79 цент авсан хэргээ хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

79 цент авсан хэргээ хүлээжээ

Австрали улсын иргэн усан оргилуураас 79 цент авсан хэргээ өөрөө цагдаад мэдэгдсэн гэнэ.

Өдгөө 38 настай Саймон Мэттерс 1992 онд Гол-Кост хотод амьдарч байхдаа усан оргилуурт байсан 79 центийг хулгайлсан гэж өөрөө цагдаагийн газарт очсон байна. 20 жилийн өмнө тэрээр энэ бага хэмжээний задгай мөнгийг авсандаа одоо хүртэл санаа нь зовж явсан ажээ.

Гол-Кост хотын оршин суугчид болон хотод ирсэн жуулчид хүслээ биелүүлэхээр шившсэн задгай мөнгийг усан оргилуур руу шиддэг  гэнэ. Харин залуу нэг удаа түүгээр явж байгаад цөөн тооны задгай мөнгийг авсан байжээ. Хажуугаар явж байсан цагдаа түүнийг зогсоож, мөнгө авсан үгүйг асуухад Саймон Мэттерс үгүй гэж хариулсан юм байна.

Хожим нь хуулийн сургуульд сурч, өмгөөлөгч мэргэжилтэй болсон Саймон Мэттерс 20 жилийн дараа өөрийн буруутай үйлдлийг хэлэхийн тулд Гол-Кост хотод ирж, цагдаагийн газар очсон гэнэ. Шүүгчид энэ хэрэгтэй танилцсан бөгөөд 1992 онд түүнийг 79 цент хулгайлсан талаар ямар ч бүртгэл байхгүй байгааг түүнд хэлсэн аж. Түүний энэ хэрэгт ямар нэгэн ял шийтгэл оноохгүй гэж шүүхээс шийдсэн байна.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж