Цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө хэвлэж амжихгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө хэвлэж амжихгүй

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
Л.Амарсанаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Н.Баясгалан нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын
сонгуулиас урьтаж цахим үнэмлэх хэвлэн,  иргэдэд тараах ажил бэрхшээлтэй
тулж амжихгүй болж байгааг дуулгалаа. Үүнд хоёр шалтгаан нөлөөлж буй юм
байна.

 Нэгдүгээрт, иргэний үнэмлэхийн бэлдэцийг энэ сарын 6-наас эхэлж 60
мянган ширхгийг Монголын тал татаж авахаар хоёр тал тохиролцоод байсан ч
дөрөвдүгээр сарын 13-нд 10080 ширхэгийг ирүүлсэн. Мөн энэ сарын 20-нд
100 мянган ширхэг бэлдэц ирсэн байх ёстой байсан ч бас л амжаагүй, энэ
мэтээр тодорхой графикийн дагуу нийлүүлэхээр тохиролцоонд хүрээнд байсан
бэлдэц нийлүүлэлт хойшлогдохоос аргагүйд хүрсэн. Францын талаас
ирүүлсэн мэдээллээр бол улаан өндөгний баяр болж, үйлдвэрлэлд тодорхой
хугацаагаар нөлөөлсний зэрэгцээ цахим үнэмлэхэд байх цонхны материал
нийлүүлэлтэд мөн бэрхшээл учирсан. Цонхны материал нийлүүлэх компани нь
цаг хугацаандаа түүнийгээ нийлүүлээгүй.

Хоёрдугаарт, цахим үнэмлэхийн чипэнд тодорхой мэдээлэл оруулах ёстой.
Үүнд ургийн овгоос эхлээд хүйс, үнэмлэхийн дугаар гэх мэт нийт зургаан
мэдээлэл багтаах ёстой. Мэдээллийг оруулахын тулд тусгай программаар
оруулах ёстой болж байгаа юм байна. Энэ ажлыг Америкийн компани хариуцаж
байгаа. Гэхдээ энэ ажлыг гүйцэтгэхийн тулд иргэний цахим үнэмлэхийг
унших тоног төхөөрөмжийн техникийн шаардлагууд бас нөлөөлнө. Сонгуулийн
ерөнхий хорооны зүгээс иргэний цахим үнэмлэх унших техникийн
шаардлагуудыг дээрх компанид гаргаж өгсөн ч “Маш энгийн үзүүлэлт байна.
Тиймээс энэхүү машинд манай талаас тохирсон програм зохиох ёстой.
Ингэхэд хугацаа шаардана, наад зах нь 14 хоног шаардана. Дээр нь
програмаа тохирч байгаа эсэхийг туршихын тулд долоо хоног шаардана.
Тохирч байвал, иргэний үнэмлэх хэвлэх ажлыг эхлүүлж болно. Хэрвээ
таарахгүй бол дахиж програм зохиох болно гэжээ. Ямар ч байсан програм
иргэний үнэмлэх унших төхөөрөмжид таарна гэж шууд тооцоолоод үзэхээр
тавдугаар сарын 10 -наас иргэний үнэмлэх хэвлэх ажил эхлэх болж буй аж.
Өөрөөр хэлбэл, анх төлөвлөснөөр зургадугаар сарын 15 гэхэд иргэний
ухаалаг үнэмлэх хэвлэх ажил дуусч, зургадугаар сарын 21 гэхэд хамгийн
сүүлчийн ухаалаг үнэмлэхийг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулна хэмээн
төлөвлөсөн нь ийнхүү сараар хойшлогдох нөхцөл байдал үүсчээ. Тиймээс
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын
ерөнхий газраас тус бүр төлөөлөл оролцсон ажлын хэсгийн өнөөдрийн
хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд бодит мэдээллийг олон нийтэд хүргэх
ёстой гэж үзэж энэхүү хурлыг хийлгэж байгаагаа мөн хэллээ.

Харин сонгууль болоход иргэд яах вэ, энэ асуултад холбогдох албаныхан
хуучин үнэмлэхээ ашиглан сонгуульд оролцохоос аргагүй гэдэг тайлбарыг
хийж байна. Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн болон насанд хүрч шинээр
иргэний үнэмлэх авахаар хүсэлт гаргасан иргэдийн тоо дөрөвдүгээр сарын
20-ны байдлаар гаргаж үзэхэд сонгуулийн насныхан нь 14 мянгаар
тоологдсон. Тэдэнд лавлах гаргаж өгөөд байгаа. Учир нь Засгийн газрын
хуралдаанаас өнгөрсөн өвөл иргэний цахим үнэмлэх хэвлэж эхэлнэ гэдэг
үндэслэлээр одоо ашиглаж байгаа үнэмлэх хэвлэх ажлыг зогсоосон. Тиймээс
одоо дахин шинээр хэвлэх боломжгүй. Тиймээс эдгээр иргэдийн хувьд
лавлагаагаар сонгуулиа өгөхөөс аргагүй нөхцөл байдал үүсчээ. Мөн
одоогийн иргэний үнэмлэхийг хэвлэдэг байсан машинуудыг 21 аймгаас татаж
авч, нэг газар төвлөрүүлэх ажлыг нэн даруй хийх шаардлагатай гэсэн
зөвлөмжийг өнөөдрийн ажлын хэсгийн хуралдаанаас гаргажээ. Ингэхгүй бол
сонгуулийн үеэр нэг иргэн хэд, хэдэн удаа санал өгөх тохиолдол гарч
магадгүй. Өөрөөр хэлбэл, дээрх иргэний үнэмлэх хэвлэх машиныг
“журамлахгүй” бол энэ мэт зөрчил гарч болзошгүй гэж болгоомжлон
аймгуудаас татах ажлыг эхлүүлэхээр болсноо дуулгалаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж