Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд албан тушаалаасаа огцорчээ. Ингэхдээ удирдлагын үүргээ компанийн 51 хувийн хувьцааг эзэмшигч “Рио Тинто” компанид шилжүүлсэн байна. Оюутолгойн стратегийн ордыг илрүүлсэн тэр цагаас хойш Роберт Фрийдланд гэх нэр монголчуудад хэдийнэ танил болсон. Канад, АНУ-ын давхар иргэншилтэй энэ эр Америкт амьдардаггүй 40 тэрбумтны тоонд бичигддэг юм билээ. Түүний хувьд тэрбумтнуудын тоонд бичигдэх болсон нь уул уурхай, ашигт малтмалтай салшгүй холбоотой. Тэрбээр анх “Галактик Ресурс” компанийг эзэмшсэнээр уул уурхайн салбартай холбогджээ. Гэхдээ түүний эрхэлсэн ажил багагүй хэл ам дагуулдаг. Үүнээсээ болж Р.Фрийдланд “Хорт Боб” хэмээх хочтой болсон аж. Түүнчлэн Канадад уул уурхайг эрхлэн явуулснаас болж 10 гаруй гол мөрний урсацад сөргөөр нөлөөлсөн гэдэг. Мөн Замби, төв Африк зэрэг улсад хайгуул хийн ашигт малтмал олборлож, Амазонкоос болор, алмааз зэрэг үнэт чулууны орд газрыг нээж байсан удаатай. Энэмэтчилэн ашигт малтмалтай улс оронд ажиллаж явсаар хэдэн жилийн өмнөх нэгэн өдөр Монголын Оюутолгойг олж харсан нэгэн. Ямартай ч тэрбээр одоо Оюутолгойг орхиж, “Ivanplat” хэмээх компанидаа ажиллахаар болжээ. Харин түүний энэхүү компани нь Лондонгийн Хөрөнгийн бирж дээр IPO хийхээр зэхэж байгаа аж. Ийнхүү Монголын уул уурхайн салбарын “тоглоом”-оос “Хорт Боб” гарлаа. Гэхдээ түүнийг Монголд дахин ирэх, ирэхгүйг хэн ч таашгүй.
Ц.ЭНХЦЭЦЭГ
"Улс төрийн тойм" сонин