Жүжгийн зохиолыг “Шилдэг өнгө” продакшны захирал Ц.Хүсэлбаатар бичиж, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Бат-Өлзий ажиллаж, жүжигчин С,Өлзийхүү маркетингийн ажлыг хариуцан ажиллажээ. Жүжгийн гол дүрүүдэд СУИС-ийг энэ жил жүжигчний мэргэжлээр төгсч буй залуу уран бүтээлчид голлон ажилласан бөгөөд жүжигчин Д.Бямбацогт, Б.Навчаа, Г.Золбоот нар оролцон тоглосон байна.
Жүжиг их сургуулийн төгсөх дамжааны оюутнуудын хавар цагийн үйл явдлаар эхэлнэ. Хонхны баяр гээд хүн бүр хөөрцөглөн догдолжээ. Ангийн багшийн хамт хотоос зайдуу, цэвэр агаарт салхинд гарахаар явсан тэд оюутан цагийн дөрвөн жилийн дурсамжаа ярин инээлдэж, зарим нь хуучин дурсамждаа тунирхан гоморхоно. Гэвч тэдний хонхны баярын зугаалгад тооцоолоогүй гэнэтийн зочид айлчилснаар үйл явдал улам ч халуухан болж өрнөнө. Багш тэр бүр самбарын өмнө заагаад байдаггүй хүн чанар, ёс суртахууны тухай тэд аглаг хээрт суралцдаг.
Зөвхөн өөртөө нуусан үнэнч хайраа дэлгэн аз жаргалд умбах нэгэн байхад, басхүү найз нөхдийн үерхлийн үнэ цэнэ хаана төгсч болдгийг ч харуулснаараа ач холбогдолтой болжээ. Хүн өөрөө л амьдралаас суралцдаг, тиймээс хүний амьдрал тэр чигээрээ хичээл юм гэдгийг жүжгийнхээ гол санаа болгон харуулжээ. Хоёр цагийн турш үзэгчдийг дуу алдуулж, инээлгэж чадсан “Амьдрал өөрөө хичээл” жүжиг үзэгчдийн харамгүй алга ташилтаар өндөрлөсөн.
Жүжгийн нээлтийн дараа тус жүжгийн найруулагчаар ажилласан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Бат-Өлзийтэй уулзлаа.
-Шинэ уран бүтээлээ толилуулсанд баяр хүргэе. Үзэгчид халуун дотноор хүлээн авлаа. Жүжгийн нэрнээс эхлээд л их сонирхол татаж байлаа?
-Ц.Хүсэлбаатарын зохиолоор бичсэн, залуучуудын ёс суртахуун, хүн чанарын тухай сэдэвтэй жүжиг. Хүний мөс чанар гэж юу байдгийг их, дээд сургуулийн багш нар тэр бүр самбарын өмнө хэлж, зааж чаддаггүй шүү дээ. Харин энэхүү жүжигт анги хамт олон зугаалгаар явж байгаад тохиолдлоор таагүй зүйлтэй учирч, үүгээр хүний мөс чанарын тухай зааж, заалгаж буй тухай өгүүлж байгаа юм. Залууст сургамжтай байх болов уу гэдэг үүднээс тайзнаа дэлгэн харууллаа.
-Гол дүрийн жүжигчдийн сонголтод залуу жүжигчид давамгайлсан харагдаж байсан?
-Дандаа залуу жүжигчид, тэр тусмаа энэ жил СУИС-ийн кино драмын ангийн төгсөх дамжааны оюутнууд байгаа. Ерөнхийдөө оюутны ширээнээс дөнгөж гарч байгаа шингэн цустай, авьяастай залуустай ажилласан. Надад ч гэсэн тэдэнтэй ажиллахад сайхан байлаа.
-Танай продакшн эдгээр залуу уран бүтээлчдээр эгнээгээ шинэчилнэ гэж ойлгож болох уу?
-Тэгж болно шүү дээ. Оюутнууд өөрсдөө сайн ажиллах юм бол манай хамтлагийн жүжигчин болж болно. Тэдэнд нээлттэй.
-Жүжгийн бэлтгэл хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?
-Сар гаруй хугацаанд бэлтгэсэн. Өмнө нь голдуу хошин шоу тоглолт тавьдаг байсан бол энэ удаад өөрсдийн гэсэн жүжиг тайзнаа тавилаа. Бэлтгэл хийх байр сав дутагдалтай, бэрхшээл гарах үе байлаа. Аль олдсон онгорхой сав болгонд л бэлтгэлээ хийж байсан. Жүжгийн бэлтгэл гэдэг тайз, гэрэл гээд массыг хамарсан бүтээл байдаг. Гэтэл бидэнд эдгээрийг бүгдийг бүрдүүлж чадах орчин байхгүй явсаар жүжиг нээхийн өмнөх өдөр МҮЭСТО-нд гэрэл, хөгжмөө тавьж, нийлүүллээ. Гэхдээ энэ бол асуудал биш. Хамгийн чухал нь шинэ уран бүтээл маань үзэгчдэд хүрсэн гэж бодож байна. Жинхэнэ театр гэсэн статустай байгууллагад жүжгээ тавьсан бол үзэгчдэд илүү хүрэх байсан болов уу гэх бодол төрж л байлаа.
“Амьдрал өөрөө хичээл” жүжиг хэдий хүртэл үзэгчдийн хүртээл болох вэ?
-Ирэх тавдугаар сар гартал тоглох бодолтой байна. Хамгийн гол нь энэ жил сургуулиа төгсч байгаа сурагч, оюутнууд ирж үзээсэй гэж бодож байна. Анги хамт олноороо ирээд үзэхэд 400 хуудастай роман унших хэмжээний оюуны таашаал, мэдрэмж аваад гарах болов уу.