Дани Монголын зах зээлийг сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Дани Монголын зах зээлийг сонирхож байна

Хятадад суугаа Данийн Элчин сайд Фрис Арне Петерсенээр ахлуулсан таван төлөөлөгч экспортын зах зээлийн боломжийг судлахаар Монголд иржээ. Монголд уул уурхайд түшиглэсэн эдийн засаг ирэх жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа ч байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлууд тулгамдаж, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг эрэлхийлж буй энэ үеийг олж харсан Данийн “FLSmidth”, “Danfoss”, “Grundfos”, “Hempel” болон “Haldor Topsoe” компанийн төлөөлөгчид Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нартай уулзсан байна. Тэд сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлж, бизнесийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцжээ. 1990 оноос хойш Данийн вант улс Монголд ардчиллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, дэмжсээр ирсэн боловч хоёр орны хамтын ажиллагаа экспортын бүтээгдэхүүнээр хязгаарлагдах төдий байгаа юм. Данийн вант улс Олон улсын байгууллагуудаар дамжуулан Монголд ядууралтай тэмцэх, жижиг бизнесийг дэмжих олон төсөл хэрэгжүүлдэг байна. Данийн вант улс байгалийн баялаггүй орон боловч сэргээгдэх эрчим хүч, салхин сэнсний технологиор дэлхийд тэргүүлдэг юм.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж