“Монгол фильм” групп, Өвөр Монголын “Нүүдэл соёл” компанийн хамтын бүтээл “Аравт” түүхэн уран сайхны кино ны багийнхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Уг хурлаараа тэд удаан хугацааны турш үзэгчдийг хүлээлгээд байсан бүтээлээ өнөөдөр “Тэнгис” кино театрын дэлгэцнээ 17.00 цагт нээхээр болсон тухайгаа дуулгалаа.
Өнгөрсөн долоо хоногт албан ёсны хоёр трейлерээ үзэгчдэдээ хүргэсэн тус багийнхан өнөөдөр хэвлэлийхний өмнө албан ёсоор багаа танилцууллаа.
Түүхэн уран сайхны кино бүтээхэд цаг хугацаа их зарцуулсан гэдгээ онцлон хэлсэн юм. Хоёр жилийн өмнөөс зураг авалтын ажлаа эхэлсэн уг киноны найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажилласан бол киноны хөгжмийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн юм.
Харин түүхэн киноны гол дүрүүдэд Монголын талаас Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, Г.Золбоот, Н.Онон, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Д.Ганцэцэг нар болон Өвөр Монголын талаас Б.Баасанжав, Б.Аюурдарь, Л.Жамбал, Ч.Бодь, Э.Буянхишиг нар тогложээ.
Найман зууны тэртээх Чингис хааны маань тухай гадна, дотны уран бүтээлчид нэг бус уран бүтээлийг дэлгэцнээ амилуулсан билээ. Гэвч энэхүү агуу үйл хэргийн амин судас, хөшүүрэг нь болсон эгэл жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч, тэмцэж, хооллож, ундалж, хоорондоо нөхөрлөж, аяны хүнд, дайны бэрхийг нэгэн сана, нийтийн хүчээр хэрэхн туулж, ялахын ид хав ялагдахын гуниг зовлонг хэрхэн хуваалцаж явсаныг харуулсан бүтээл хэд билээ? Энэ бүхний хариултыг та “Аравт” уран сайхны киноноос хүлээн авч үзэж болох нь ээ. Өнөөдрөөс эхлэн “Аравт” түүхэн уран сайхны кино “Тэнгис”-ын дэлгэцнээ залрана.