БСШУЯ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газартай хамтран зохион байгуулсан “Ширэн цартай морин хуурчдын улсын анхдугаар уралдаан”-ы шилдгүүдийг толилуулъя.
Гран при шагнал: П.Мөнхжин /СУИС/
Нэгдүгээр байр: Б.Санжаажав /Хөгжим, бүжгийн коллеж/
Хоёрдугаар байр: М.Бат-Өлзий /Хөгжим, бүжгийн коллеж/
Гуравдугаар байр: У.Хатанболд /СУИС/
Шагналт байр: Б.Мөнхбаяр /ХБК/, Б.Хонгор /СУИС/, С.Төрбат /СУИС/, С.Төмөрбат /СУИС/
Шүүгчдийн нэрэмжит шагнал: Б.Баасансүрэн /Хүүхдийн ордон/, Ж.Бөхжаргал /СУИС/
“Ширэн цартай морин хуурыг монголчууд 1950-аад оны дунд үе хүртэл хэрэглэж ирсэн түүхтэй. Харин өдгөө ширэн цартай морин хуур нь тайзны хөгжим болтлоо хөгжжээ. Тухайн үед урлагийн сургуулиуд үүсэн байгуулагдаж, ширэн цартай хуурыг ашигладаг байсан ч бороотой, чийгтэй үед гулдайгаад дуугардаггүй зэрэг бэрхшээл байсан учраас 1966 онд ЗХУ-аас хийлийн нэрт мастер Монголд ирж, Хөгжим, бүжгийн сургуулийн дотуур байранд морин хуурч Б.Жамьяан, Ж.Биндэрьяа гуай нарын хамт эхний арван мастер хуур мэндэлж байжээ. Ширэн цартай морин хуурь нь нийгмийн хөгжлийн явцад тоглож буй хүмүүстээ бэрхшээлтэй зүйлс олон байсан учраас орхигдон мастер хуур хүч аван хөгжсөн аж. Ширэн цартай хуур бол Монгол уртын дуу, бие биелгээ, ерөөл магтаал хайлахад хамгийн сайхан тохиромжтой байдаг. Тиймээс ширэн цартай хуур нь мартагдах бус эргээд хэрэглээ болж, хэрэгтэй зүйл байна гэдгийг мэдэрчихсэн учраас манай мастерууд эргэж ширэн цартай хуур хийж, оюутнуудын дунд анхдугаар уралдааныг зохион байгуулж, бусад мастерууддаа туслаад ийнхүү нэгдэн чуулж байгаа нь энэ удаагийн уралдааны ололт байлаа” хэмээн мэргэжлийн уран бүтээлчид онцолсон юм.
Тус уралдааны ерөнхий шүүгчээр ажилласан Ардын жүжигчин, Төрийн шагналт, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Б.Батчулуунтай уулзлаа.
-Ширэн цартай морин хуурчдын анхдугаар наадмын онцлог юу байв?
-Олон сургууль, мэргэжлийн сургалтын төвийн морин хуурчид анхдугаар тэмцээнд оролцож чадсангүй. Энэ нь морин хуур хөгжмийн хэрэглээ, хийцтэй холбоотой байсан болов уу. Эргээд ширэн цартай хуураар тоглож байгаад анхаарал зүйл байна. Тэр нь, ардын уламжлалт уртын дууг хэрхэн тоглодгийг сайтар сураагүй зүйл их анзаарагдлаа. Цаашид хоёр жилд нэг удаа зохион байгуулж байх юм.
-Уралдааныг хэрхэн дүгнэсэн бэ?
-Хоёр шаттайгаар явагдсан. Эхний шатанд заавал тоглох уртын дуу, татлага, Чойдог багшийн “Талын аялгуу” романсыг тоглосон. Хоёрдугаар шатанд Цоодол гуайн зохиосон “Хэрлэн баян улаан” уртын дуу, Дугаржав гуайн “Жавхлант сүрэг”, Банзрагчийн “Алтан говийн унага” гэсэн дуунуудыг болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуягийн концертын зохиолуудыг тоглосон.
-Шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулбал?
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт хөгжим урлаач, морин хуурын нийгэмлэгийн дэд тэргүүн, “Аргасан мюзик” компанийн ерөнхий захирал, энэхүү уралдааныг санаачлан зохион байгуулагч Уламбаяр, уралдааны ерөнхий шүүгчээр миний бие болон шүүгчээр Хөгжим, бүжгийн коллежийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чинбат, хяналтын шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг нар ажилласан. Ололт давамгайлж, алдаа оноо тодорсон сайхан уралдаан боллоо. Эргэж ширэн цартай хуур эгшиглэж байгаа нь үнэхээр сайхан зүйл боллоо хэмээн уран бүтээлч хүний хувьд бодож байна.