
“Хоггүй Улаанбаатар” аяныг бодитой, үр дүнтэй явуулахын тулд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, үйлчилгээний газруудыг ажиллуулаагүй юм. Энэ шийдвэр ч үр дүнгээ өгч өдрийн 13.00 цаг гэхэд хотын төвийн гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрхэн болов. Хог хаягдал, хур хог хамгийн ихээр хуримтлагдсан захын хорооллуудад ч хог цэвэрлэх аян өрнөж байв. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт тус бүр нь 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван газарт хур хог цэвэрлэж байв. Тус дүүргийн нутагт орших үерийн даланг “Амьдрах ухаан сургалтын төв”-ийнхөн цэвэрлэж бүртийх ч хоггүй болгож байсан. Гэр хорооллын иргэдийн хашаанаасаа гаргаад овоолсон үнс нурам, хог новшийг ч энэхүү цэвэрлэгээгээр ачиж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 8 цэргийн ангид алба хааж буй цэргүүдийг энэ ажилд хамруулжээ. Хогноос салах хотын даргын захирамжийг Сонгинохайрхан дүүргийн томоохон аж ахуй нэгжүүд дэмжиж 10 компани хог ачих машин гаргаж, тус бүр 2-3 удаагийн рейсийг даахаар болжээ. Ийнхүү “Хоггүй Улаанбаатар” бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргүүд болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудаас гадна дунд сургуулийн сурагчид идэвхтэй оролцож орчин ахуйгаа цэвэр цэмцгэр байлгахын төлөө ажиллав.