Дизель түлшний үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Дизель түлшний үнэ буурчээ

Энэ оны нэгдүгээр сарын 6-наас газрын тосны бүтээгдэхүүн худалдаалагч компаниуд шатахууныхаа үнийг литр тутамд нь 235-260 төгрөгөөр нэмсэн. Үүнийгээ ам долларын  ханшны өсөлттэй холбон тайлбарлаж, валютын ханш буурсан тохиолдолд шатахууны үнэ буурах боломжтойг мэдэгдэж байсан.

Түүнээс хойш шатахуун импортлогчид шатахууныхаа үнийг шат дараатайгаар бууруулсаар байна. Тухайлбал, “НИК”, “Петровис”, “М ойл” зэрэг компаниуд энэ сарын 16-наас Улаанбаатар хот дахь зарим шатахуун түгээх станцаараа дизель түлшийг литр тутмыг нь 1700 төгрөгөөр худалдаалж эхэлсэн байна.

Газрын тосны газраас шатахууны үнийн бүсчилсэн мэдээг гаргасан байна. А-80 автобензиний үнэ оны эхэн үеийнхээс баруун бүсэд 166 төг, хангайн бүсэд 170 төг, төвийн бүсэд 129 төг, зүүн бүсэд 190 төгрөгөөр буурсан байна. Харин А-92 шатахуун орон нутагт 150-280 төгрөгөөр буурсан байна. Тухайлбал Баян-Өлгий аймагт А-92 шатахуун литр тутамдаа 150 төгрөгөөр буурсан бол Завхан, Орхон аймагт 280 төгрөгөөр буурчээ. 

Дашрамд дурдахад, энэ жил уул уурхай, газар тариалангийн салбарт ашиглах дизель түлшний хэмжээ өнгөрсөн жилийнхээс 1.8 дахин нэмэгдэх захиалгатай байгаа аж.

Х.Ананд

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж