Юлия Тимошенкод шинэ хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Юлия Тимошенкод шинэ хэрэг үүсгэжээ

Украин улсын Харьков хотын шүүхэд Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенкод эрүүгийн шинэ хэрэг үүсгэсэн талаар Вести.Ру мэдээлэв.

Өмнө нь Ю.Тимошенкод эрх мэдлээ хэтрүүлэн байгалийн хийн хэлэлцээрт гарын үсэг зурсан учир долоон жилийн хорих ял оноогоод байсан билээ. Харин одоо түүнийг улсын хөрөнгө завшсан хэрэгт татаж байна. Мөрдөн шалгалтын үеэр Ю.Тимошенко ойролцоогоор нэг сая орчим ам.долларын гоёл чимэглэлийн зүйлс өөртөө авсан гэж тогтоосон ажээ. Энэ худалдан авалтыг хийхдээ татвар төлөөгүй нь мөн илэрсэн гэнэ. Энэ хэргээр Ю.Тимошенкод 12 жилийн хорих ял оноож магадгүй байгаа юм. Харин шүүх хуралд тэрбээр өөрөө ирээгүй аж.

Харьковын шүүхийн гадна лидерээ дэмжихээр улаан цагаан өнгийн дарцаг барьсан намынх гишүүд цугларсан гэнэ. Тэд Украины олон хотуудаас Харьковыг зорин ирснээс гадна Киев хотын Печерскийн шүүхийн гадаа майхан барьсан Тимошенког дэмжигчид байгаа ажээ.

Харьковын төвд байдаг Руднева талбайд Ю.Тимошенког дэмжсэн болон эсэргүүцсэн талуудыг цагдаа нар хооронд нь тусгаарлаж байсан байна. Хоёр талд тус бүр гурван мянга орчим хүн цугларсан бөгөөд Тимошенког дэмжигч тал өөрсдийн эсэргүүцлээ чангаар илэрхийлж байсан ажээ.

Улс төрд орохоосоо өмнө Ю.Тимошенко ЕЭСУ корпорацийг удирдаж байсан бөгөөд улс төрд ажиллаж байхдаа ч бизнест хүчтэй нөлөөтэй байсан юм. Тэрбээр мөн корпорацийн татвар төлөөгүй болон эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт 1990-ээд оны сүүлчээр татагдаж байсан ч 2005 онд Ющенкогийн тушаалаар хэргийг хаасан билээ.

Харин одоо Ю.Тимошенкогийн биеийн байдал болон Европын эмч нарын дүгнэлт түүний хувь заяаг шийдэхэд чухал нөлөөтэй болоод байгаа юм.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж