З.Буяннэмэх гэж мундаг залуу байна. Тэр улаан гараараа гэмт этгээдтэй үзэлцэж, 216 хүний амь насыг аварлаа. Тайландаас Хонконг руу нисч яваа онгоцыг унагаах үүрэг авсан Филиппиний амиа золиослогчийн урьдаас сайтар бэлтгэж, төлөвлөсөн ажиллагааг Монгол залуу нэг дайраад л бусниулж орхив. Ингээд манай З.Буяннэмэх ганцаараа хэрнээ 216 хүнийг аварсан байгаа юм. Одоо цөмөөрөө З.Буяннэмэхдээ баяр хүргэхийн зэрэгцээ түүнийг багш болгоё. Профессор цол хэргэмийг нь өгье. Тэгж байгаад түүгээр цагдаа, тусгайгийн хэдэн ажилтанд дорвитойхон шиг хичээл заалгая. Тэгэхгүй бол гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх үүрэг хүлээсэн хэд маань уруудаж, доройтож гүйцлээ, бүр. Муусайн бүтэлгүй юмнууд бараг 700-уулаа очиж байж ганц Н.Энхбаярыг арайхийж баривчлаад байхдаа ч яах вэ дээ. Ийм байж болох уу. Гэтэл З.Буяннэмэх 216 хүнийг ганцаараа авраад байхад энд 700-уулаа нийлчихээд ганц хүнийг барьж чадахгүй, хөөцөлдөж тоглоод. Тэгээд бас болоогүй. Тэд сэжигтнийг гар дээрээ өргөөд явж байтал нөгөөх нь зугтахыг оролдож, хөлөө гозолзуулсан байгаа юм. “Экс Ерөнхийлөгч Жеймс Бондын цуврал кинонд дуртай байсан учраас ийм юм боллоо” гэж тайлбарлалтай нь биш, ямар. Гэхдээ л ичмээр явдал болсон шүү. Манай хууль сахиулагчид өөрсдөө ч бас үүнээс болж ихэд улайж, байх суух газраа олж ядаж байгаа сурагтай. Хөөрхий тэд хүмүүс л юм хойно, тэгэх нь аргагүй. Тэгээд ингэж ярьсан байгаа юм. “Бид тэнд 700-уулаа очоогүй ээ. Н.Энхбаярын гэрийн гадаа ердөө 300 хүрэхгүй цагдаа л байсан. Та нар мэдээгүй юм уу” гэж. Уг нь олон хүний нойрыг хугаслан дулаан хөнжлөөс нь босгож, айлын хашаа мануулж байхаар З.Буяннэмэх шиг ганц залууг явуулчихсан бол амар байхгүй юу. Манай баатар залуу очсон бол юун нэг битгий хэл, нэлээд хэдэн Н.Энхбаярыг бариад гараад ирэх байсан даа.
Т.ЭЛИСА
"Улс төрийн тойм" сонин