Хятадын алдартай Huawei компанийн төлөлөлөгчид өөрсдийн бүтээгдэхүүн буюу 4 цөм бүхий Huawei Ascend D Quad смартфоноо идэвхижүүлэх гайхалтай арт төсөл боловсруулж хэрэгжүүллээ. Тэд асар том Пегас далавчит морины баримлыг цогцлуулж, үүндээ 3 500 аппарат зарцуулжээ.
Энэ перфомансыг Барселонд болж байгаа Mobile World Congress 2012 хөдөлгөөнт холбооны дэлхийн чуулганд хүрэлцэн ирсэн бүх зочид сонирхох боломжтой юм. Далавчныхаа үзүүрээс сүүл, туурайгаа хүртэл хэн ч ашиглаж байгаагүй байтугай хамгаалалтын хальсыг нь ч аваагүй цоо шинэхэн утаснаас бүрдэж байгаа Пегас олныг бишрүүлж байна.
Mobile World Congress бол хөдөлгөөнт холбоо болон харилцаа, холбооны технологийн салбарт ажилладаг хэн бүхний хувьд туйлын чухал арга хэмжээ юм. Энэ удаагийн чуулганд дэлхийн орон орны 1400 компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн гэж тооцвол энэхүү уран бүтээл Huawei компанийхны хувьд ашиг тусаа өгөх нь дамжиггүй ээ. Энэ төслийг гүйцэтгэхэд уран бүтээлийн баг 720 ажлын цаг зарцуулсан гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.
3500 утаснаас бүтэхдээ Пегас морь 6 метрийн өндөртэй, 5 метрийн урттай болж, чуулганы жинхэнэ “шигтгээ” болж чаджээ. Хүмүүс дэргэд нь зургаа авахуулахаар яарч байна. Учир нь морийг задалж дэлгүүрүүдээр тараан азтай эздэд нь түгээх хугацаа хаяанд ирчихээд байгаа юм.