Шүгэлдэх тэмцээн 39 дэх удаагаа зохиогдов

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Шүгэлдэх тэмцээн 39 дэх удаагаа зохиогдов

АНУ-ын Хойд Каролина мужийн Луисбург хотод шүгэлдэх тэмцээн пүрэв гаригт эхэлсэн байна. Энэ олон улсын тэмцээнийг жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлээр зохиодог уламжлалтай юм.

Энэ тэмцээн 39 дэх жилдээ болж байгаа бөгөөд энэ сонин тэмцээнд 60 гаруй хүн оролцохоор ирсэн гэнэ. АНУ-ын 20 мужаас хүмүүс ирснээс гадна Япон болон Австрали зэрэг есөн улсаас шүгэлдэж өрсөлдөхөөр хүмүүс очсон аж.

Тэмцээнд оролцогчдод насны хязгаар заадаггүй бөгөөд сургуулийн сурагчдаас эхлээд 90 гарсан хүн хүртэл оролцож байгаа юм. Оролцогчид тэмцээнд оролцохын тулд хэрхэн хамгийн сайхан уянгалаг шүгэлдэх бэлтгэл хийдэг гэнэ. Жишээ нь тэдний зарим нь Штраус, Шуберт болон Битлз хамтлагийн алдартай дуу болон хөгжмийг уянгалуулан шүгэлдсэн аж. Түүнчлэн алдартай дуу, хөгжим болон киноны хөгжмийг хүртэл шүгэлдэж сурсан хүмүүс байдаг ажээ.

Тэмцээнд оролцогчдын нэг Бостон хотоос ирсэн инженер Люк Витри хэлэхдээ “Би сургуульд сурч байхдаа дотуур байранд амьдардаг байсан. Тэр үед надад хөгжим байгаагүй учир дуртай хөгжмөө би өөрөө аялан шүгэлдэж сурсан” гэжээ. Тэрээр Моцартын “Фигарогийн хурим” дуурийн нэгэн ариг шүгэлдэхээр ирсэн гэнэ.

Энэ тэмцээнийг анх санаачилсан түүхийн ухааны профессор болон сэтгэл зүйч одоо 85 настай Аллэн Дехарт “Хүмүүс ярьж сурахаасаа өмнө шүгэлдэж сурсан” гээд өөрөө урлагийн нэгэн жанр болж чадах шүгэлдэх урлагийг сураагүйдээ харамсдаг гэж ярьсан байна. Шүгэлдэх тэмцээн өмнө нь Япон, Хятад болон Энэтхэгт зохиогдож байсан гэж тэрээр нэмж хэллээ.

Тэмцээн өнөөдөр дүнгээ гаргах юм байна.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж