Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнтэй эрх зүйн харилцаа үүсгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа бол эхлээд тусгай хамгаалалтыг нь түдгэлзүүлж байж хэрэгжүүлэх ёстой. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол тусгай хамгаалалтыг түдгэлзүүлнэ. Гэм буруугүй гэвэл тусгай хамгаалалтыг сэргээнэ. Гэтэл тусгай хамгаалалтыг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-д хандаагүй.
Мөн баривчлах үйл ажиллагааны үеэр жирийн иргэний эрхийг зөрчсөн. Жирийн иргэний гэр орон, амгалан тайван байдал зөрчигдсөн. Ерөнхийлөгч асны ч гэр орон, эд зүйлсийг золиос болгосон. Цагдаагийн ажилтнууд эрхээ хэтрүүлж дураараа аашилбал гэмт хэргийн чанартай гэж үздэг хуультай. Буу зэвсэг гаргасан үйлдэл ч гаргасан. Эдгээр буруутай үйл ажиллагааны хариуцлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хүлээх ёстой гэж нэр бүхий есөн гишүүн байр сууриа илэрхийлсэн. Энэ байр суурь хэвээрээ байна. Явцыг ажиглаж байна. Ц.Нямдорж сайд бусдыг сандал ширээтэйгээ зууралддаг гэхчлэн хэлдэг. Өөрөө хариуцлагаа яаж хүлээхийг харж байна” гэлээ.
Гишүүн Ч.Улаан “Төр, засаг, намын ажил удаан хойрго, мэдрэмж муутай, учир битүүлэг, хариуцлагагүй явж байна. Үүнийг сануулах, шаардах хэрэгцээ үүслээ. Ц.Нямдорж сайдыг огцруулах санал тавиад долоо хонолоо. Үүнийг 14 хоног дотор УИХ эцэслэх учиртай. Сонгууль ойртож байна. Асуудлыг ёс суртахууны өндөр соёлтой шийдэх ёстой. Мөн МАН-ын сонгуулийн амлалтын хэрэгжилтийг яриад 14 хонож байна. Амлалтаа биелүүлэх хугацаа байсан. Цаг хугацаанд шахагдаад амаргүй байдалд орлоо. Ирэх долоо хоногт сонгууль товлон зарлах гэж байна. Нэн яаралтай амлалт биелүүлэх ажлыг зохион байгуулах ёстой.
Ард түмний баялаг гаднынхны гарт алдагдсаар байхад төр, засаг байр сууриа илэрхийлсэнгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой ноцтой асуудал гарч байна. Оюутолгойн гэрээ ард түмэнд ашиггүй байсан гэдэг нь нотлогдож байна” гэсэн бол гишүүн Ч.Улаан Монгол Улсын экс Ерөнхийлөгчийг баривчлах үед Монголын ард түмний дунд үе уламжлан мөрдөгдөж ирсэн ёс зүйн бичигдээгүй хууль бүдүүлгээр зөрчигдсөн гэж байлаа. Монголчууд хүн хүнээ хүндлэн дээдэлдэг, хүнийг доромжлохгүй, дээрэлхэхгүй, хүч хэрэглэхгүй байх бичигдээгүй хуультай. Үүнийг их муухай зөрчсөн гэж байв. Мөн сонгууль дөхөж байхад амлалтаа биелүүлэх бодит боломж Засгийн газарт байгааг сануулав.
Гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн гэрээ 63 жилийн дараа төсөвт ачаалалтай байх төлөв ажиглагдсан. Гадаадын судлаачид хүртэл ашиггүй гэрээ хийсэн гэдгийг бичиж хэлж байгаа гэсэн юм. Гишүүн Ц.Даваасүрэн хариуцлагагүй Засгийн газарт хариуцлага тооцох ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас эхэлье гэж нэр бүхий гишүүд үзсэн гээд Оюутолгойн 51 хувь Монголын мэдэлд байсан тохиолдолд л аюулгүй байх ёстой. Гэтэл чоно борооноор гэгчээр гадаадынхан Оюутолгойгоор наймаалцаж, сүүлийн жишээгээр Роберт Фрийдланд огцорч Рио Тинтод тодорхой хувь шилжлээ гэж байв. Энэ талаар гишүүд ирэх долоо хоногт Засгийн газарт хандах юм байна.
УИХ-ын дөрвөн гишүүн МАХН-ын даргыг баривчлах үед гэрт байж байгаад бүрэн эрхээ зөрчүүлсэн. Өөрсдөө хүчний байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн талаар асуусан сэтгүүлчийн асуултад гишүүд “Харин ч тэнд УИХ-ын гишүүд байснаараа иргэдийг тайвшруулсан. Балмад үйл ажиллагааны гэрч болсон. Бид тэнд байгаагүй бол хүчнийхний барьж орсон сүх, хутга хаашаа чиглэх байсныг мэдэхгүй. Тийм балмад үйл явдал гэрчгүй байх байсан” гэж байлаа. Ингээд гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Нэр бүхий гишүүд МАХН-д элсэх, бүлэг байгуулах талаар яригдаж байсан. Тэр асуудал яасан бэ гэсэн асуултад гишүүн Ч.Улаан “Бүлэг байгуулах, нам хагалах талаар яриагүй. Бий болсон байдлаас дүгнэлт хийх, ард иргэдээ цочролоос гаргах чиглэлээр байр сууриа илэрхийлсэн” гэлээ. “Зарим гишүүн ХОМ дээрээ Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшдэг гэжээ. Яагаад нэрлэсэн үнэ тогтоогоогүй байхад ингэсэн бэ” гэсэн асуултад “Мэдээлэл байхгүй” гэсэн хариу өгч байв.