Тоглолтын турш М.Бадрах, Квентин Паттин, Кемарли Уилльямс, Марко Павлович, Т.Санчир, Роберт Перри гэсэн тоглогчид үзэгчдийг баясгасан, уран гоё үзүүлбэрүүдийг тоглолтын дундуур хийж байсан юм. Сагсан бөмбөгийн хорхойтнууд болон нийт тэмцээнд оролцож байгаа тамирчдад амжилт хүсэхээр дуучин С.Наран, Т.Дэлгэрмөрөн нар ирж, ая дуугаа өргөсөн. Тэд сагсан бөмбөгийн арга хэмжээнд анх удаагаа оролцож буйгаа онцлон хэлж байлаа.
Бүх оддын тоглолтын үеэр үзэгчдийн дунд “Tower Construction”-ы нэрэмжит сонирхолтой тэмцээн явуулж, ялагчдад дурсгалан зүйл болон 200 мянган төгрөгийг шагнал өгсөн нь сюрприз байлаа. Энэ жилийн “Бүх оддын тоглолт”-ын хөтөлбөрт ур чадварын тэмцээн багтаагүй. Гэхдээ холын зайн шидэлт болон цагариг дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээн сонирхолтой болсон.
Холын зайн шидэлтийн тэмцээнд таван тоглогч оролцсоноос “Баянзүрх Буллс” багийн Ц.Азбаяр, “TLG 13” багийн Э.Дөлгөөн, “Хасын Хүлгүүд” багийн Т.Санчир нар шигшээд шалгарч үлдсэн. Гэхдээ шигшээд Т.Санчир, Э.Дөлгөөн нар маш муу шидэж, харин Ц.Азбаяр таван цэгээс 15 оноо авснаар аваргаар тодорч, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэрээ тодоор бичиж үлдээх эрхтэй болсон юм. Тэрбээр холын зайн шидэлтийн тэмцээнд ийнхүү гурав дахиа аваргалсан анхны тамирчин болов.
Харин цагариг дээрээс довтлох үзүүлбэрт Квентин Паттин, Роберт Перри, Лечестэр Фергюсон, Т.Санчир нар оролцсон. Тамирчид эхний шатанд тус бүр хоёр үзүүлбэр үзүүлж, шүүгчдээс хамгийн их оноо авсан “Офицерууд” багийн лигионерүүд болох Перри, Паттин нар шигшээд үлдсэн. Гэхдээ шигшээд Паттин илт илүү байлаа. Түүний хийсэн үзүүлбэрүүд өмнө нь Монголын сагсан бөмбөгт төдийлөн харагдаагүй уран гоё үзүүлбэрүүд байж чадсан. Ийнхүү “Tower Construction” компанийн нэрэмжит шагнал болох өргөмжлөл, нэг сая төгрөгийн шагналын эзнээр Квентин Паттин тодорсон юм. Дашрамд сонирхуулахад, “Tower Construction” компанийн ерөнхий захирлаар лигийн тэргүүн тоглогч, “Баянзүрх Буллс” багийн төвийн тоглогч О.Сайнбаяр ажилладаг юм.
Энэ үеэр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат ирж, 2010 оны Азийн наадамд амжилттай оролцсон С.Баярцогт дасгалжуулагчтай шигшээ багийн тамирчдад тус холбооны тэргүүн дээд шагнал “Хөдөлмөрийн алдар” медаль гардуулсан.
Мөн МСБХ-ны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан холбооны зүгээс Монголын сагсан бөмбөгийн ахмад тамирчдад талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.