“Айвенхоу”-г “Рио Тинто”-гийн хүн удирдана

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

“Айвенхоу”-г “Рио Тинто”-гийн хүн удирдана

Тэрбумтан Роберт Фрийдлэнд “Айвенхоу Майнз” компанийн захирлын албан тушаалаасаа огцорчээ. Учир нь тус компани хөрөнгө оруулагч “Рио Тинто”-той тохиролцоонд хүрч чадаагүй юм. Оны эхээр “Айвенхоу” дахь эзэмшлийн хувиа 51 хувь болгосон “Рио Тинто” Оюутолгойн бүтээн байгуулалтыг алдагдуулахгүйн тулд 1.8 тэрбум ам.долларын хөрөнгийг “Айвенхоу”-д гаргаж өгөх төдийгүй 3-4 тэрбум ам.долларын зээл олгох асуудлыг шийдэх гэнэ. Роберт Фрийдлэндээс гадна “Айвенхоу”-гийн зургаан ч захирал ажлаасаа халагдсан байна. Ингэснээр ТУЗ-ийн дийлэнхийг хараат бус гишүүд бүрдүүлж буй аж. Харин халагдсан Роберт Фрийдлэндийн суудалд “Рио Тинто” компанийн зэсийн салбарыг хариуцсан захирал Кэй Престлиг түр хугацаагаар томилсон байна. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш анх удаагаа тус компанийн хувьцааны ханш 15 хувиар нэг өдөрт өсч ширхэг бүр нь 13.41 канад долларт хүрчээ.

Фрийдланд албан тушаалаасаа татгалзсанаас төд удалгүй хоёр компани хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан байна. Ингэснээр “Рио Тинто” компани “Оюутолгой” төсөлд шаардагдах хөрөнгөөр “Айвенхоу Майнз”-д дэмжлэг үзүүлэхээр болсон аж. Энэ тухай ноён Фрийдланд мэдэгдэхдээ “Энэхүү гэрээг байгуулснаар Оюутолгойг ашиглалтад оруулах гол алхам эхэлж байна гэж ойлгож болно. Оюутолгойг ашиглалтад оруулах мөрөөдлийг биелүүлэхэд “Рио Тинто”-гийн санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсон. Үүний үр дүнд Монголын ард түмэн, Засгийн газар, “Айвенхоу Майнз”-ийн хувьцаа эзэмшигчид хожих учиртай. 17 жилийн өмнө бид байгалийн баялаг хайхаар Монголд очсон. Өмнөговиос алт, зэс, мөнгө, молибдений арвин нөөцөөрөө дэлхийд гайхагдах ордыг нээхэд “Айвенхоу Майнз” болон “Оюутолгой” компанийн ажилтан бүрийн оролцоо чухал байсныг онцлох хэрэгтэй. Харин өнөөдөр “Рио Тинто”-гийн дэмжлэгтэйгээр дэлхийн хамгийн өндөр амжилттай, өндөр хөгжилтэй уурхайг ажиллуулахаар хором мөч бүрийг тоолон хүлээж байна. Уурхай Монголын эдийн засагт эергээр нөлөөлөх төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, монголчуудын үндэсний бахархал болно гэж найдаж байна” хэмээжээ.

“Фрийдланд ажлаа хүлээлгэж өгсөн нь “Рио Тинто” компанид нэг талаараа ашигтай ч, эрсдэл бий болгож байна. Учир нь тэд эзэмшилдээ авч амжаагүй байгаа хувьцаагаа өөрсдөөсөө түлхэж байна. Гэхдээ “Айвенхоу”-г эзлэх сүүлчийн алхмууд үргэлжилж байна” хэмээн Нью-Йоркт төвтэй “Dahlman Rose & Co” санхүүгийн байгууллагын шинжээч Адам Граф дүгнэсэн байна. Роберт Фрийдландын ажлаа өгөхөөс аргагүй болсон учир шалтгааныг энгийнээр тайлбарлавал Оюутолгойн бүтээн байгуулалтад энэ жилд гэхэд 2.1 тэрбум ам.доллар зарцуулах тооцоотой байгаа атал “Айвенхоу Майнз”-ийн дансанд өнгөрсөн сарын сүүлчээр 917.7 сая ам.доллар байсан аж. Тиймээс Фрийдланд энэ сарын эхээр шаардлагатай хөрөнгийг олохоор “SouthGobi resources” компани дахь “Айвенхоу”-гийн эзэмшлийн хувьцааг “Aluminum Corp” буюу “Chalco”-д худалдаж 935 сая ам.доллартай болсон байна. Гэвч шаардлагатай хөрөнгө нь 0.3 саяар сох дутсаныг “Рио Тинто” мэдмэгцээ “Айвенхоу”-д санал тавьжээ. Саналын дагуу Фрийдланд ажлаасаа гарч,  “Айвенхоу”-г “Рио Тинто”-гийн хүн удирдаж эхлэв.

Оюутолгойн бүтээн байгуулалтын өртөг урьдчилан тооцоолж байснаас бараг дөрвөн тэрбум ам.доллараар өсч 13.2 тэрбумд хүрээд буй. Үүнийг шинжээчид хөрөнгө оруулалтын зардлын инфляциас үүдэлтэй хэмээн тайлбарласаар байгаа юм. “Айвенхоу”-д эзэн суух магадлал нь өндөрссөн учир “Рио Тинто” компанийн үнэт цаасны ханш чангарсан байна. Өчигдрийн байдлаар Лондоны хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны үнэ өмнөх өдрийнхөөсөө 0.2 хувиар буюу долоон фунтээр нэмэгдэж 3547 фунт болсон байлаа. Харин он гарсаар хувьцааны ханш нь 26 хувиар суларсан “Айвенхоу Майнз”-ийн үнэт цаасны Торонтогийн хөрөнгийн бирж дэх хаалтын ханш нь 13.49 канад доллар болжээ. Ноён Фрийдландын ажлаасаа гарах болсонтой зэрэгцэн “Рио Тинто“ компани нэгэн мэдэгдэл хийсэн байна. Тэд Казахстан дахь зэсийн ордод 100 сая ам.долларын хөрөнг оруулахаар болсноо зарласан юм.

Дашрамд сонирхуулахад, тус компани нь Испани, Чили, Папуа Шинэ Гвиней, АНУ, Австрали, ӨАБНУ-д зэсийн уурхай эзэмшдэг төдийгүй үйл ажиллагаагаа Монгол, Перу зэрэг орны орд газрыг ашиглалтад оруулан өргөжүүлэхээр ажиллаж буй юм.

А.АРИУНБОЛД

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж