“Гэмт хэрэгтэнг илрүүлэхийг эрх баригчид хүсдэггүй”

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

“Гэмт хэрэгтэнг илрүүлэхийг эрх баригчид хүсдэггүй”

МоАХ-г үүсгэн байгуулагч С.Зориг агсан өнөөдөр 50 нас хүрэх байлаа. 1998 онд Дэд бүтцийн сайд байх үедээ бусдын гарт харамсалтайгаар хорлогдсон түүний мэндэлсэн өдөр уламжлал ёсоор төрөл төрөгсөд, анд нөхөд нь, нийгмийн зүтгэлтнүүд, хүндэтгэн хайрладаг Монголын ард түмэн С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ИЗ-НН намын дарга С.Оюун сэтгэгдлээ хуваалцсан юм.

-Таны ах С.Зориг өнөөдөр 50 нас хүрэх байлаа…?

-Өнөөдрийг би хувьдаа баярт өдөр гэж бодож байна. Би ийм мундаг, чадалтай ахтай байснаараа үнэхээр их бахархаж байна. Зөвхөн би ч биш, манай гэр бүл биш,  Монголын бүх ард түмэн ахаар минь бахардаг гэж боддог. 1990 онд нөхдөө удирдан, 27-хон насандаа ардчилсан хувьсгал, өөрчлөлтийг тайван замаар авчирч чадсан нь бахархал төрүүлдэг. Миний ах улс төрд наймхан жил байхдаа асар их өөрчлөлт, шинэчлэл хийж чадсан.

-Гэмт хэрэгтэн илрэхгүй байгаа нь юутай холбоотой гэж боддог вэ?

-Энэ хэрэг илрэхгүй байгаа нь улс төрийн хүсэл, зориг байхгүйгээс шалтгаалж байгаа юм. Улс төрийнхөнд анхандаа ч байгаагүй, одоо ч энэ хэргийг илрүүлэх хүсэл байхгүй.  Цагдаагийн байгууллага хүн амины хэргийг маш сайн илрүүлж чаддаг. Цаана нь улс төрийн сэдэлтэй, захиалгатай байсан болохоор улс төрийн хүсэл эрмэлзэл дутаад байгаа юм.

-Найдлага тань бөхөж байна уу?

-Ажлын хэсэг одоо болтол байж л байгаа. Ажлын хэсгийн мөрдөн байцаагчдыг ажлаа сайн хийж байгаа гэдэгт итгэдэг. Тэд нарт эрх баригчдын хүсэл зориг  нөлөөлж байж л ажил нь урагшлах байх. Ажлын хэсэг 14 жил ажиллаж байгаа. Нэлээд олон зүйлийг нотлохын төлөө явсан. Гэвч төр засаг, эрх баригчид маань арчаагүй байна даа гэж боддог.

-Та бүхэн ардчиллын архив үүсгэх гэж байгаа гэж сонссон. Энэ тухай?

-Тийм ээ, “Зориг” сангаас “Ардчиллын аман түүх” хэмээх төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 1990 оны ардчиллын түүхэн он цаг, үйл явдлын гэрч байсан гол гэсэн 100 хүнээс ярилцлага авч байгаа юм. Тэр үеийн аман түүхийг бүрдүүлэх зорилгоор видеогоор архивлаж байна. Цаашид ном болгон хэвлэнэ.

“Нээлттэй нийгэм” форум бидэнд тусалж байгаа. 1990 оны ардчиллын агуу түүх залууст хүрнэ гэдэг маш чухал зүйл юм.

С.Зориг агсны дотны найз, “Ардын эрх” сонины орчуулагч Ш.Мягмарсүрэн:

-“Миний найз амьд сэрүүн байсан бол өнөөдөр 50 насны баяраа аятайхан тэмдэглэх байсан болов уу. Миний хувьд ахынх нь найз байсан. 1990 оноос С.Зоригтой хамтран ажиллаж, нөхөрлөж эхэлсэн юм. С.Зориг бол дөлгөөн, тайван, илүү дутуу үггүй, төлөв хүн байсан даа. Ардчилсан хувьсгалын  удирдагчдаас үзэл бодол нь хамгийн зөвөөр, цэгцтэй бүрэлдэн тогтсон хүн байсан юм. Миний найз амьд сэрүүн байсан бол өнөөгийн Монголын нийгмийн байдал арай л өөр байх байсан”

ИЗ-НН-ын дарга Д.Энхбат: “Би С.Зориг агсантай ойр дотно байгаагүй. Одоо хүмүүс 1990 онд ярьж байсан зүйлээсээ ухарч байна. Тийм ч учраас ард түмний ардчилалд итгэх итгэл алдарч байна. Өнөөдөр С.Зоригийн төрсөн өдрөөр ийнхүү цуглаж байгаа нь тэр үед ярьж, амлаж байсан зүйлүүдийг дахин сануулах зорилготой гэж бодож байна” гэлээ.

                                        Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж