холбоо тэмдэглэл 2
Зэндмэн овогт Найдангийн Батсүхийг ажлынхан нь нөгөө амьдаагаас ялгах гэж “Вьетнам” гэж нэрлэсэн аж.
Гэхдээ Батсүхэд Вьетнам цусны хольц огт байхгүй. Харин төлөв төвшин, тохь, барагтайд олон дугардаггүй, тулхтай, дэндүү ажилсаг чанарыг хүндэтгэн ингэж нэрлээ болов уу. 1972 онд ХААДС төгсч ирсэн хоёр Батсүх нэг нь бод хариуцсан, нөгөө нь баг хариуцсан зоотехникчээр томилогдсон гэнэ.Сургууль төгсч ирээд хөдөлмөрийн дэвтрээ нээлгэсэн байгууллагадаа одоо ч ажиллаж байгаа гээд боддоо. Байгууллагын нэр нь хэд хэд өөрчлөгдсөн ч ажлын газраа сольсонгүй. Бүр ерээд оны эхээр байгууллагад нь мал зүйч шаардлагагүй болоход мань хүн тэндээ нярвын ажлыг ч голж сонголгүй авсан гэдэг. Дээд боловсролтой, олны танил энэ эрхмийг аль ч газар арай дөнгүүр албаа санал болгоход бэлэн байсан ч тэр “Уулын буга хараад унасан бухаа хаях”-ыг бодсонгүй. Н.Батсүх 1948 онд Дундговь аймгийн Луус сумын нутагт Шувуутай уулын Хөх овооны бууцанд төрсөн.
Аав Зэндмэнгийн Найдан нь нутаг усандаа нэр хүнд сайтай, ажигч гярхай, ажилч хичээнгүй малчин хүн байж. Тэрээр 90 шүргэм насалж үр хүүхдүүддээ буян хишгээ хайрласан бол ээж Цэндийн Сосор нь удам дагасан малчин байсан бөгөөд 3 хүү төрүүлж өсгөсөн, ундтай устай айлын эзэгтэй байж. Батсүхийн бага нас жирийн малчны хүүхдүүдийн адил өнгөрч 1957 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд даалимбан дээлтэй, даавуун цүнхтэй орж 1967 онд арваа төгссөн. Ангийг нь дааж төгсгөсөн багш гэвэл хожмоо сүүлд Монгол улсын гавъяат багш болсон Н. Өлзий юм. Эхнэр Даваахүү нь ч бас энэ ангид сурч төгссөн. Гочоогийн Даваахүү Эрдэнэдалай суманд төрж өссөн, айлын таван хүүхдийн хоёр дахь нь юм. Нягтлан бодогч мэргэжилтэй аймгийн нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт 30 шахам жил ажиллаад гавъяаныхаа амралтанд гарсан. Таван хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх. Үр хүүхдүүд нь өсч нас биед хүрч, боловсрол мэргэжил эзэмшин, хань ижил үр хүүхдүүдтэй болж өрх тусгаарлан сайн сайхан ажиллаж амьдарч байна.
Төр засгийн шийдвэрээр байгууллага нь удирдлага зохион байгуулалтын хувьд хэд хэд өөрчлөгдөж нэр хаяг нь солигдсон ч Батсүхийн хувьд байгууллага дамжиж ажил солиогүй, бараг л ХАА- гаар овоглох болсон юм.
Төлөв даруу, шулуун шудрага, ажилч хичээнгүй, нягт нямбай тусархаг, ажлын төлөө л төрсөн хүн. Ажил хичнээн их байсан ч түүнийг хийсэн болж оромдож өнгөрөөхгүй үнэн сэтгэлээсээ өөриймсөг хандаж бүрэн гүйцэд чанартай хийхийг эрхэмлэдэг. Санаа зөв бол заяа зөв гэж ярьдаг нь их л үнэн үг. Аймгийн ХАА, ялангуяа МАА-ын талын бүхий л асуудлыг боловсруулах, шийдвэрлэх, зохион байгуулах цаг наргүй их хөдөлмөрт өөрийн мэргэжил мэдлэгээ зориулж ирсэн тэр бүгдийг яахан тоочиж барах вэ.
Тэр нөр их ажлынхаа чөлөөт цагаар марк, энгэрийн тэмдэг, зоосон мөнгө, монгол цаг тооны бичиг, монгол бөхийн холбогдолтой ном зураг, аймаг сум байгууллагуудын танилцуулага, түүхэн баримт материал, ном товхимол, дарцаг, ил захидал, дугтуй зэрэг төрөл бүрийн зүйл цуглуулах хоббитой.
Ялангуяа дэлхий дахинд “Цуглуулгын хаан” гэж хүлээн зөвшөөрөгдсөн шуудангийн маркийг сонирхон түүх соёлын чухал баримт нь гэж ярьдаг. Монголын анхны маркаас эхлээд алт, мөнгөн марк, бичгийн цаасны хэмжээтэй шахам том марк зэрэг олон сонирхолтой марк байгаа. Монгол шуудангийн 4000 гаруй марк гарсаны 90 гаруй хувь нь лав бий. Энгэрийн тэмдэг ч 2-3 мянга байдаг. Аймгуудын тэмдэг гэхэд л аймаг бүрээр 5-10 гаруй янз байх шишээтэй. Их дээд сургуулиудын ромбо тэмдэг 160 хүрчээ. Батсүхийн цуглуулга болон ажил төрлийн холбогдолтой хөтөлгөө, тэмдэглэл, баримт материалыг үзэж танилцсан хүмүүс бэсрэгхэн музей үзэх шиг боллоо гэдэг юм. Харин одоо дэлгэн үзүүлэх байр давчдаад тэр бүхнээ олны хүртээл болгож тэр бүр чаддагүй аж.