Монгол улсын мал 50 саяд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Монгол улсын мал 50 саяд хүрнэ

Хөдөөгүүр сонин юу байгаа бол. Салбарын яамныхнаас энэ асуултад доорх хариултыг өгч байна. Хөдөөд нялх төлийн дуу ид цангинаж буй. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээгээр энэ жил Монгол Улс 15 сая толгой төл хүлээн авна гэсэн тооцоог гаргажээ. Улсын хэмжээнд малчид шинэ төлийнхөө 70 гаруй хувийг хүлээн авсан бөгөөд нялх төлийн хорогдол урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгааг салбарын яамны мэргэжилтнүүд нь ярьж байна. Сүүлийн жилүүдэд малчид өвөл, хаврын бэлтгэлээ маш сайн базаадаг болсон болохоор төлийн хорогдол бага гарах болсон гэв. Гэхдээ өнөөдрөөс зарим аймгуудад цаг агаар эрс хүйтэрч, цас орж +20 хэмээс -3 хэм рүү орох төлөвтэй байгаа учир малчид аль болохоор бэлтгэл сайтай байхыг анхааруулсан. Зарим аймгуудад хаваржилт хүндэрч болзошгүй байгаа учраас  Засгийн газар хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл малчдад хүргэж өгөх ажлыг зохион байгуулж буй. Гэхдээ гарсан төлийн 93 орчим хувь нь эсэн мэнд бойжиж байгаа гэнэ. Энэ жил зүүн бүсийн аймгуудын мал нэлээд оройтож төллөсөн аж. Энэ жил манай улс 15 саяас доошгүй төл хүлээн авснаар малын тоо толгой 50 саяд хүргэх юм байна. Өнгөрсөн жил Монгол Улс 40 сая толгой мал тоолуулсан нь өмнөх 2010 онтой харьцуулахад дөрвөн саяар мал өссөн байна. Байгалийн гамшиг бага нүүрлэсэн нь ч малын өсөлтөд сайнаар нөлөөлсөн гэнэ лээ. Цаашлаад малчид малаа тэр болгон нядлахаа больсон, ноос ноолуур, түүхий эдийн үнэ ханш өссөн зэрэг нь малын тоо толгойн  өсөлтөд сайнаар нөлөөлжээ.

Махны үнэ өсч, ноолуурын үнэ бууна

Харин одоо хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн үнэ, тодорхой хэлбэл махны нийлүүлэлтэд анхаарч, нийлүүлэлтийн асуудлаа шийдвэрлэх шаардлага хөдөө аж ажуйн салбарт тулгамдаж буй гол асуудал болоод байгааг ч албаны хүмүүс нуусангүй. Хэдийгээр жилээс жилд Монголын малын тоо толгой өсч байгаа ч дотоодын зах зээлд зарагдаж буй махны үнэ өдрөөс өдөрт өсч байна. Үүнийгээ махны худалдаачид нийлүүлэлтийн хомсдолтой холбон тайлбарлаж буй. Учир нь цагаан сараас хойш хотод зарах махны нийлүүлэлт багассан гэнэ. Махны нийлүүлэлт буурсан шалтгааныг малчид малаа зарах сонирхол буурсан, шаардлага багассантай холбон тайлбарлаж буй. Үнэндээ ч сүүлийн жилүүдэд малчдад малаа нядалж зарах ямар ч шаардлагагүй болсон, хөдөөд ядуурал эрс буурсныг Дэлхийн банкнаас гаргасан судалгаанаас олж харж болно. Төрөөс махны нийлүүлэлтийг сайжруулах, махны үнийг тогтворжуулах үүднээс нөөцийн махыг худалдаанд гаргадаг ч энэ  нэмэр болохоосоо илүү нэрмээс болдгийг ч махны ченжүүд нуудаггүй. Албаны хүмүүс  нөөцийн махны үнийг тогтворжуулж чаддаггүй. Нөөцийн махыг ч нийслэлийн ядуу иргэдийн хэрэгцээнд зориулж гаргадаг болохоос махны үнийг тогтворжуулах бодлогоор бэлтгэдэггүй юм байна. Хэдийгээр мал төллөж бүрэн дуусаагүй ч зарим аймгийн малчид ямаагаа самнаад эхэлчихсэн гэнэ. Энэ жил нэг килограмм ноолуур 100 мянгад хүрнэ гэсэн шум дэгдэж, Ноос, ноолуурын холбооноос үүнийг үгүйсгэж байсан. Энэ сарын ихээр нэг килограмм ноолуур 70 мянган төгрөг байсан бол “Эмээлт” зах дээр өнөөдрийн байдлаар 45 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Цаашлаад ноолуурын үнэ улам буурна гэдгийг ч ченжүүд баталсан. Учир нь энэ хавар хятадууд Монголоос ноолуур худалдаж авах нь багассан гэнэ. Өнгөрсөн жил тэд хэтэрхий өндөр үнээр малчдаас ноолуур худалдан авч, үндэсний үйлдвэрүүдийг хөлдөө чирсэн ч өөрсдөө багагүй шатсан юм байх. Тэгээд ч Хятадын Засгийн газар боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих үүднээс багагүй мөнгөн тусламж өгдөг байсан бол энэ жилээс санхүүжилтээ хумисан аж.

 Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамныхан ноолуурын үнэ буурсан шалтгааныг дэлхийн зах зээлтэй холбон тайлбарлав. Дэлхийн зах зээлд бохир ноолуурын үнэ 100 орчим ам.долларын үнэтэй байгаа. Энэ жилээс ноолуурын үнийн уналтын жил эхэлж байгаа нь Монголын дотоодын зах зээлд нөлөөлсөн гэв. Харин үндэсний үйлдвэрүүдэд өнгөрсөн жил Засгийн газар 100 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлснээр ноолуурын худалдаанд өрсөлдөх чадвар нь сайжирсан гэсэн шүү. Хүнс хөдө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн бас нэг мэдээлэл нь хаврын тариалалт ирэх сарын 15-даас эхлэх бололтой. Энэ жил нийтдээ 320 мянган га талбайд улаанбуудай тариалах юм байна. Хаврын тариалалтад  зориулж нөөцөлсөн шатахуунаа 50 хувийн урьдчилгаа зээлээр тариаланчдад тарааж эхлээд байгаа аж.

Н.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж