
Дуу хууранд насны намрын тухай их л сайхнаар өгүүлдэг. Бодоод байхад тийм биш шүү дээ гэхээр. Ов тов буурал сууж, харааны шил хэрэглэдэг болчихоор юу нь сайхан гэж. Үр хүүхэд амьдралын урсгалд туугдан төрсөн гэрээсээ гарна. Амьдралын жам. Орчлонгийн хууль. Уяхан тансаг, хаврын зөөлөн бороо мэт залуу халуун үе элсэнд шингэх дуслууд адил оргүй болох үе ирэхээс үнэндээ айдас төрдөг. Толинд өөрийгөө нэг харахдаа хэчнээн өөр болсоноо мэдэх тэр үе ямар уйтай байх бол. Тэр үед арилан одож байгаа энхэр залуу насныхаа алдаа оноог дэнслэх биз. Хөөрхийдөө, ижий, аав хоёрыгоо баярлуулж би чинь чадсан бил үү. Эмнэг сайхан насаа миний л төлөө үрсэн ханьдаа халуун дулаан үг хэлж байвуу чи гэж өөрөөсөө асуух байх даа. Бодлын цагаан манан сарнин замхарч, шинэхэн өглөө, нарны дулаан зөөлөн илч намайг өлгийдөн авнам. Ямх ямхаар ухаан нэмэх авч, алхам алхамаар өөрөөсөө би холдном. Бас хаанаас хайгаад дахин олдохгүй идэр хангал наснаасаа хар гүйхээрээ алсран холдоно…