Онгоцны ослоор 127 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Онгоцны ослоор 127 хүн амиа алдав

Зорчигч тээврийн Boeing-737-200 онгоц баасан гаригт Пакистаны нийслэлээс холгүй осолдож, 127 хүн амиа алдсан талаар ВВС мэдээлэв.

Пакистаны агаарын тээврийн "Божа эрлайнз" компани энэ онгоцыг ашиглалтын хугацаа нь дууссан гэж үзээд хувийн "Шахин" нисэх компанид худалдсан байсан талаар Пакистаны хэвлэл мэдээлж байна.

Онгоц Карачи хотоос Исламабадын чиглэлд нисч явсан бөгөөд Исламабад хотын ойролцоо аянга цахилгаантай аадар бороотой тулгарсан онгоц шатаж эхэлсэн гэнэ. Онгоцонд 121 зорчигч болон нисэх багийн зургаан хүн байсан талаар хэвлэлээр бичиж байна.

Пакистаны олон улсын  Беназир Бхутто нисэх буудлаас холгүй байдаг Хусейн Абад тосгоны орчимд онгоц унасан гэнэ. Одоо аврах багийнхан унасан онгоцноос хүмүүсийг гаргаж байгаа бөгөөд нэг ч хүн амьд олдоогүй байна. Карачи хотын нисэх буудалд онгоцонд явсан зорчигчдын ар гэр, төрөл төрөгсөд цугларсан учир гэр бүл бүрээс нэг хүнийг Исламабад хот руу явуулахаар төлөвлөж байгаа юм.

Ослыг нүдээр харсан нэгэн гэрч нисэх онгоц унах үедээ гэнэт гал авалцан шатсан. Орон сууцны байж магадгүй зарим байшингийн дээр онгоц унасан гэж ВВС агентлагт ярьжээ.

Өмнө нь 2010 оны долдугаар сард Airbus A321 онгоц Исламабад хотод газардах үедээ осолдож, 152 хүн амиа алдсан юм. "Эр Блю" хувийн компанийн энэ онгоц манантай үед буулт хийх гэж байгаад уул мөргөсөн ажээ. Сүүлийн хоёр жилд онгоцны том хэмжээний осол Пакистан улсад хоёр дахь удаагаа гарсан нь нисэх компаниудын онгоцны техникийн бүрэн бүтэн байдал болон засвар үйлчилгээ хангалтгүй байдгийг нотолсон явдал болж байна. 

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж