“Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргая” хөдөлгөөний зохицуулагч З.Баянсэлэнгийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр саатуулсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл сая авсан мэдээллээр Сүхбаатар дүүргийн шүүхээс З.Баянсэлэнгийг Дэнжийн мянгын 111-р хорих ангид 14 хоног хорих шийтгэл ногдуулжээ. Тиймээс түүнийг дээрх газарт хорихоор цагдаагийнхан авч явлаа гэх мэдээллийг эх сурвалжаас авлаа. З.Баянсэлэнгэ “Би хууль бус нэг ч үйлдэл хийгээгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт жагсаал цуглаан байгуулах хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн. Бүх зүйл маань хууль журмын дагуу хийгдэж байгаа. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсний минь төлөө намайг хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Үндсэн хуулиар хамгаалсан эрхээ эдэлсэн хүнийг баривчлан хорьж зоригийг минь мохоох гэсэн улс төрчдийн оролдлогоос би хэзээ ч айхгүй. Цаашид ч тэмцэх болно” гэжээ.
Г.Дарь