Монгол ажилчдад маш бага цалин өгч байна

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Монгол ажилчдад маш бага цалин өгч байна

Монгол
нутгийн говь, тал, хээр, уул нуруу ер нь хаасайгүй харийнхан “шүлсээ
гоожуулж”, хумсаа ху­галсан ч үл тоон ашигт малтмал руу улайрч байна.
“Танай эх оронд тийм ч сайхан юм хийж өгнө, ийм ч тансаг харшид
амьд­руулчихна” хэмээн ам­лалт өгсөөр байж тэд уул уурхайн хэдэн мянган
ашиглах эрхийг өвөртөлж чаджээ. Өнөөдөр өмнийн говь “үнсэн говь” болж
золиослогдож байна. Газрын баялгаар хөлжсөн гадны хөрөнгөтнүүд, Монголын
олигархиуд, улс төрчид, бас ард иргэд элсэн шаргал говиос хувь горьдож
алгаа дэлгэн гуйлгачин  шиг царайлж сууна. Гэтэл тэд тийшээ ийн
анхаарлаа хандуулж байх хойгуур Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд
Монголын зүүн хэсгийг сүйдэлж, бүр Монгол хүмүүсийг боол мэт зарцалж
байна. Жишээ нь, Хэнтий аймгийн Бор-Өндөрийн нутаг дэвсгэрт ор­ших жонш,
төмрийн хүдэр, нүүрс­ний ил, далд уурхайн лиценз эзэм­шигчид иймэрхүү
байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Дан ганц тэднийг ч хэлэлтгүй тэнд
Мон­гол бизнесменүүд ч нэлээд байгаа гэнэ. Ядахдаа тэнд уул уурхайн ямар
ч мэргэжил, бо­ловс­ролгүй хүмүүс уурхайн дарга, захирал хийгээд явж
байгаа нь нутгийн иргэдийн сэтгэлийг ихэд гонсойлгож байгаа аж. Тэд энэ
чиг­лэлийн эзэмшсэн мэргэжилгүй бо­лохоор ядаж нөхөн сэргээлт хийх,
уурхайн үйл ажиллагааг стандартын да­гуу явуулж чадахгүй  байгааг
нутгийнхан эсэргүүцээд дийл­дэггүй гэнэ.

МОНГОЛ АЖИЛЧДЫГ УСАНД Ч ОРУУЛДАГГҮЙ ГЭНЭ

Бор-Өндөр
тосгоны нутаг дэвс­гэрт БНХАУ-ын 100 хувийн хө­рөнгө оруулалттай “Лут
чулуу”, “Жинхуа” компанийн охин компани “Дөрвөлж”, Оросын хөрөнгө
оруулалттай “Бор толгойн орд”, түүнчлэн Сүхбаатар аймгийн нутагт
нүүрсний олборлолт явуулдаг “Эн­гүйн тал”, охин компани нь болох
“Нутгийн гал”, “Талын гал”, “Цэгээн үүд” зэрэг компаниуд байгаа аж.
Эдгээрээс “Лут чулуу, “Жинхуа” компани Монголын хууль шүүхийг басамжилж,
тэр дундаа Монгол ажилчдын эр­хийг ноцтойгоор зөр­чиж байгаа аж. Тус
компаниуд жонш, төмрийн хүдэр олборлодог. Үйл ажиллагаа явуулаад зургаан
жил болж байгаа аж. Тав, зургаан жил олборлолт явуулна гэдэг бол тухайн
компанийг хөл дээрээ боссонд тооцохоор хугацаа. Гэтэл тэд ажи­лагсаддаа
195-хан мянган төгрөгийн ца­лин өгч байгаа юм. “Лут чулуу” компани нийт
100 гаруй ажилтантай. Харин “Дөрвөлж” компани 30 гаруй ажилтантай.
Монголд одоо хамгийн өндөр цалинтай нь уул уурхайн сал­бар. Гэтэл энд
огт эсрэгээрээ. Уурхайн ажилчид ямар ч амралтгүй бүтэн 31 хоногийн турш
хар хүчээ шавхан байж дээрх мөнгийг авна. Хамгийн дээд талын цалин нь
бутлагч, операторуудад ихдлээ гээд 230 мянган төгрөг л өгдөг байна.
Гэхдээ ганцхан цалингийн асуудал ч биш. Ажилчдын ариун цэвэр, хөдөлмөр
нийгмийн хамгаалал зэр­гийг уг компаниуд хамгийн ихээр зөрчиж байгааг
мэргэжлийн бай­гууллагууд тогтоожээ. Тухайлбал, ажилчдаа усанд
оруулдаггүй, хувцсыг нь угаах орчинг бүрдүүлээгүй, зориу­лал­тын байр
сууцгүй зэрэг зөрчил удаа дараа гарсаар байгааг мэргэжлийн хяналтын
газраас анхааруулсан ч нохой хуцсанчинээ тоодоггүй гэнэ. Цаашилбал,
Сүхбаатар айм­гийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Цэгээн үүд” компани
уурхайн ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт огт хамруулдаггүй, хор тайлах
ви­таминжуулалт өгдөггүй зэрэг хэд хэдэн зөрчил гэргэжээ. Түүгээр ч
барахгүй Хятадын хөрөнгө оруу­лалттай компаниуд манай төрийн түшээдийн
зургийг бурхан мэт ихэд хүндэлж байсан нь шалгалтынханд сонин санагджээ.
УИХ-ын гишүүн Батж.Батбаярын зургийг ханандаа өлгөж “Манай хөрөнгө
оруулагч” хэмээн хэлж байсан гэнэ.

НЭГ ТОГООНООС ХОЁР ШАНАГААР ХУТГАЖ БОЛОХГҮЙ

Тал
булгийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй Монгол эзэнтэй хэд
хэдэн компани байдаг аж. Гэхдээ харамсалтай нь энд хууль зөрчиж, дээрээс
нь мөнгө л байвал тэдэнд газар шороо, уур­хайд гал гарч байгаа эсэх
тийм сонин биш аж. Учир нь Монголын геологи, эрчим хүч, уул уурхайн
үйлдвэрчний холбооны дарга С.Ганболд өнгөрсөн арванхоёрдугаар сард тус
ком­паниудын үйл ажиллагаатай та­нилцаж байхад “Нутгийн гал”, “Та­лын
гал” компаниудын олборлолт явуулж байсан ордын нэг талд утаа суу­наглаж
байжээ. Гэтэл тэр нурмаг одоо хүртэл унт­раагаагүй хэвээр байгаа аж.
Хуу­лийн дагуу ийм уурхайнуудыг хаа­даг байна. Монголд лиценз
дав­хардуулж ол­госноос болж хүндрэл үүсч байгаа талаар С.Ганболд дарга
тухайн үед онцолж байсан юм. Дээрх ордын нэг аманд хоёр компани үйл
ажиллагаа явуулдаг гэнэ. “Энгүйн тал” компанийн охин компани болох
“Нутгийн гал” компанийн захирал Ч.Амар­баатар уул уурхайн мэргэжилгүй,
гэсэн хэр нь моринд хоббитой нэ­гэн аж. Бас уг компани лицензийн
зөрчилтэй гэнэ. Харин нөгөө компани нь гавьяат уурхайчин Санжаагийн хүү
Цэрэн­дон­довын “Талын гал” компани юм. Энэ хоёр компанийн дунд сүүлийн
үед нэлээд маргаан үүсэх болсон бай­на. Тодруулбал, “Нутгийн тал”
ком­панийн удирдлагууд аймагтаа ихэд нөлөө бүхий хүмүүс байдаг болохоор
“Талын гал” компанийн борлуулалтад сөргөөр нөлөөлөх болсон талаар
нутгийнхан хэлдэг аж. Тэгээд ч хуулиараа бол нэг амнаас олон компани
олборлолт явуулахыг хориглодог. Өөр­өөр хэл­бэл “Нэг тогооноос хоёр
ша­нагаар хутгаж болдоггүй”-тэй адил гэсэн үг.  Хамгийн гол нь эдгээр
уур­хайнуудад хүртэл намчирхах, нутгархах бай­дал газар авсныг
мэргэжлийн хяналтын газрынхан онцолж байлаа.

Дээрх нэр дурьдсан
уурхай­нуудын зүй бус үйлдлийн талаар Монголын геологи, эрчим хүч, уул
уурхайн үйлдвэрчний холбооны дарга С.Ганболд “Хята­дын хө­рөнгө
оруулалттай “Лут чулуу”, “Жинхуа” компаниудад то­дор­хой шаардлага
хүргүүллээ. Харин тэд зарим шаардлагыг биелүүлэх санал ирүүлсэн. Гэхдээ
Монгол хүмүүсийн цалинг нэмэх талаар ямар ч хариу” хэмээлээ.

Л.БААТАРХҮҮ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж