”Соёо” Батсүх буюу Наранхүүгийн аав

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

”Соёо” Батсүх буюу Наранхүүгийн аав

 “СОЁО”БАТСҮХ  БУЮУ НАРАНХҮҮГИЙН ААВ

холбоо тэмдэглэл 3

 Нутгийн мэргэн ах минь миний сэтгэлд хэрхэн үлдээ вэ. Нэмэлт чимэггүй өгүүлнэм үү.
Намайг сургуульд орохын урьд жил тэднийх Өндөр шаргад өвөлжиж байлаа.  Бууцны урд талын өндөр шар хад салхи хөдлөнгүүт шүүгилдэж байгаа мэт шуугин дугардаг болохоор “Шүүгээнт шарга” гэж нэрлэдэгсэн. Сургуулийн амралтаар ирсэн гэх жоохон шар хүү надтай тоглоход ахадсан ч ширээ улаан ат уначихсан  малгайн чих дэрвүүлэн жонжуулж яваа нь сэтгэлд үлджээ. Тэр хүн бол хожмын Дарьзавын Батсүх байлаа. Жар, далаад оны Буянт-Овоо сумын дөмөгхөн сэхээтний нэг. Яагаад гэхлээр тэр үед манайхнаас сургууль соёлын мөр хөөх хүн тун цөөн байлаа.  Харин нутгийн ах Батсүх Санхүү, эдийн засгийн техникумыг Дархан аварга Жигжидийн Мөнхбатын үед /Арай нэг анги биш байгаа даа/ төгсч аймагтаа мэргэжлээрээ ажилласан. Дараахан нь ХААДС төгсөн аймгийнхаа Хөдөө аж ахуйг удирдах газарт олон жил ажилласан даа. Төлөвлөгөөний комисс гэж байхад ч тэнд ажилласан байж мэднэ. Ямар ч байсан аймгийнхаа удирдах байгууллага дахь цөөн мэргэжилтний нэгээр  олон жилийн турш дархлагдсан даа. Эхнэр нь нутаг усны  охин Дамдинжавын Сэржмядаг. Хувь заяаны тохиолоор Сэржмядаг миний төрсөн эгч Дуламжавтай нэг ангид байлаа. Тэр ч бүү хэл эгчийн сурдаг гуравдугаар анги намайг нэг дүгээр ангид байхад манай ангитай нэг гэрт зуухны хоёр талаар  эгнэн суудаг “Смени” байсныг яахав. Хоёрдугаар ангид ч энэ зохион байгуулалт хэвээр хадгалагдсан гээч. Эгч маань монгол орны газрын зураг дээр аль нэг гол ч юмуу уул нурууг зааж чадахгүй будилахад ангийхан нь “Дүүгээр нь заалга” гэж шуугилддаг байлаа. Тэдний ангид одоо ШУТИС-ийн доктор Жамьянхоролын Цэгмид , ах ангид Дубна-гийн цөмийн физикч  доктор Гончигдоржийн Хүүхэнхүү, “Халхын хар Бархас” гэж нэрлэгдсэн алдарт харваач шагайчин Жанганы Бархас агсан, дүү ангид УИХ-ын гишүүн асан, доктор Содномын Батмөнх нар сурч байлаа.

Дал хүрэхгүй суралцагчтай Буянт-Овоогийн сургууль  тэр шүү. Энэ сургуулиас Монгол улсын гавьяат хуульч Д.Зундуй, Хөдөлмөрийн баатар Л.Дашням, Гавьяат багш Ц.Чойжамц, Ардын жүжигчин А.Нэргүй, Гавьяат жүжигчин Ж.Дүнжмаа, А.Дашпэлжээ, Ц.Чулуунцэнцэг  гээд олон алдартан төрсөн л дөө. Жаахан хадуурлаа.

Батсүхийг Хөдөө аж ахуйн гурван Батсүхээс ялгахын тулд “Соёо” гэж нэрлэсэн нь хоч биш алдар хүнд адил сонсддог байж. Эдийн засагчийнхаа хувьд тухайн үед  нэртэй, удирдлагад тоогддог байсны учир аймгийн төлөвлөгөөний комисст дэвшин ажилласан.  Аймгийн хамгийн том салбар болох хөдөө аж ахуйн бүх үзүүлэлт, түүний өсөлт бууралт, хандлага төлөв бүгд түүний толгойд явсан гэж хэлж болно.

Харин түүний охин Б.Саранчимэг нь Нийслэлийн Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн захирал, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч.  Орон даяар “Жонон хонгорын” гэж бүтээлээрээ алдаршсан,  Хан Хэнтийн хүү, хөгжмийн нэрт зохиолч Л.Дашнямын бэр гэсэн. Дашням гуайнтай манайх Өндөрхаанд олон жил ёстой “Алтан хөрш” байсан болохоор сайн мэднээ. Урлагийн гэр бүл, цаг наргүй ажилтай улс байдагсан даа. Харин Д.Батсүхийн хүү Б.Наранхүү нь “Мон Уран”-ны гэж  өөрийн компаниараа овоглосон нэртэй бизнесмен болж. Аймаг орондоо хаялгатай, нутаг усныхандаа хандлагатай, “Амгалан төрийн ажнай шарга”-аар түүнийг танихгүй, мэдэхгүй хүнгүй болсон шиг.

Д.Батсүх шүлэг зохиол оролдож нэлээд бүтээл туурвисан нь “Уянгын тахилга” нэрээр хэвлэгдсэн юм.

“Уул тал, хөндий говь хосолсон
Уугуул нутаг минь Буянт-Овоо
Уртын дууны шуранхай эгшиглэсэн
Унасан газар минь Буянт-Овоо” гэж төрсөн нутгаа магтан дуулж  уул, ус уугуул нутгийнхнаа  сүслэн дээдэлж ажнай хурдан хүлгүүдийг нь уран бүтээлдээ үлдээсэн нь бид бүхэнд өв болон үлдсэн.   “Дусал нулимсны үнэтэй мөр шүлэг

                Дуулим хорвоод намайг орлон үлдэж
                Дундрашгүй амьдралын их нугачаанд
                Дуу хууртай явсныг гэрчилнэ” гэж тэрээр шүлэглэсэн нь хойч үеийхэндээ үлдээсэн гэрээслэл адил санагдана. Учир юунд гэхлээр нутгийн сайн ах маань аймгийнхаа жаран жилийн ойд хаа холын Эрдэнэт хотоос нутгаа зорин ирж ахуйдаа бурхны оронд заларсан билээ.  

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж