Ардчиллын алтан хараацай үүрнээсээ нисэх нь

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Ардчиллын алтан хараацай үүрнээсээ нисэх нь

Бараг 50 гаруй жил цэргийн дэглэм тогтсон, харанхуй бүдүүлэг гэх ойлголттой байсан Мьянмар улсын өнөөгийн нийгэм одоо л өөрчлөгдөх нь. Учир нь одоогоос 22 жилийн өмнө  гэрийн хорионд орсон, Нобелийн энх тайвны шагналтан, Ардчиллын алтан ха­раацай Аун Сан Сү Күй саяхан болж өнгөрсөн парламентын нө­хөн сонгуульд томоохон ялалт байгуулсан билээ. Тэрбээр өөрийн Ардчиллын төлөөх үндэсний холбоо намаас нөхөн сонгуульд 99.8 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж парламентын гишүүн болсон юм. Сонгуулийн өмнө шинжээчид  Аун Сан Сү Күйг ялалт байгуулж чадах эсэх нь эргэлзээтэй гэж байсан ч тэрбээр ард түмний итгэлийг олж чадсан юм. Түүний удирддаг нам нь 1990 онд болсон парламентын сонгуульд 59 хувийн саналыг авсан ч уг ялалтыг Мьянмарын тухайн үеийн эрх баригчид хүлээн зөвшөөрөөгүйн улмаас цэргийн дэглэм тогтоох нөхцөл байдлыг үүсгэжээ. Гэвч  Аун Сан Сү Күй дээрх хүчирхийллийг намын нөхөддөө ойлгуулж, өөрий­гөө золиосонд гаргасан юм. Ийнхүү тэрбээр 1990 онд гэрийн хорионд орсон түүхтэй.

Аун Сан Сү Күй нь өдгөө 66 настай хэдий ч Мьянмарын ард түмэн түүнд томоохон итгэл хүлээлгэсэн. Тэрбээр Энэтхэг улсын Хюугийн нэрэмжит их сургуулийг дүүргэснийхээ да­раа Лондон дахь Оксфордын их сур­гуулийг тус тус төгссөн. Түүнийг нийгмийн га­жуудлыг үүсгэж буй буруу номтон, улс төрийн тогтвортой байдлыг алдагдуулагч, олон улсын төлөөлөгч нартай хууль бус, ёс зүйн алдаа гарган уулзах гэж байсан гэдэг үндэслэлүүдээр тухайн үеийн улс төрчдийн шүүмжлэлд өрт­дөг байжээ. Аун Сан Сү Күй өөрийн орны болж бүтэхгүй байгаа зүйлсийн талаар олон улсын хүний эрхийн байгууллага, НҮБ-ын Хү­ний эрхийн хороо, Хүний эрхийг хамгаалах Эмнести интернэйшнл зэрэг байгууллагуудад мэдээлэл өгч, байнга нийгмийг шүүмжилдэг нэгэн байсан аж. Үүнийг тус улсын эрх баригчид шүүмжилж, дотоодын нууцлалд хамаарах материалыг гад­ны байгууллагад задруулсан гэх хэргээр шалгаж байсан удаатай.
Гэрийн хорионд байх ху­га­цаандаа тэрбээр янз бүрийн фи­лософи, биографийн ном уншиж, төгөлдөр хуур тоглож энэ олон жилийг давсан аж. Гэрийн хорионы үеэр түүнийг гадны сэтгүүлч, гадны эх сурвалжтай холбогдохыг цээрлэсэн байжээ. Түүнийг гэрийн хорионд байлгах шийдвэрээс өмнө эрүүл мэнд нь зүгээр байсан ч сүүлийн жилүүдэд хүндэрч байгаа талаар хувийн эмч нь мэдэгдэх болсон байна. Аун Сан Сү Күй 1989 онд Мьянмарт ирэх хүртлээ Англид сурч, амьдарч байжээ. Харин дараа нь ардчилсан хувьсгал хийхээр тэмцэж эхэлсэн гэдэг. Улмаар “Ард­чиллын бэлгэ тэмдэг” гэсэн хүндтэй алдрыг хүртэж байсан юм.

Мьянмарын эрх баригчид сүү­лийн хоёр жилд олон улсад эдийн засгаа нээлттэй, чөлөөтэй болгох бодлого явуулж мьяанмарчуудын амьжиргаа дээшлэх гол үндэс суурийг тавьсан аж. Нэйпитав хотын удирд­лага энэ оноос эхэлж таван жилийн хөгжлийн хөтөлбөрийг ард түмэндээ танилцуулаад бай­сан. Уг хөтөлбөрийг өмнө нь пар­ламентын гишүүдэд танилцуулж байсан боловч төдийлөн дэмжлэг авч чадаагүй юм. Харин одоо пар­ламентын уур амьсгал зөөлөрч, шинэ улс төрийн эрин эхэлж буйг Аун Сан Сү Күй нөхөн сонгуульд ялалт байгуусныхаа дараа онцолсон. Мөн тэрбээр “Нийслэл  рүү орж ирэх замд татвар төлөгчдийн мөнгө дөрвөн эгнээтэй хурдны зам, төрийн албан хаагчдад зориулсан тансаг зэрэглэлийн орон сууцууд, орчин үеийн том зочид буудал зэрэг бүтээн байгуулалтад зарцуулагдаж байгааг харсан. Маш том Төрийн ордон сүндэрлэх талаар ч яриа гарсан байна лээ. Бидний мэдэх нийслэл хот, цаашлаад манай улс маань өөрчлөгдөх цаг иржээ. Есөн жилийн өмнө энэ газар ой мод, хөдөө тосгоноос өөр юу ч байдаггүй байсныг санаж байна” хэмээн ард түмэндээ өөрийн байр суурийг илэрхийлсэн. АНУ-ын Төрийн на­рийн бичгийн дарга Х.Клинтон  “Аун Сан Сү Күй нөхөн сонгуульд ялалт байгуулсантай холбогдуулан АНУ-аас Мьянмарын эсрэг эдийн засгийн болон жуулчлалын хоригоо багасгана” хэмээн мэдэгдсэн. Түү­ний энэхүү мэдэгдэлд Аун Сан Сү Күй маш их талархаж буйгаа илэрхийлсэн аж.

Тус улсын парламентын доод танхимд Аун Сан Сү Күйгийн тэргүүлдэг намаас нөхөн сонгуулиар 43-45 суудал авсан нь том давуу тал. Үүнтэй холбогдуулж АНУ Элчин сайдын яамаа 22 жилийн дараа ийнхүү нээх бололцоо нээгдэж байгааг Х.Клинтон онцолжээ. Мөн Олон улсын хөгжлийн агентлаг тус улсад ажиллах хүсэлтэй байгаа талаар өөрсдийн байр суурийг Аун Сан Сү Күйд илэрхийлсэн аж. Нийт 60 орчим сая хүн амтай Мьянмар улс нь 135 орчим үндэстэн ястантай. Парламентын Эв санааны нэгдэл, хөгжил нам, Ардчиллын төлөөх үндэсний холбоо нам, Үндэсний нэгдсэн нам, Үндэсний ардчилсан хүчин, Ардчиллын төлөөх Шан үндэстний холбоо намууд улсынхаа ерөнхий бодлогыг явуулдаг гэхэд хилсдэхгүй. Мьянмар буюу Бирм улс нь Их Британийн колоничлолд 1886 онд орсон ба түүнээс хойш олон жил тэмцсэний үр дүнд Аун Сан Сү жанжны удирдлага дор, япончуудын тусламжтайгаар тус­гаар тогтнолоо зарлаж байсан түүхтэй. Улмаар 1962 онд Бирмийн Нэ Вин жанжин төрийн эргэлт хийж, засгийн эрхэнд гарснаар тус улсад цэргийн дэглэм тогтсон гэж судлаачид үздэг.

Ард түмний томоохон дэмжлэг авсан Аун Сан Сү Күйд улс төрийн амьдралд багахан хугацаа үлдсэн. Үүнийгээ тэрбээр эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарладаг. Гэхдээ ойрын таван жилд улс төрийн тавцанд “Эрүүл чийрэг загас мэт байна” хэмээн сонгогчдод хандан мэдэгдсэн билээ. Нөхөн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа эрх баригчдаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг намынхаа өмнөөс хүссэн байна. Тэрбээр “Бид улс орноо өөрчлөх цаг нэгэнт ирсэн гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Тиймээс цэргийн хүчний, цэргийн бодлогоос аль болох зайлсхийж, ардчилсан нийгэм рүү хамтдаа хөл нийлүүлэн алхах цаг ирлээ. Өөрчлөлтийг хүсэж байгаа бол одоо л хийцгээе. Эрх баригч намуудын удирдлагууд аа” хэмээн уриалсан юм.

Аун Сан Сү Күй ирэх зургадугаар сард Норвеги улсад албан ёсны айлчлал хийх төлөвлөгөөтэй бай­гаагаа илэрхийлсэн. Айлчлал хийх саналыг Норвеги улсаас тавьсан аж. Энэ нь түүний гэрийн хорионд байснаас хойш гадаадад хийж буй анхны айлчлал юм. Норвеги улсын Гадаад хэргийн сайд Свэйн Мичелсен “Манай улсын хувьд Нобелийн шагналтан, Ардчиллын алтан хараацай Аун Сан Сү Күй бидний урилгыг хүлээн авсанд баяртай байна. Маш хүндэтгэлтэй үйл явдал болж байна” хэмээжээ. Ирэх сард болох айлчлалын үеэр Аун Сан Сү Күй “Эрх чөлөө, Ардчиллын мөн чанар” нэртэй илтгэл тавих хүсэлтэй байгаагаа Нобелийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мерси Олссонд мэдэгдсэн байна. Мөн Их Британийн Ерөнхий сайд Д.Камерон “Норвеги улсад ирэх зургадугаар сард айлчлах үедээ манай улсыг зоривол бид их талархах болно. Бидний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн  Аун Сан Сү Күйд хандан хэлсэн аж.

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж