспортын бүтээгдэхүүний 85 орчим хувийг тус тус бүрдүүлж байна. Сүүлийн 10 жилд алт олборлолт 17 дахин, зэс-молибдений хүдэр олборлолт 32 хувь, хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэлт 15 хувиар тус тус өссөн. Монгол Улс 1995 онд 4.8 сая тонн нүүрс олборлож байсан бол 2011 онд 30 сая тонн нүүрс олборлосон байна. Дэлхийн хамгийн том зэс алтны нөөцүүдийн нэг болох Оюутолгой төсөл дээр Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компаниудтай 2010 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш бүтээн байгуулалтын ажил эрчтэй явагдаж энэ оны сүүлээр бүтээгдэхүүн гаргаж эхлэх гэж байна. Тавантолгойн нүүрсний томоохон бүлэг ордууд ашиглагдаж эхэлсэн бөгөөд цаашид стратегийн томоохон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж эхэлснээр Монгол Улс нүүрс, эрчим хүчний томоохон экспортлогч улс болох боломж бүрдэх юм хэмээн зохион байгуулагчид нь тайлбарлав
Уул уурхайн олборлолт хайгуулын ажлаас гадна томоохон уурхайнуудыг зах зээлтэй холбох дэд бүтцийг бий болгох нь зайлшгүй бөгөөд энэ нь олон улсын техник, технологи нийлүүлэгчдийн хувьд бизнесийн чухал боломж юм. Монгол улсын засгийн газар 2020 он гэхэд 2,500 км хатуу хучилттай авто зам, 5,500 км төмөр зам барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ төслүүдэд дор хаяж таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Оюутолгойн уурхайд гэхэд өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэр, түүнд шаардагдах дэд бүтэц, цахилгаан станц, байнгын ажиллагаатай нисэх буудал, гол замуудтай холбосон авто болон төмөр зам барихад дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж.
Тиймээс “Mongolia Mining 2012” үзэсгэлэнгийн гол зорилго өсөн нэмэгдэж байгаа зах зээлийн хэрэгцээнд нийцсэн техник технологийг Монголын зах зээлд танилцуулахад чиглэгдлээ. “Mongolia Mining 2012” үзэсгэлэн нь уул уурхайн олборлолт хайгуулын ажил явуулж байгаа компаниуд төдийгүй барилгын салбар, барилгын материал үйлдвэрлэгчид, эдгээр салбарт бүтээгдэхүүн нийлүүлэгч худалдааны компаниуд, бизнес эрхлэгчдийн хувьд хол явж цаг зарахгүйгээр шинэ технологи олж авах, шинэ хамтын ажиллагааны эхлэлийг тавих сайхан боломж бүрдэж байгаа хэрэг гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцлов.