Агуу их сүр хүчит Аттила хаан – 1

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Агуу их сүр хүчит Аттила хаан – 1

Нэг. Даллан дуудах алдар суу

Аттила… Энэ нэрийг анх “Небулин- гуудын дуулал” хэмээх эр баатар- лагийн яруу сайхан туулиас үзэж билээ. Бага ангийн жаал байж дээ. Тэр номонд гарах бүх баатар эрсээс хол тасархай хүчирхэг Зигфрид баатраас илүүгээр сүр хүчин төгөлдөр атлаа өгөөмөр зөөлөн, ухаалаг, үнэнч Аттила хэмээх хаан сэтгэлийг минь ихэд татсан юм. Тэнд Аттилаг “Хаадын хаан” гэсэн нь хамгаас сонин байж билээ. Энэ “Хаадын хаан” гэсэн хүндлэлийг Чингис хаанаас өөр хүнд байхыг олж сонссонгүй өдий хүрэв. Төд удалгүй дунд ангид орж, дэлхийн түүхийн хичээл үздэг болоход өнөөх үлгэр домгийн хэмээн итгэж байсан Аттила нэрээ үзээд учиргүй хөөрөв. Тэрхүү түүхийн сурах бичигт Аттилаг арай өөрөөр, зэрлэг бүдүүлэг хүчирхэг байлдан дагуулагч гэсэн байсан санагдана. Харин энд миний сонирхолыг татсан нь “Хаадын хаан” Аттилаг маань “Тэнгэрийн ташуур” гэжээ. Ийнхүү Аттила гэдэг нэр надад өөртөө татагч шидэт, нууцат тарни бүхий нэр шиг санагдах болж, холбоотой бүхнийг шимтэн сонирхох болсон юм.

Дараа нь ганц Германууд төдийгүй Унгар болон Скандинавын орнуудын ард түмнүүдийн дунд Аттилагийн домог үлгэр бишгүй байдгийг мэдэж, үгийн урлагийн олон мастерууд түүнийг дүрслэн бичиж, тэр ч бүү хэл Верди, Лист нарын хөгжмийн суутнууд Аттилад зориулан дуурь бичиж, алдарт Микеланжело түүнийг зурж, хэдэн арван кино бүтээгдэж байсан нь сонирхлыг маань улам хөгжөөсөн. Энэ бол мэдээж судалгаа, шинжилгээний бус, зөвхөн саваагүй сонирхогчийн түвшинд гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ л, бараг хорь гаруй жилийн дараа Вэсс Робертсийн бичсэн “Хүннүгийн Аттила хааны удирдахуйн нууц” хэмээх номыг олж үзэн үзтэлээ аль 16 зууны өмнөх, ялангуяа барууны ертөнцөд зэрлэг бүдүүлэг, аймшигт цуст байлдан дагуулагч гэсэн хэвшмэл ойлголттой Аттилагийн удирдахуйн ухаан, менежментийн арга барилыг тэрхүү барууны ертөнцийн өнөө үеийнхэн нь бахдан шагшрах, үлгэрлэн дагах юм чинээ санасангүй явжээ.

Энэ ном Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор хэдэнтээ шалгарсан төдийгүй дэлхийн томоохон корпорацийн эзэд, банкир, улс төрчдийн ширээний ном болж байсныг дурдахад илүүдэхгүй. Ингээд Аттилагийн түүхийг өөрийн хэмжээнд олж цуглуулснаа багцлан, найруулсан маань энэ.

Хоёр. Аттилагийн өмнөх үе, Хүн нар Европ руу

Монгол угсаатны өвөг дээдэс Хүн нарын тухай эхний хэл, сураг Ромын эзэнт гүрнийг, өрнөдийн ертөнцийг айхтар донсолгон цочоожээ. Манай тооллын 376 оны зун… Ромын эзэнт гүрний зүүн хил Дунай мөрний хамгаалалтын легионы захирагч нар мөрний чинад дахь зэрлэгүүд нэг л жиг бусаар үймж бужигнаад буй тухай мэдээлэл авчээ. Их мөрнөөс зүүнээр Ромчуудын хавтгайд нь нэрлэдэгчлэн зэрлэг, бүдүүлгүүдийн олон овог аймгууд оршин бөлгөө. Ромын зүүн хил хязгаарыг олон жилийн турш амар тайван байлгаагүй Визиготууд, Гепидүүд, Ширүүд, Бургундууд, Славууд зэрэг хүн ам олонтой өч төчнөөн хүчирхэг дайчин овог аймгууд байж. Тэднээс цааш Днестр мөрний орчимд бүр ч илүү хүчирхэг Остроготууд бий. Тэгээд цаашилвал Дон/Tanais/, Ижил /Rha/ мөрний дунд, умард Кавказ орчимд бас л аймшиггүй зоригтнууд гэгдэх Аланууд, урагшаа Вандалууд гэх мэт олон овог аймгууд оршин байжээ.

Ер нь эдгээр овог аймгууд үргэлжийн өөр хоорондоо дайтаж, ямар нэгэн юм болцгоож байдаг тул дээрх мэдээг авсан Ромын легионерүүд анзаарсан ч үгүй, тоосонгүй ч үгүй. Гэтэл намар нь харин ч ер бусын хачин юм болов. Ухаанаа гартлаа айж сандарцгаасан 200 000 орчим Готууд Дунай мөрний цаана бөөгнөрөн, Ромын газар нутагт орогнох, эсвэл алс баруун тийш нэвтрэн гарах зөвшөөрлийг эзэн хаан Валенаас амь тавин гуйхад л энэ нь жир нэгэн явдал биш болохыг ойлгож, тэдгээр зүүн зүгийн олон зэрлэг овог аймгуудыг хуйлартал нь туусаар ойртож яваа алс дорно зүгийн учир битүүлэг овог аймгийн нэрийг анх сонсож мэдээд зогсохгүй тухайн цаг үед дэлхийн хамгийн хүчирхэг Ромчууд өөрсөдтэй нь эн тэнцүү, магадгүй илүү ч хүчирхэг байж мэдэх тийм дайчид байдагт маш их гайхацгаасан байна.

Тэд бол Хүн нар байлаа. Энэ үйл явдлаас бүр зуугаад жилийн өмнө /манай тооллын 270-аад онд/ Хүн нар Ра /Ижил мөрний эртний нэр/ мөрнийг гатлан Алануудын нутаг дэвсгэрт орж иржээ. Аланууд бол Хүн нарын адил морьтон ард түмэн. Тэд бусад ард түмнээс илүү зоригтой гэгдэж, бас л Хүн нарын адил моринд гарамгай, суманд мэргэнээрээ алдаршиж байсан цаг байж. Гэвч тэд Хүн нарыг зогсоож чадсангүй, бут цохиулан, сарнин тархаж, олонхи нь Сарматуудын нутагт цөмрөн тэднийг шахаж эхэлжээ. Цөөнгүй хэсэг нь Хүн нарын хараат болж, тэдний морьт цэргийн нэгэн хүчирхэг бүлэглэлийг бүрдүүлсэн байна.

Алануудад шахагдсан Сарматууд бас Вандал, Аланы зарим овгуудтай барууншилж, Остроготын нутаг руу, зарим нь нэлээд хойгуур Висла, Эльба мөрний адгаарх овог аймгуудыг шахаж эхэлжээ.

374 оны орчимд харин Хүн нар өөрсдөө Дон мөрнийг гатлан Днестр, Дон хоёрын завсар өөрийн хүчирхэг улсаа төвхнүүлээд байсан Зүүн буюу Остроготуудын нутагт хөл тавив. Остроготуудыг хэн ч хулчгар дорой гэдэггүй байж. Уулынхны адил хурц омголон, нүүдэлчдийн адил моринд гарамгай тэд агуу Их Ван Эрманарихийнхаа туган дор зүүн өмнөд Европод өөрийн гэсэн хүчирхэг эзэнт улсаа төвхнүүлж эхлүүлээд байсан цаг байж. Дайн байлдааны асар баялаг туршлагатай өвгөн Ван Эрманарих дайнд хатуужсан 200 000 дайчдынхаа хамт тэрхүү Хүн нарыг тоссон ч салмайтлаа цохиулжээ. Хүн нарын хүчин чадлын ихийг, илднийх нь хэр хурцыг, сумных нь ончтойг мэдэрч, зогсоох ямар ч боломжгүйг ухаараад Эрманарих цөхөрсөндөө амиа хорлосон гэдэг. Зарим сурвалжид түүнийг тулалдаанд олзлогдоод, гутарсандаа амиа хорлосон ч гэдэг. Юутай ч түүний шарил олдоогүй байна. Их ванг залгамжлагч Витимир Хүн нарын армид байсан зарим овог аймгуудын дайчдыг их хөлсөөр урвуулан, хүчээ зузаатгаад эсэргүүцэх гэж оролдсон боловч боломж олдсонгүй, 375 оны дундуур нэгэн тулалдаанд дайчин эрийн ёсоор илдээ дэрлэн унаж, ард түмэн нь Баруун буюу Визиготуудаасаа өмгөөлөл эрэн Днестрийг гатлан баруун тийш зугатсан байна. Хүн нарыг Дунай мөрнийг гаталж байх үед Аттилагийн дээд өвөг Баламбир /360-378 онд/ Хүн нарын хаан байжээ. Баламбир хаан Готуудыг ялсан ялалтаа тэмдэглэсэн шөнөө учир битүүлгээр үхсэн ба түүнээс 75 жилийн хойной түүний алдар цуут үр удам Аттила мөн хурмынхаа шөнө учир битүүлгээр нас барсан билээ. Баламбирийн дараа Балтазар хаан суув.

Визиготуудын Ван Атанарих тэрхүү хурдан морьт дайчдыг зогсоох гэж оролдсон боловч бас л юм болсонгүй, Хүн нар түүнийг хормын дотор арчиж орхисонд Готуудын хувьд цор ганц итгэл найдвар, аврал нь Дунай мөрнийг гатлан урьдын эзлэн түрэмгийлэгч, өстөн дайсан нь байсан Ромын эзэнт гүрэн болж хувирчээ.
Өршөөл хүсэн хилийн дотор орж ирсэн Готуудыг Ромчууд боолчлохыг санаархсанд тэд эсэргүүцэв. Готууд эргээд Хүн нарын зарим хэсгийн дэмжлэгийг авч хамтарсан хүчээр Ромтой тулжээ. Ромын эзэн хаан Вален Адрианофоль хотын дэргэд Хүн болон Готуудын нэгдсэн хүчинд бут цохиулан эзэн хаан өөрөө алуулсан байна. Түүний дараа харин жинхэнэ Хүн нар Мүнзүк хааныхаа туган дор Зүүн Ромын эзэнт гүрэнд довтлон оржээ. 395 оны орчимд газар дэлхий дээрх хамгийн хүчирхэг том гүрэн болох Ром нь түүхэндээ анх удаа зэрлэгүүд хэмээн үл тоож байсан харийнханд бууж өгөн, их хэмжээний татвар өгөхөөр болов. Ийнхүү дорно зүгийн олон овог аймгуудыг хуйлартал нь туусаар Хүн нар Ромын эзэнт гүрний хилд цөмрөв. Энэ үеэс л зүүн зүгийн ард түмнүүдийг үл тоомсорлодог байсан Ромчууд Хүн нарыг ихэд сонирхон, Марцелинниус, Жорданес, Прискус нарын зэрэг түүх сударчдийн бүтээлд тэмдэглэгдэж эхэлжээ. Эдгээрээс Прискус нь Аттилатай биечлэн уулзаж байсан ба түүний тэмдэглэл нэн чухал бодит сурвалж болдог байна. Ромчууд Хүн нарын гарал үүслийг Мөст Танайс/Дон/ мөрний чинадаас ирсэн, Уралын цаана орших мөнхийн харанхуй ертөнц бол Хүн нарын эх орон, эсвэл Скифүүдтэй хольж хутган тэмдэглэсэн байдаг.

Ромын эзэнт гүрний зүүн хил даяараа бужигнаад зогсохгүй эзэнт гүрний хил хязгаарын дотор ч бөөн бужигнаан болоод эхлэв. Энэ үеийг түүхчид Ард түмнүүдийн Их нүүдэл гэдэг.

Хүн нарт туугдсан Вандал/Гандерих Ван/, Алан нарын нэгдэл Баруун Ромын эзэнт гүрний хойт хэсэг, Франк, Бургунд, Галлын нутгаар нэвт шувт гарч Принейн хойгийн баруун талд, зарим нь бүр Гибралтарийг гэтлэн Умард Африк дахь Баруун Ромын баян муж Каесар, Картейжд очиж тогтов.

Хүн нарт бут цохиулсан Баруун Готууд Зүүн Ромын эзэнт гүрний хилийн дотор амь хоргодохоор ороод зогсохгүй Константинофолийг бараг хүрэн алдаад баруун эргэж, Балканы хойгийн баруун үзүүрт байх эртний Спарт хот хүртэл явжээ. Гэвч тэндээ тогтсонгүй. Атриадын тэнгэсийн зүүгээр тойрч явсаар, Баруун Ромд нэвтрэн, хөлсний Хүн нараар хүчээ сэлбүүлсэн Ромын легионуудтай хэд хэдэн тулаанд ялагдсан ч 410 онд Ром хотыг эзлэн авсан байна. Хэдэн зууны турш хүн төрөлхтний соёл, урлагийн голомт болж явсан Ром хот анх удаа харийн түрэмгийлэгчдэд эзлэгдэн гурав хоногийн турш шатжээ. Энэ нь Ромын газар нутагт Хүн нараас зугтан толгой хоргодсон Готууд Ромыг өөрийг нь ч бут цохих чадвартай байсныг харуулна. Зарим сурвалжид Ромыг эзэлсэн Аларихийн Визиготуудын дунд Хүн нарын хөлсний цэргүүд явсанаас тэд ромын легионуудыг амархан буулгаж авсан, тэдгээр 10 000 Хүн нар нь өмнө Баруун Ромын хаан Хонорийд хөлслөгдөн Готуудыг цохиж байсан тэр цэргүүд мөн гэжээ.

Аларих ван Ромын олзлогдсон гүнж, хожмын Ромын эзэн болсон Галла Пласидийг хатнаа болгож байжээ. Энэ үед Ван Аларих нийслэлийг нь эзэлж, хавьгүй илүү давуу байдалтай байсан ч Баруун Ромын эзэнт гүрнийг бүрмөсөн унагахыг бодсонгүй, Хүн нараас холхон Альпиас баруун тийш Галлийн хэсэгт амьдрах суух газар нутгийг Ромын Сенатаас хүссэнээр энэ ялалтаа хязгаарлажээ. Магадгүй, Визиготуудын Ван Аларихийн улс төрийн энэхүү шийдвэр нь Баруун Ромын цэрэг дайны хүчийг бүрэн шавхахгүйгээр дийлдэшгүй хүчирхэг Хүн нарын эсрэг сөргүүлэн бамбай болгон тавьж, өөрсдийгөө хамгаалах маш ухаалаг алхам ч байж болох юм.

Зүүн буюу Остроготууд Ромын эзэн хааны ивээлийг хүртэн Дунай мөрнийг гатлан Эзэнт гүрний хилийн дотор одоогийн Унгарын баруун хилийн орчимд толгой хоргоджээ.

Шахагдсан Франк, Бургундууд, Германы зарим овог аймгууд нэлээд хойхнуур Рейн мөрний адгаар барууншилж, Скандинаваас Саксонууд баруунш нүүдэллэж, Британи дахь Ромын мужуудыг түйвээж эхэлсэн байна.

Ийнхүү зүүн болон төв Европт суурьшиж байсан олон овог аймгууд баруун Европт шилжин, тэнд өөр өөрсдийн улсаа байгуулж, хүн ам ихээр нягтрах болсон нь өнөөгийн “Баруун” гэгдэх тэр ард түмнүүдийн нийтлэгийг эхлүүлсэн гэж үздэг байна. Мөн эдгээр ард түмнүүдийн нүүдэл, түрэмгийлэл нэг талаас нь шахаж, нөгөө талаас нь Хүн нарын хүчирхэг довтолгоон, нөлөөлөл нь олон зууны туршид Европ даяар түгэн дэлгэрсэн “Pax Romanica” –г бүрмөсөн нураасан гэдэг.

Гурав. Аттила төрсөн нь. Бага, Идэр нас

Европ дахин ийн хөл толгойгүй бужигнаж байсан үед, 406 оны /түүхчид түүний төрсөн оныг 398, 406, 408 гэх мэтээр янз бүр дурдсан байна/ зуны нэгэн шөнө Европын тэнгэрт ер бусын хурц улаан сүүлт од харагджээ. Тэр сүүлт од савартаа илд шүүрсэн аварга улаан бүргэдтэй адил харагдан, бүхний зүрхэнд айдас хүйдэс хуруулсан гэдэг. Чухам энэ шөнө тэрхүү илд атгасан Улаан бүргэд болж Аттила Ижил мөрний адаг урсгал орчимд Хүн нарын ордод мэндэлжээ. Ромын зарим түүхчид Дунай мөрний хөвөөнд төрсөн ч гэдэг. Мажаруудын хуучин домогт Аттилаг дээд хүчит тэнгэр Хадурын Улаанбүргэд гэжээ.

Тэр домогт өгүүлснээр Аттилаг илд атгасан Тэнгэрийн Улаан бүргэд болон ирэхийг түүний өндөр өвөг Нимрод нь алс Алтайн уулнаас Хүн нар баруун тийш хөдлөхийн өмнөхөн зөгнөжээ. Тэр Хүн нар алс баруун зүгт очсон хойно, миний үр удамд ертөнцийн бүх дайчдийн хамгийн агуу нь болох нэгэн төрөх бөгөөд түүнийг Хүчит тэнгэр Хадурын ташуур хэмээн нэрлэх болно гэжээ. Үнэхээр тэр зөгнөлөөр болж, Ромчууд, ер нь европ дахин Аттилаг Тэнгэрийн бэрээ /Scourge of God/ хэмээн хүлээн авчээ. Домогт өгүүлэхээр бол Аттилагийн эцэг Цагаанбүргэд буюу Бендегуз /Мүнзүк/ нь овог аймгаа тэргүүлэн Дон мөрнийг гаталсан Хаан Балтазарийн ууган хүү аж. Балтазар хаан Мүнзүк, Чарат, Октар, Ругила гэсэн дөрвөн хүүтэй байсан ба тэд 390 оноос 437 оны хооронд дараалан төр барьжээ.

Аттилагийн эцгийг олонхи тохиолдолд хаан Мүнзүк хэмээн тэмдэглэсэн байдаг ба хаан суусан оныг нь 390-410 гэжээ. Тэгэхээр 395 онд Зүүн Ромын хаан агуу их I Феодосийг буулган авч гэрээ хийж, татвар татаж байсан Үлдиз хаан болон Мүнзүк хоёр нь нэг хүн болов уу гэж таамаглахад хүргэж байна.

Аттилагийн төрсөн болох түүний сүр хүчтэй холбоотой домог олон байдаг. Аттилад үнэхээр дайны тэнгэр Марс бурханы илд гэгддэг нэгэн илд байсныг нүдээр үзсэнээ Ромын түүхч Прискус бичээд, ийм нэгэн домгоор түүнээ хачирласан байна. Нэгэн Хүн хүний тугал бэлчээрээс доголсон ирэхэд, түүний цустай мөрийг эргэн мөшгөсөөр газраас хагас цухуйсан алтан илд олжээ. Түүнээ Аттилад өргөсөнд Аттила хүннүгийн эртний хаадын тахиж байсан дээд тэнгэрийн илд мөн болохыг таньж, тэгээд энэ илд дахин эргэж Аттилагийн гарт ирсэн нь түүнийг хэний ч өмнө ялагдашгүй болголоо гэжээ. Энэ домгийн арай өөр хувилбарт өгүүлэх нь Аттилатай хамт Хүн гүрнийг удирдаж байсан ах Бледаг үхсэний дараа Хүн нарын удирдагчид цуглаад хуралдай хийж байтал үхэр хариулагч нэгэн хүү ирж ойролцоох нугад ер бусын гэрэлт илд байгааг дуулгажээ. Ихэс ноёд хүүгийн заасан нугад очтол үнэхээр гал бадарсан илд нисч явсан агаад Аттилаг гараа сунгатал ирж атгагджээ.

Энэ үед Хүн нар гол хүч Ромын баруун хил, үржил шимт өгөөмөр сайхан Паннониад баттай суурьшаад байсан байна.

Аттилагийн бага насандаа туулсан амьдрал нь Чингис хаан, Модун шаньюй нарынхтай зарим талаар төстэй санагддаг. Аттилаг маш бага байх 410 онд эцэг нь нас баржээ. Түмэн шаньюй нь хайртай бага хатнаасаа төрсөн хүүгээ хаан ор суулгахын тулд их хатнаасаа гарсан Модуныг бага насанд нь дайсагнагч Юэчжи улсад найрамдлын барьцаа болгон илгээгээд дараа нь Модуныг Юэчжи нараар алуулахын тулд итгэл эвдэн тус улсын эсрэг гэнэт довтолжээ. Гэвч Модун эр зориг авжаалж самбаагаараа амь гарч, нутагтаа ирэн, улмаар эцгээ алж, хаан ширээ залгамжилдаг.

Чингис хааны хувьд эцэг Есүхэй нь түүнийг 9 настайд нь харь хол Хонгирад аймагт аваачиж орхидог ба арав гаруй насандаа Тайчуудад олзлогдож мөн ч өөрийн чадвар, арга самбааны хүчээр амь гарсан түүхийг бид сайн мэднэ.

Тэгвэл Аттилагийн авга ах нар болох Хүн нарын хаан Октар, Рагула нар түүнийг 12 настайд нь Ром руу барьцаанд илгээжээ. Ийнхүү Монгол овогтны энэхүү агуу их гурван хүмүүн бага насандаа харь холд одож, балчир ухааныхаа хэрээр хатуужин чангарч, хатуу ширүүн шалгуур, бэрхшээлийн туулан, шинэ газар орон, шинэ ертөнцийг танин мэдсэн нь тэдний хожмын агуу их үйл хэрэгт маш чухал суурь дэвсгэр, бэлтгэл болсон нь ойлгомжтой юм. Гэхдээ боолчлогдон, дарлагдаж байсан нөгөө хоёроосоо Аттилагийн ялгарах онцлог нь хэдийгээр барьцаанд байсан ч хүн төрөлхтний соёлын цөм Ромд асар өндөр боловсрол олж авсанд юм. Тэрээр Ромд өөр бусад олон овог аймгуудын хан хөвүүдтэй мөр зэрэгцэн ихийг сурчээ. Ромын урлаг, соёлд, түүх зэрэгт суралцаад зогсохгүй цэрэг дайн, улс төр, дипломатийн урлагийг ч сайтар эзэмшсэн байна.

Чингис хаан Тайчуудын дөнгөнөөс хүчин чадал сул дорой, холбоотон хамтрагчгүй байж болохгүйг ясандаа ортлоо ойлгож ирсэн бол, Модун шаньюй Юэжчи улсын барьцаанаас итгэл эвдэн, далдуур хор хутгахын гайг мэдэрч, эцгээ замаасаа зайлуулах чин эрмэлзэлтэй ирсэн бол, Аттила Ромын барьцаанаас Хүн нарын дунд урьд хожид байгаагүй өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй төдийгүй дэлхийг эзлэх төлөвлөгөөтэй буцаж иржээ. Залуу хан хүү Ижил, Доны завсарын өргөн уудам нугад ан гөрөө хөөцөлдөж, алс Уралын чинад руу аялсан төдийгүй дорно зүгт өөрсдийн уугуул нутаг Алтайн уулс, улмаар бүр цагаан хэрэм хүртэл аялжээ. Тэр цагт Умард хятадыг эртний Хүн гүрний нэгэн хэлтэрхий болж явсан гэзэгт Табгач нар захирч, Бээжинд нийсэллэн байсан ба мөн л Хүн гүрний бүрэлдхүүнд байсан Сяньби нар хуучин умард Хүн гүрний нутгийг эрхшээн, шинэ тутам хүчирхэгжин байжээ.

Аттила мөн Кавказыг даван өмнө зүг Кушан, Парфи нарын нутаг хүртэл аялж, улмаар Сири, Хоёр мөрний хөндийд Персүүдтэй тулалдаж асан Хүн нарын нэгэн овог аймагт очиж байжээ.

Ромын өргөн их боловсрол эзэмшсэн Аттилад эдгээр аялалууд улам ихийг мэдүүлж, нүдийг нь нээж ухааруулан, жинхэнэ дэлхийн цараар сэтгэх чадвар бүхий их удирдагч болоход чухал нөлөө үзүүлсэн биз. Магадгүй тухайн цаг үед Аттила шиг тийм өргөн дэлгэр мэдлэгтэй атал, тийм өргөн уудам газар нутгаар аялан нүд тайлсан нь байхгүй л байсан болов уу. Соёлт Ромын элч нар их сайндаа л Персийн хааны ордонд хүрч байснаас биш Азийн гүнд нэвтэрч байсангүй. Бараг 400 гаруй жилийн өмнө Парфи нарт олзлогдсон Ромын нэгэн когорт цэрэг Талас голын хөндий хүрч, Парфийн холбоотон Умард Хүн улсын шаньюй Чижийн ордныг хамгаалан Хятадуудад Ромын легионы нягт жагсаал, чанд сахилга, богино илдний ирчийг мэдрүүлж байсан нь магадгүй Ромчуудын очсон хамгийн зүүн цэг болов уу.

Б.НОМИНЧИМЭД

Эх сурвалж: http://h-turuu.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж