Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 4-р сарын 11-13-ны өдрүүдэд 2011 оны сүүлээр батлагдсан Төсвийн тухай шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх талаар “Орон нутгийн төсвийн шинэчлэлт” сэдвээр төв хөдөөгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, төрийн сангийн төлөөлөгч, нягтлан бодогч, төсвийн байгууллагын менежер 200 гаруй хүнийг хамарсан сургалт болж байна. Сургалтыг Сангийн яамнаас зохион байгуулж яамны Төсвийн бодлогын газрын ахлах зөвлөх Т.Батсүх, Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн А.Мандахнар, “Тогтвортой амьжиргаа-2” төслийн Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч П.Тэнгис нар сургагч багшаар ажиллаж байна. 2002 оны 6 дугаар сард батлагдсан “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль”-ийг 10 шахам жил мөрдөж улсын хэмжээнд төрийн санхүүгийн удирдлагын нэгдсэн систем бүрэлдэж, төрийн сангийн тогтолцоо бий болсноор төсөв санхүүгийн сахилга дэг журам сайжирч сайн үр дүн үзүүлсэн ч өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг нийгмийн хөгжил, шат дамжлагыг цөөрүүлэх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог сайжруулах зэрэг олон асуудлыг зүй зохистой шийдэх явдал тулгарч байна. Чухамхүү энэ асуудлын өнөөгийн шийдэл нь 2011 оны сүүлээр батлагдсан Төсвийн тухай шинээр батлагдсан хууль юм. Шинэ хуулиар зарчмын хувьд нилээд өөрчлөлт орсон бөгөөд орон нутгийн эрх мэдлийг тодорхой, өргөн хүрээтэй болгосон байна. Аймаг өөрийн төсвөөр аймгийн удирдлагыг хэрэгжүүлэх, хот төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, ЖДҮ-ийг хөгжүүлэх, малжуулах зэрэг 17 үндсэн чиг үүргийг, сум өөрийн төсвөөр сумын удирдлагыг хэрэгжүүлэх, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, гудамж талбайн гэрэлтүүлэг, хог цэвэрлэгээ, малжуулах, бэлчээрийн менежмент хийх, байгаль орчныг хамгаалах зэрэг 9 үндсэн чиг үүргийг гүйцэтгэхээр болж байна.
Хуулийн олонхи заалт 2013 оноос эхлэн хэрэгжих ч одоогоор төсвийн болон төрийн өмчийн байгууллага, аж ахуйн нэгжийн жилийн эцсийн санхүүгийн тайлан тушаах, 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах зэрэг төсвийн цаглабартай холбогдсон зарим заалт нь хэрэгжиж эхэлсэн бөгөөд хууль хэрэгжиж эхлэх хүртэл эрх зүйн зохицуулалтыг үргэлжлүүлэн Засгийн газрын 10, Сангийн яам оролцсон 16 тогтоол тушаал шийдвэрүүдийг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх шаардлагатай аж. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулинд уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон 15 нэр томьёог тайлбарлаж байсан бол энэ хуулиар 50 нэр томьёог тайлбарлаж байгаагаас үзэхэд нилээдгүй шинэлэг санаа орсон нь харагдахаар байна. Ийм учраас төрийн албан хаагчдыг уг хуулийг хэрэгжүүлэх талаар нэгдсэн нэг ойлголттой болгож чадавхижуулах, цааш нь сургалтыг үргэлжлүүлэх, шинээр гарах эрх зүйн актад дадлага туршлагатай төрийн албан хаагчдын санал бодлыг тусгах зэрэг олон талын ач холбогдолтой сургалт боллоо.
И.Байгалмаа /Хэнтий/