Францчууд ерөнхийлөгчөө сонгоход бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

Францчууд ерөнхийлөгчөө сонгоход бэлэн болжээ

Францад ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалт өнөөдөр эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 10 өрсөлдөгч нэрээ дэвшүүлсэн. Сонгуулийн эхний санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нь ч 50-аас дээш хувийн санал авч чадахгүй бол хоёр дахь санал хураалтыг ирэх тавдугаар сарын 6-нд явуулах юм. Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөж буй Төвийн барууны үзэл баримтлалт Николя Саркози “Франц улсыг хүчтэй болгож чадна” гэж амлаж байгаа аж. Харин түүний хүчтэй өрсөлдөгч нь “Зүүнийхэн Засгийн эрх барих цаг болсон” гэж үзэж буй социалист Франсуа Олланд билээ.

Санал хураах байрнууд Франц, Корсикт орон нутгийн цагаар 08:00-18:00 хооронд ажиллах бол бусад хотуудад үүнээс хоёр цагийн дараа ажиллах юм байна. Сонгуулийн урьдчилсан дүн санал хураах байр хаагдсаны дараа орон нутгийн цагаар 20:00 цагт гарч эхлэх гэнэ.

2007 оны сонгуулиар сонгогдсон одоогийн Ерөнхийлөгч Николя Саркози тус улсын төсвийн хатуу бодлогыг эргэн харна гэж амлаж байгаа юм. Учир нь маш өндөр татвараас зайлсхийж тус улсаас гарах хүмүүс нэмэгдэж байгаа аж. Цыганууд болон гадаадын цагаачдын асуудалд хатуу ханддаг Николя Саркози Шенгений орнуудад пасспортын хяналтгүй зорчдог журмыг өөрчилж, Европоос бусад орнуудаас цагаачлагчдын тоог хязгаарлана гэж мэдэгдсэн юм. Түүний хүчтэй өрсөлдөгч Франсуа Олланд томоохон корпорациудын татварыг нэмэгдүүлэх замаар иргэдийн орлогыг жилд нэг саяаас илүү еврогийн орлоготой болгоно гэж амлажээ.  Тэрбээр мөн цалингийн доод хэмжээ болон багш нарын орон тоог 60,000-аар нэмэгдүүлж, зарим салбарт тэтгэврийн насыг 62-60 болгоно гэжээ. Хэрэв Франсуа Олланд Францын ерөнхийлөгч болвол ерөнхийлөгч Франсау Миттеранаас хойшхи зүүний үзэл баримтлалт хоёр дахь ерөнхийлөгч болох юм.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж