Монголдоо зориулсан богинохон амьдрал

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

Монголдоо зориулсан богинохон амьдрал

Ш.Мягмарсамбуу “Ардчилал” сониныг үүсгэн байгуулагчдын нэг, С.Зориг агсны дотны анд

Ардчилсан, хүмүүнлэг нийгэм байгуулах зорилготой цагаан морин жилийн хувьсгал тайван болсон. Олон хувьсгалын адил түүнд эгзэгтэй мөчүүд учирч байсан ч удирдагчийнх нь хүлээцтэй, далайцтай шинж, түүний нэр төр нь тэр бүгдийг давах боломжийг өгч байлаа. Нэгэн зууны турш бараг тасралтгүйгээр засгийн эрхийг барьж буй МАХН улс орны удирдан чиглүүлэгч хүч гэж байхдаа түүхэндээ анх удаа Төрийн ордныг хамгаалах нэрээр 1990 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр цус урсгах өдөөн хатгалагыг өдүүлсэн юм. Тэр цагт Санжаасүрэнгийн Зориг олны хүлээн зөвшөөрөгдсөн лидер болж амжсан байв. Түүнийг мэдэхгүй хүн үгүй бөгөөд түүний төлөө хэн хүнгүй сэтгэл зовниж байлаа. Хэдхэн сарын дотор олноо зөвшөөрөгдсөн удирдагч л 1990 оны дөрөвдүгээр сард “цуст ням гариг” гарахаас аварсан юм. Эгзэгтэй мөчид талбайд гарч мэдэх байсан мөргөлдөөнөөс С.Зориг “Залуус аа! Бид өдөөн хатгалгад автаж болохгүй. Тайван замын тэмцэл бидний гол зорилго. Ард түмэн биднийг хэн болохыг ширтэн харж байна. Бидэнд, ардчилалд тэсвэр, тэвчээр хэрэгтэй” гэсэн үгээрээ олныг дагуулан, бухимдлыг нь тайлж, тайвшруулж байсан юм. Хэрэв С.Зориг амьд сэрүүн байсан бол 2008 оны долдугаар сарын хэрэг явдал тэгж гарах байсан уу гэх асуудал гарч ирдэг. Төрийн эрхийн төлөө өрсөлдөгч эсрэг намуудын лидерүүд шиг олны бухимдлыг талбайн хоёр талаас өдөөн буцалгах байсан гэж үү? Дөрвөн хүний амиар, хэдэн зуун хүнийг хоригдол болгож байгаад зөвшилцөн эвлэлдэх байсан уу? Хэрэв тэр амьд байсан бол “… Тэр үед хамгийн гол зүйл бол “Бид улс орондоо аливаа өөрчлөлтийг тайван замаар хийх нь чухал” гэсэн бодол салдаггүй байлаа. Зөвхөн 1990 онд ч биш, түүнээс хойш өнөөдрийг хүртэл тэр бодол эрмэлзлэлээ оюун санаандаа өвөрлөж явна…” гэж 1998 оны есдүгээр сард хэлж байсан үгнээсээ хэзээ ч буцахгүй байсан нь тодорхой. С.Зоригийн богинохон бөгөөд гэгээн амьдралыг бидний мэдэх хэд хэдэн үеэр онцолж болно. “Ардчилсан холбооны С.Зориг” гэж хүн бүрт дуудуулж, ардчилсан хувьсгалын удирдагч гэсэн албан ёсны бус олон түмний хүлээн зөвшөөрсөн тэр их нэр хариуцлагыг үүрсэн 1990-ээд он. Тэр үед С.Зоригийн хамгийн анхлан “Үнэн” сонинд өгч байсан ярилцлагаас: …-Танай байгууллага буу зэвсэг худалдан авах, хутга мэс цуглуулах ажил хийж байгаа гэж сонсогдсон. Тэрхүү зэвсэг, мэсийг хэний эсрэг хэрэглэх нь вэ? Тиймдээ хүрч байгаа бол Ардчилсан Холбоо биш алан хядах бүлэг болон хувирч байгаа юм биш үү? -Тэр бол худал цуурхал. Бид буу, зэвсэг авах нь байтугай тэр тухай бодож чадаагүй байна. Ер нь буу зэвсэг худалддаг газар ч байхгүй шүү дээ. Ийм янзын цуурхал их гарч байна. Улс төрийн арга бол бидний арга. Улс төрийн аргаар харилцан ярилцаж ойлголцох явдал бол бидний баримтлах гол зүйл мөн гэж үзэж байна! гэхчилэн хариулжээ. Энэ нь Ардчилсан Холбоо байгуулагдсаны дараахан өгсөн ярилцлага бөгөөд тэрбээр улс төрийн амьдралд нэгэн үзүүрт сэтгэлээр хөл тавьсан үеийнхээ байр суурь, үзэл баримтлалыг ийнхүү тодорхойлж байжээ. Дараагийн хэдэн жил нь С.Зоригийн хувьд улс төрийн тавцанд гарч ирэн өөрийн бодолтой хандсан амжилттай ч ялагдал амссан жилүүд байлаа. Түүний гол зорилго нь улс төрийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх явдал байжээ. Шинэ Үндсэн хуулийг батлах, улс төрийн институцийн ардчилсан тогтолцоог бий болгоно гэдэг нь эсэргүүцэлтэй зөрчилдөөнтэй хэрэг. Шинээр гарч ирсэн лидерийн нэр хүндийг хугалах нь түүний өрсөлдөгч нарын гол зорилго байсан биз. Энэ үеэр тэр олон янзын гүтгэлэгийг сонсон амсаж, түүнд бас л тайван хүлээцтэй хандаж явлаа. Зорилгодоо хүрнэ гэдэг тууштай байдал нь түүнийг ийм болгосон юм. Харин тэр үеэр түүний нэр хүнд Монголоосоо илүүтэй гадаадад сайн байв. Тэр үеийнхээ тухай С.Зориг “Залуучуудын үнэн”-д өгсөн ярилцлагадаа ингэж хэлж байжээ. “Идэвхтэй” байна гэдэг нь харьцангуй ойлголт. Харин би идэвхтэй ажиллаж байна. Надад цаг зав ерөөс байхаа больсон. Зарим хүмүүс радио, телевизээр байнга сонсогдож, харагдаж, хэвлэл сонинд байнга дуулиан тарьж байвал идэвхтэй байна гэж ойлгодог бололтой!” гэж ярьсан байдаг. Өнөөдөр Монголын чөлөөт хэвлэлийн тухай ярихдаа С.Зоригийг мартагнах болсон нь харамсалтай. Тэр 1990 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа МоАХ хоёр сонин гаргана. “Шинэ толь”, “Ардчилал” гэсэн хоёр сонин байна гэж байлаа.

Анх ажил үүргийнхээ дагуу тэр МоАХ-ны хэвлэлийг бий болгох ёстой байв. Тэгээд ч тэр сонингуудаа гаргасан билээ. Мөн л өөрийн зарчимд үнэнч байдгаа харуулан бие даасан анхны чөлөөт хэвлэлийг үүсгэх зорилгоор 1990 оны тавдугаар сар гэхэд МоАХ-ны ерөнхий зохицуулагчийнхаа хувьд “Шинэ толь” сониныг бие даасан хэвлэл болгон тусгаарласан байв. 1990 оны хоёрдугаар сард 1000 хувиар хэвлэгдэн гарч байсан “Шинэ толь” сонин Монголын түүхэнд хамгийн анхны чөлөөт хэвлэл нь юм. С.Зориг чөлөөт хэвлэлийг дэмжин хөхиүлэгчийн хувьд хэд хэдэн сониныг үүсгэн байгуулагч юм. Хамгийн анхны дагуул сонин гэгдэх хавсралтыг тэр анх удаа “Ардчилал” сонинд санаачлан хийж байв. Тухайн цагтаа Монголын хамгийн анхны олон хуудастай “Ардчилал таймс” сониныг ч тэр санаачилсан юм. Түүний санаачлагаар ховор ноцтой мэдээний “Экспресс таймс” гэх сонинг долоо хоногт зургаан дугаар гарган захиалагч нарт нь хүргэн өгч байсан ба тэр нь бас л шинэлэг зүйл байлаа. С.Зориг олон сониныг санаачилж байсан ч редакцийн ажилд нь оролцон, хутгалддаггүй байв. Зөвхөн ганцхан удаа л Ардчилсан намын төв хэвлэл “Сайн байна уу” сонины эрхлэгчээр 1996 оны сонгуулийн сурталчилгааны хэдхэн сард ажиллажээ. Энд бас л түүний шинэлэг сэтгэлгээгээр “Ерөнхий эрхлэгчийн булан” гэсэн булан бий болж, тэр өөрийн бичлэгээ нийтэлж байв. 1990 оны “Ардчилал” сонины тавдугаар сарын нэгэн дугаарт “С.Зоригийн ээжтэй хийсэн ярилцлага” нийтлэгдэж байсныг санаж байна. Тэр ярилцлагад Монгол түмэнд орос эмчийн дүрээр алдаршсан С.Доржпалам гуай хүүгийнхээ тухай ингэж ярьсан байдаг. “С.Зориг маань шулуун шударга, эвсэг нөхөрсөг, хийе бүтээе гэсэн юмнаас нь хэн ч хэзээ ч ухрааж чадахгүй. Жишээ нь орой болсон хойно юманд явахад нь, -Одоо хэрэггүй дээ, маргааш болохгүй юу! гэхээр -Одоо л явахгүй бол болохгүй. Чухал ажилтай! гээд л гараад явчихна. Нөгөө хоёр нь бол “За яахав” гээд зөөлрөөд болино. С.Зориг ном унших дуртай, найз нөхөд олонтой, тэд нар нь сайн залуус байдаг. Худал хэлэхийг маш их цээрлэдэг” гэсэн байсан нь С.Зоригийн тухай хамгийн сайхан тодотгол юм. Эх нь мэдэхгүй бол хэн ч мэдэх билээ! Монголын ардчилал 22 нас хүрч байна. Түүний 13 жил нь С.Зориггүйгээр өнгөрчээ. Гэвч ардчилал, С.Зориг хоёрыг салгах аргагүй. Түүнийг дурсан санах нь бидний ардчиллын зорилтоосоо ухраагүйн илрэл.

Ш.МЯГМАРСАМБУУ

Эх сурвалж: http://toimsetguul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж