Дундын говийн гурван Батсүх

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Дундын говийн гурван Батсүх

“ОРОС” БАТСҮХ  БУЮУ ГАВЬЯАТ  МАЛ ЗҮЙЧ

холбоо тэмдэглэл 1

Мандалговийн өглөө эрт эхэлжээ.  Батсүх ажил руугаа холоос бяруу хөтөлсөн шиг харагдах  шар цүнхээ барин алхалж явав.
Хэсэг хүүхэд хошууран дагаснаа “Компаан, тэмдэг есть” гэх нь тэр. Эгдүү нь хүрсэн мань эр “ Юү гэнээ, муусайн турсаганууд” гэвэл тэд тоос татуулан булан тойрон зугтааж.  Далаад оны дундуур  энд олноор байсан орос мэргэжилтний нэг гэж гэнэхэн хүүхдүүд андуурсан нь энэ. Тухайн үед Дундговь аймгийн Хөдөө өж ахуйн газарт  гурван Батсүх байсныг хооронд нь  ялгахын тулд түүнийг  “Орос”,  нөгөөг “Вьетнам”,  гуравдахийг “Соёо” хэмээн нэрлэсэн нь тун оножээ. Үнэхээр ч гадна төрхөөрөө оросжуу эл эрхмийг андуурсан багачууд буруугүй л дээ. Энэ бол өдгөө Монгол улсын Гавьяат зоотехникч  Лхамын Батсүх бөлгөө.  Дундговьдоо бол Мал зүйчдийн жинхэнэ “Загалмайлсан эцэг” гэлтэй. Уугуул нутаг нь Дундговь аймгийн Хулд сум. Дөшийн жирэм гэж  сайхан нутаг түүний тоонот.    Өөрийгөө “Би харчин хүн” гэж удам судраараа гайхуулах дуртай. Бараг л “Би харчин гэхгүй юм бол хэн харчин гэх юм” гэнэ шүү дээ. Дундговьчууд хөгшин, залуугүй л түүнийг “Баваа” гэж хүндлэн авгайлна. Ер нь бол  1963 онд Алтанбулагийн техникум  дүүргэн малын бага эмч хүн. Хожмоо ХААДС төгсөхдөө зоотехникчийн дипдом өвөртөлсөн.  ХАА-н ухааны магистр, Монгол Улсын зөвлөх мал зүйч хүн. Алма-Атад суралцаж шинжээч–зоотехникчийн зэрэг, мэргэжил эзэмшиж   Казакстан, Египет, БНХАУ, Буриад АССР-ийн Улан-Үдэ, Иркутскт мэргэжил дээшлүүлэн хонь ямаа, тэмээний шинжээч зоотехникчээр дагнан мэрэгшсэн. Түүний ажилласан газар гэвэл ажлын гараагаа Дорнод аймгаас эхэлж 1963-1965 онд Дорнод аймгийн Хэрлэн САА-д, 1965-1967 онд Дундговь аймгийн ХААУГ-т тус тус малын бага эмч, 1972-1980 онд Дундговь аймгийн ХААУГ-т бог мал хариуцсан  зоотехникч, 1980-2007 он хүртэл аймгийн МАА-н үржлийн газрын даргаар 27 жил, 2007 оноос аймгийн цөм сүргийн үржлийн аж ахуйн захирлаар одоог хүртэл ажиллаж байна.

Л.Батсүхийн эхнэрийг Цэвэлсодномын Дунагаа гэдэг.  Насааараа багшилсан, олон зуун бяцхан шавь нартаа хүндэтгэгдэн өргөмжлөгдсөн сайхан ээж. Тэд хүүхдийн аав, ааж бөгөөд одоо ач гучаа тойруулан өнөр өтгөн, аз жаргалтай  аж төрж байгаа юм.  
           
Дундговь аймгийн  дөч гаруй жилийн мал сүргийн тоо толгой,  үүлдэр угсаа, ашиг  шим, бүтээгдэхүүүний үйлдвэрлэлт, шинжлэх ухааны ололт, шинэлэг технологи, тэргүүн туршлага, шинэ санаачлага бүхэн Батсүхийн нэртэй холбоотой. Эрдэнэдалай суманд “Баяд” үүлдрээр сайжруулсан хонин сүрэг, Баянжаргалан суманд Дорнодын улаан омгийн үхрээр сайжруулсан үхэр сүрэг, Хулд суманд “Олдохын хүрэн” хэвшлийн тэмээн сүрэг гээд Батсүхийн олон жилийн хөдөлмөр, зүтгэлийн бодит үр дүнг илтгэнэ. Түүний энгэрт Монгол улсын гавьяатын тэмдэг,  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одон гялалзан байх бөлгөө. 

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж