Идэр хангал наснаасаа хар гүйхээрээ алсран холдоно

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Идэр хангал наснаасаа хар гүйхээрээ алсран холдоно

Залуу идэр нас мөн чанартаа төгс төгөлдөрт тун их дөхсөн. Хүн төрөлхтөн төгс төгөлдөрийг эрэлхийлдэг боловч хэзээ түүнийгээ олж чадахгүй гэцгээдэг. Харин энэ хайгаад байгаа зүйлд нь магад ойр дөт нь залуу нас билээ. Үнэндээ энэ төгөлдөр нь нэг их удахгүй хэдхээн жил л хамт явна. Харамсалтай нь бид энэ сайхан насаа хэзээ ч салахгүй дандаа хамт байх мэт бодож үрэн таран хийх юм даа. Замбуу тивийн наран доор хөл толгойгоо мэдэхгүй туйлж, хажуудаа байгаа хамгаас нандин зүйлсээ алдахгүй мэт аашилсаар цагаа нэг харахад хэтэрхий орой болсон  байх болно. Өнөөдрийн өдрийг хүртэл энэ бүхнээ үл тоон явсанаа ухаарах тэр мөчид харин цөмөөрөө ард үлдчихсэн байх нь.

Дуу хууранд насны намрын тухай их л сайхнаар өгүүлдэг. Бодоод байхад тийм биш шүү дээ гэхээр. Ов тов буурал сууж, харааны шил хэрэглэдэг болчихоор юу нь сайхан гэж. Үр хүүхэд амьдралын урсгалд туугдан төрсөн гэрээсээ гарна. Амьдралын жам. Орчлонгийн хууль. Уяхан тансаг, хаврын зөөлөн бороо мэт залуу халуун үе элсэнд шингэх дуслууд адил оргүй болох үе ирэхээс үнэндээ айдас төрдөг. Толинд өөрийгөө нэг харахдаа хэчнээн өөр болсоноо мэдэх тэр үе ямар уйтай байх бол. Тэр үед арилан одож байгаа энхэр залуу насныхаа алдаа оноог дэнслэх биз. Хөөрхийдөө, ижий, аав хоёрыгоо баярлуулж би чинь чадсан бил үү. Эмнэг сайхан насаа миний л төлөө үрсэн ханьдаа халуун дулаан үг хэлж байвуу чи гэж өөрөөсөө асуух байх даа. Бодлын цагаан манан сарнин замхарч, шинэхэн өглөө, нарны дулаан зөөлөн илч намайг өлгийдөн авнам. Ямх ямхаар ухаан нэмэх авч, алхам алхамаар өөрөөсөө би холдном. Бас хаанаас хайгаад дахин олдохгүй идэр хангал наснаасаа хар гүйхээрээ алсран холдоно…   

http://stormy.blog.gogo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж