Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хэрэгжүүлж, шүүхийн багц хуулийн төслүүдийн боловсруулан УИХ-д өргөн барьснаас гадна шүүхийн хэрэглэж буй хууль тогтоомжийг цогцоор нь боловсронгуй болгоход анхаарч байна. Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахад шаардлагатай эрх зүйн орчинг ч бий болгох талаар ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар Нээлттэй нийгэм Форумтай хамтран 2012 оны 4 дүгээр сар 26-27-нд Их Тэнгэрт “Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь” хурал зохион байгуулна.
Энэхүү хурлаар нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга зам болон эрх зүйн орчныг сайжруулах талаар хууль, өмгөөлөл, шүүхийн, мөн төрийн болон ТББ-уудын, төлөөлөл, эрдэмтэд, судлаачид оролцож, санал бодлоо солилцох юм.
Тэд цаашид нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах үйл ажиллагааг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд шаардлагатай холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар тодорхой шийдэл гаргах болно.
Энэхүү хуралд Харвардын Хуулийн сургуулийн Хүний эрхийн хөтөлбөрийн захирал, Нийтийн эрх ашгийн хуулийн дэлхийн сүлжээний Бээжин дэх салбарын захирал нар оролцож олон улсын туршлагаас хуваалцана.