-Сүүлийн үед жүжигчин О.Долгор нэлээд эрэлттэй байгаа юм шиг байна. Ойрдоо жаахан зав муутай л байна уу?
-2011 он тасралтгүй уран бүтээл хийсэн. Ерөнхийдөө уран бүтээлийн олз омог ихтэй жил байлаа. Он гараад "Домогт Ану хатан" гэдэг түүхэн уран сайхны кинонд тоглох санал ирсэн. Одоо кинон дээрээ ажиллаад байж байна.
-"Домогт Ану хатан" кинонд ямар дүрд тоглож байгаа вэ?
-Мандарваа гэдэг гол дүр дээр ажиллаж байна. Миний хувьд анх удаа түүхэн уран бүтээлд оролцож, дүр авсан. Урьд нь дандаа орчин үеийн нэг ангит болон олон ангит кинон дээр ажиллаж байсан. Түүхэн кино гэдэг утгаараа жүжигчнээс их ажиллагаа шаарддаг юм байна. Нүүр будалтаас эхлээд л. Түүнээс гадна бодох юм ихтэй.
-Ану хатны тухай түүхийг судалж байгаа биз?
-Бид зураг эхлэхийн өмнө Баруун Монголын түүхийг судалж, ядаж л элдэв домог сонссоны үндсэн дээр өөрсдийгөө бэлтгэнэ үү гэхээс зүгээр л явж байгаад Мандарваа гэдэг хүүхэн болчихно гэж байхгүй шүү дээ. Хамгийн гол нь түүхэн кино гэдэг утгаараа он цагийн ялгаа байгаа учраас өөрийгөө болон сэтгэлзүйгээ бэлтгэх шаардлагатай юм билээ.
-Түүхэн кинонд тоглоно гэдэг нэг талаараа их том хариуцлага. Нөгөө талаараа хатан, түүхэн эмэгтэйн дүрд тоглоно гэдэг жүжигчдийн хувь аз шүү?
-Энэ кинонд гарч байгаа дүр бүхэн түүхэн хүмүүс байсан. Тиймээс бид юу хийж байгаагаа, түүхээ, дүрээ ойлгохгүй тоглочихвол түүх гуйвуулснаас ялгаагүй болж байгаа юм. Тэгэхээр сайн бодож, мэдрэмжтэй хандахын хажуугаар мэдлэг сайтай байх ёстой юм.
-Өнөө цагт уран бүтээлчид өөрийгөө, бүтээлээ үнэлж чаддаг болж. Хүмүүс ч тэр үнэлэмжийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин жүжигчин О.Долгор хэр ханштай вэ?
-Харилцан тохиролцоод гэрээ байгуулдаг. Монголд би л өөрийгөө үнэлэхгүй бол хэн ч намайг үнэлэхгүй. Тиймээс тодорхой хэмжээнд биеэ бэлтгэсний үндсэн дээр ямар ханшаар тухайн кинонд тоглохоо хэлдэг. Түүнээс гадна зохиол дээр миний ажиллах дүр хэцүү юу, хэр их хугацаа шаардагдах нь уу, ажиллагаа нь хүнд үү гэх зэрэг хүчин зүйлээс шалтгаалж үнээ тохирдог юм.
-Сүүлд Н.Наранбаатар найруулагчийн "Үл таних эмэгтэй" кинонд тоглосон байсан. Тэр кинонд нэлээд хүнд хэсгүүд гардаг шүү дээ. Эмэгтэй хүн гэдэг утгаараа багагүй зориг гаргасан байх?
-Н.Наранбаатар найруулагчийн "Үл таних эмэгтэй" кинонд тоглосон нь миний хувьд аз завшаантай гэхээсээ илүү жүжигчин хүний хувьд өөрийгөө нэг шат ахиулах боломж гарсан. Энэ боломжийг алдаагүй гэж боддог. Надад эхлээд санал ирсэн. Тэгээд сонгон шалгаруулалтад оролцсон юм. Түүний дараа тэнцсэн гээд намайг дуудсан. Ингээд л зохиолтойгоо танилцсан даа. Эхэндээ нэлээд эмээж байсан.
Урьдын дүрүүдийг бодвол хүнд хэсэг олонтой. Тийм болохоор яах бол гэж бага зэрэг эмээж байсан. Гэхдээ тухайн үедээ одоо ийм дүр дээр би ажиллах нь зүйтэй, үүний ард би гарч чадна гэдэг шаарддага тавьсан. Тэгээд хичээгээд ард нь гарсан. Тодорхой хэмжээнд алдаа гарсан л байх. Ямар ч байсан мэргэжлийнхээ тал дээр нэг шат ахиж чадсан гэж бодож байна.
-Шат ахина гэдгийг арай дэлгэрүүлж тайлбарлавал?
-Би гэдэг өнцгөөсөө биш шүү. Аливаа мэргэжил бүхэнд дадлагажих, туршлагажих үе шат гэж байдаг шүү дээ. Мөн урьд нь нэлээд хэдэн дүр дээр ажилласан.
Тэгэхдээ энэ дүр бол илүү их ажиллагаатай, ур чадвар шаардсан. Мөн маш их юм бодож ажиллана шүү дээ. Энэ дүр дээр яаж ажиллах вэ, үүгээр юу хэлэхийг хүсээд байгаа юм бэ гэдгийг сайн харуулах гэж хичээсэн. Тэр утгаараа нэлээд туршлага судалж, шат ахисан юм. Түүнээс хувь хүний асуудал энд огт хамаагүй.
-Кинонд эротик хэсэг нэлээд олон гарч харагдсан. Их л зориг гаргаж дээ. Яагаад заавал ийм кинонд тоглохоор шийдсэн нь их сонирхол татаад байгаа юм. Н.Наранбаатар найруулагч найруулсан нь нөлөөлсөн үү?
-Эмэгтэй хүн нууцлаг байх ёстой гэсэн ойлголт манайханд байдаг шүү дээ. Тэр утгаар нь бодсон бол миний хувьд хэцүү даваа байх байсан.
Гэхдээ бид "Үл таних эмэгтэй" кинонд тоглохдоо нүцгэлэх, эмэгтэй хүний нууцлагдмал байдлаа алдана гэж бодож айгаагүй. Яагаад гэвэл цаад мөн чанар нь өөрөө логиктой учраас. Тэр логикод үнэмшиж, амилуулах гэж зүтгэсэн. Тэр ч утгаараа надад өнөөдөр эрээ цээргүй нэр өгч, элдэв янзаар хэлээгүй байх.
-Сүүлийн үед Монголын кино урлагт секс хэсэг илүү ихсэх боллоо. Театрт хүртэл ийм зүйл гарч байна. Ингэтлээ ихсэх нь кино урлагт тийм их хэрэгтэй юм уу?
-Тухайн найруулагч, киноны баг хамт олон нүцгэлдэг, секс хэсгүүдийг ямар шийдлээр оруулж байгаагаас шалтгаалж үнэлэмж нь өөр өөр байх болов уу. Цаанаа мөн чанартай, үнэхээр нүцгэлэх шаардлагатай бол тэгэхгүй гээд яах вэ дээ. Зарим нь үзэгчдийг хөнгөн байдлаар татах гэсэн ч арга байж магадгүй. Хэн нэгний уран бүтээлийг шүүмжлэх гэсэнгүй. Тийм ойлголт байгаа учраас ярьж байна.
-"Үл таних эмэгтэй"-д тоглосноос хойш эротик киноны санал их ирж байна уу?
-Ирсэн. Би нэг их туйлшраад яах вэ гэж бодоод татгалзсан. Гэхдээ үүгээрээ хэзээ ч дахиж нүцгэлэхгүй гэсэн хувилбарыг сонгож байгаа юм биш. Одоо бол цаг нь биш. Уран бүтээлч хүний хувьд өөрийгөө эвдэж үзэгчдэд хүргэх юмсан гэж боддог.
Одоо миний ажиллаж байгаа Мандарваа гэдэг эмэгтэйн дүр бол эрс шийдэмгий, хүнд нөлөөлж чадахуйц зан чанартай хүн. Би урьд нь дандаа л төлөв даруу эмэгтэйн дүрд тоглож байсан. Огцом өөрчлөлт ерөөсөө хийсэнгүй. Энэ Мандарваа гэдэг дүр намайг харектарны дүр рүү шилжих гүүр болсон том боломж. Тиймдээ ч их дурлаж ажиллаж байна.
-Өөрт тань биеэ даасан, өөртөө итгэлтэй эмэгтэйн дүр илүү зохимоор юм шиг санагддаг. "Үл таних эмэгтэй" кинонд тоглосон дүрийг чинь үндэслэж тэгж хэлж байна л даа. Харин "Өдөр өдрийн нар" киноны Сүрэн сувилагчийн дүр огт зохиогүй юм шиг санагддаг. Тоглосон дүрүүдээ үнэлж, дүгнэдэг л байх?
-Уран бүтээлүүдээ эргээд харахад алдаа, оноо байдаг. Гэхдээ кино гэдэг чинь олон хүнээс хамаардаг уран бүтээл. Зохиол, сонгон шалгаруулалтаас маш их зүйл шалтгаалдаг. Би өөрийнхөө бичсэн дүрийг шүүмжлээд, үгүйсгээд байх шаардлагагүй болов уу.
Хэд хэдэн уран бүтээл дээр ажиллаж байхад нэг зүйл анзаарагдсан. Яг тоглож байхад мэдрээд, амташмаар сайхан уран бүтээл байдаг. Энэ мэдрэмжийг олж авна гэдэг зохиолтой нягт холбоотой юм шиг санагддаг.
Заримд нь болохоор найруулагч нь чи тохирно гэдэг, би ч тохируулъя гээд л ажилладаг. Тэгсэн хэр нь гүйцэд сайн ажиллаж чадахгүй тохиолдол байдаг. Энэ бүхэн зохиолтой л салшгүй холбоотой.
Надад маш олон кино зохиолууд байдаг. Ажилласан, санал тавьсан гээд л. Тэр бүхнийг уншихаар тэндээс ганц нэгхэн нь огшмоор гоё байдаг юм. Ихэнх нь нэг л сулбагар. Тэгэхээр би жүжигчин, найруулагчийн шийдлээс гадна зохиолтой аливаа киног холбож ойлгодог юм.
-Эсрэг дүрд, тэр дундаа зан аашны хувирал гаргадаг дүрд тоглох их хэцүү гэж мэргэжлийн хүмүүс ярих юм билээ. Таны хувьд гэнэт өөрчлөлт хийхээр үзэгчид яаж хүлээх авах бол?
-Би өөрийгөө аймар хашгирсан, гар хөлөө савчсан, хараал хэлсэн дүрд тогловол үзэгчид хүлээж авахгүй байх гэж боддог юм. Энэ бол оновчтой хувилбар биш.
Би эсрэг дүр дээр ажиллахыг хүсч байгаа нь надаас өндөр ур чадвар шаардах байх. Тэр бүхнийг яаж хийж байна гэдгээ харахыг хүсч байгаа юм. Удахгүй надад эсрэг дүрийн санал ирэх байх гэж найдаж байна. Тэр цаг удахгүй байх аа.
-Кино уран бүтээлээс бусад үед таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Сүүлийн хэдэн жилийн амьдралын хэв маягаар бодож ярих нь зөв байх. Өмнө нь бол аав, ээжийн гараас гараагүй, оюутан насны амьдрал өрнөж байсан. Харин гэр бүлтэй болоод ирэхээр ажил, амьдрал зэрэгцэж байгаа юм. Тэгээд л завгүйгээ гайхаад л яваад байна шүү дээ.
Амралтын өдрүүдэд хүүхдийнхээ, нөхрийнхөө хувцсыг угааж, индүүдэх зэргээр л өнгөрч байгаа юм чинь. Миний амралт ердөө л ганц өдрөөр хэмжигддэг болохоор түүндээ багтааж гэрийнхээ ажлыг хийх гэж ажилласнаасаа илүү ядардаг юм. Манай охин ирэх намар сургуульд орох гэж байгаа болохоор хичээлийг нь давтуулах, заах гээд ажил их шүү дээ. Гэхдээ гэрийнхээ бүх зүйлийг амжуулчхаад маргааш өглөө нь ажилдаа явах сайхан байдаг.
-Жүжигчин эмэгтэйчүүд биеийнхээ жинг барих гэж хоол сойгоод сүйд болдог. Таны хувьд энэ талаар яаж зохицуулдаг вэ?
-Би тэгж зөв хооллох гээд хичээдэггүй. Гэхдээ ажил амьдрал маань аяндаа зохицуулаад байдаг юм. Өглөө гарахдаа өлөн явдаггүй. Ядахдаа л ус уугаад гарахыг хичээдэг. Өдөр ажил дээрээ хоол иднэ. Би чинь засгийн хоолтой шүү дээ. Орой оройтож харихаараа мангас зүүдлээд яах вэ гээд хоол иддэггүй.
Ингээд л аяндаа зөв хооллож чадаад байгаа юм. Хэчнээн завгүй байлаа ч гэсэн хамгийн гол нь аливаа зүйлд тайван хандаж, уурлахгүй байх юмсан гэж л боддог. Хэрэгтэй, хэрэггүй зүйлд уурлаад, ажилдаа ялархаад байвал өвчин гэдэг хийсээд л ирнэ шүү дээ.
-Жүжигчний орлогоор амьдрах хэцүү байна гэж уран бүтээлчид ярьдаг. Таны хувьд олж байгаа орлого чинь амьдралд хүрч байна уу?
-Гэр бүл гэдэг нийлмэл эдийн засагтай байдаг. Тэр утгаараа ханийн маань нөмөр нөөлөг их. Миний хувьд уран бүтээлийн шагналаараа л хувь нэмрээ оруулж, амьдралаа болгоод л байна. Айхтар илүү орлоготой байя гэж туйлшраад байдаггүй. Гэхдээ давхар бизнестэй болох талаар хааяа боддог л юм. Нэг өдөр болох байлгүй дээ.
Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин