Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүг Авлигатай тэмцэх газраас дуудаж гэнэ. Тэгээд түүнд “Н.Энхбаярыг өмгөөлөх эрхгүй” гэдгийг нь уламжилжээ. Учир ийм тул О.Баасанхүү экс Ерөнхийлөгчийн хэрэгт холбоотой Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцохгүй, хорих анги руу нэвтрэхгүй. Үүнтэй холбоотой албан бичгийг Авлигатай тэмцэх газрынхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт хүргүүлжээ. Шалтгаан нь тун энгийн. О.Баасанхүүгийн үйлчлүүлэгчтэйгээ байгуулсан гэрээ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хамаарахгүй гэх. Гэтэл О.Баасанхүүгийн ярьснаар бол тэрбээр уг нь Авлигатай тэмцэх газраас зөвшөөрлийн бичгийг нь авсан юм байж л дээ. Нэг иймэрхүү толгой эргүүлсэн асуудал Н.Энхбаярын өмгөөлөгчийг тойрон эргэлдэж байна. Цагдаагийн экс дарга нарын хувьд өмгөөлөгчтэй болох аз дутав. Уг нь Сүхбаатар дүүргийн шүүхээс тэдэнд зориулан хэдэн өмгөөлөгч томилж өгсөн юм байх. Гэвч гурав хоногийн дотор өчнөөн олон хавтаст хэрэгтэй танилцаж, хоорондоо санал солилцож, энэ хэргийг нэвтэрхий мэддэг болж чадахгүй гэдгээ тэдгээр өмгөөлөгчид шүүхэд тайлбарласан байна. Тэд үйлчлүүлэгчдийнхээ байр суурийг хамгаалж чадахгүй гэдгээ мэдэж байлаа.
Тиймээс цагдаагийн экс дарга нарыг өмгөөлөхөөс татгалзав. Тэр ч байтугай эсэргүүцэл илэрхийлж Нийслэлийн шүүхэд мэдэгдэл хүргүүлсэн байна. Үр дүнд нь цагдаагийн экс дарга нарын шүүх хурал хойшиллоо. Ийм явдал болох нь илэрхий байхад яагаад сүржигнээд байсныг ойлгохгүй юм. Эсвэл өмгөөлөгч нарын ажлыг иймэрхүү замаар хааж боож кайф авдаг болоо юу.
Долоодугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой шүүх хурал Н.Энхбаярын дуулианд дарагдчихсан болохоос биш олны анхаарлын төвд байсан юм шүү. Тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарыг шүүх танхимд гэрчээр авчруулж чадсан шүүх хурал эцсийн шийдэлд хүрч чадалгүй хойшилсон билээ. Цагдан хорих 461 дүгээр ангид болсон цагдаагийн экс дарга нарын шүүх хурлыг орхин гарсан өмгөөлөгч О.Алтангэрэлийг тэр үед баривчилсан. Шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан боловч түүнийг нь хүлээж аваагүй шүүгчид бухимдсан О.Алтангэрэл үйлчлүүлэгчдээсээ татгалзсан нь ийнхүү хоригдох шалтгаан болжээ. Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан үндэслэлээр баривчилсан гэх тайлбарыг өгсөн юм. Тэрхүү 30 дугаар зүйлд “Шүүгдэгч, гэрч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, шинжээч,орчуулагч болон шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүхэд дуудагдсан этгээд хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийх болон тогтоосон журам илтэд үл хүндэтгэсэн бол 5000-25000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна” хэмээн заасан байдаг аж. Ерөнхийдөө шүүх, прокурорыг үл хүндэтгэж, шүүх ажиллагааны явцад санаатайгаар саад учруулсан гэх гээд байна. Тийм учраас Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэлийг 14 хоног хорихоор болов.
Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг мөн л баривчилсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ ийм шийдвэр гаргажээ. Шалтгаан нь О.Алтангэрэлийнхтэй ижил. “Шүүх хурлын үеэр шүүхийг үл хүндэтгэсэн. Шүүх хуралдааныг санаатай хаяж гарсан” гэж. Уг нь Т.Мөнхдэлгэр Г.Ганбаатарын өмгөөлөгч болсноос хойш ердөө тавхан хоногийн дараа шүүх хуралд оролцохоор болсон. Таван хоног гэдэг нь 29 хавтаст хэргийг “өөриймшүүлэх”-д хангалтгүй хугацаа. Ингээд шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан ч түүнийг нь хүлээж аваагүй учир Т.Мөнхдэлгэр үйлчлүүлэгчдээсээ татгалзаж, О.Алтангэрэлийн араас мөр дагав. Ингэж явсаар Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах, баривчлах төв байранд очиход хүрсэн. Бүр нэг өрөөнд орсон гэж байгаа. Юу л болоод байна даа.
"Улс төрийн тойм" сонин