Орон нутгийн сонгуулийн товыг товлож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн товыг товлож чадах уу?

УИХ-ын сонгуулийн товыг зарлахад ердөө
ес хоног үлдсэн ч Орон нутгийн сонгуулийг хэзээ зохион байгуулах вэ
гэдгийг парламентаар эцэслэн шийдэж чадахгүй байгаагаас гацаа үүсээд
байна. УИХ-ын даргын зүгээс өчигдөр дээрх асуудлын хүрээнд УИХ дахь хоёр
намын бүлэг байр сууриа нэгтгэж чадахгүй аваас шууд санал хураалтаар
эцэслэн шийдэх болно гэдгийг анхааруулсан юм. Тэгвэл орон нутгийн
сонгуулийг хэзээ зохион байгуулах нь хамгийн оновчтой, үүсээд буй
гацаанаас гарах гарц байна уу гэдэгт бид УИХ-ын гишүүдээс байр суурийг
нь сонирхлоо.

Д.Энхбат: Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хамт явуулах ёстой

Орон
нутгийн сонгуулийн бэлтгэлийг хангах нь байтугай хуулиа баталж чадахгүй
хэрэлдээд сууж байна. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар
бол УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулах ёстой. Гэтэл
Засгийн газар энэ ажлыг хийж чадахгүй гэж хэлсэн. Тэр байтугай Ерөнхий
сайд С.Батболд “Сонгуулийн ажилд оролцохгүй” гэж мэдэгдсэн. МАН хоёр
сонгуулийг хамт явуулахыг одоо эсэргүүцэж байгаа боловч 2008 оны
дөрөвдүгээр сард Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа олонхи
байсан. Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёр нийлж байгаад Орон нутгийн
сонгуулийн хуулиа баталсан гэсэн үг л дээ. Одоо УИХ-ын сонгуулийн товыг
зарлахад аравхан хоног үлдчихээд байхад “Хэн нь зөв,  хэн нь буруу яриад
байна вэ” гэж ярих нь өөрөө утгагүй. Байдал хүнд болчихлоо. Яагаад
гэвэл орон нутгийн сонгуульд 10-20 мянган хүн нэр дэвшинэ. Тэдгээрийн
нэрийг хэвлээд, тараагаад машинаар тоолно гэвэл техник бэлтгэлийг
хангана. Гараар тоолно гэвэл бүх системийг дахиж янзлах хэрэгтэй болно.
Дүгнээд хэлбэл муу хүнийг зар, зарсан хойноо өр гэдэг билүү, тийм л юм
болж байна. ИЗ-НН-ын байр суурь их тодорхой. УИХ-ын нэр бүхий 48
гишүүний өргөн мэдүүлсэн Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт
оруулах хуулийн төслийг УИХ-аар яаралтай батлах хэрэгтэй. Тэгээд
бэлтгэлийг хангаж байгаад бүх зүйлээ тооцож үзээд амжихгүй бол орон
нутгийн сонгуулиа намар хийе гэж… Яагаад гэвэл хоёр сонгуулийг
давхцуулбал, УИХ-ын сонгууль хүртэл будилаантай байдалд орохоор нөхцөл
байдал үүсчихлээ.  АН орон нутгийн сонгуулийг хоёр хуваагаад хийе гэсэн
санал гаргаж байна лээ. Энэ бол завхрал. Монголын ард түмнийг намуудад
хувааж 20 жил бужигнуулчихаад одоо тэр сонгуулиа хоёр удаа хийх нь.
Нэгий нь намар, нөгөөг нь хавар. Монголчууд орон нутгийн сонгуульд
ирдэггүй хүмүүс, тэгэхээр хоёр хуваахаар бүр ирэхгүй. Тийм учраас өмнөх
барьсан тулгуур зарчмуудаа дагаад Орон нутгийн сонгуулийн тухай хуулиа
өөрчлөөд бэлтгэлээ хангаад тусад нь хийсэн нь дээр гэж бодож байгаа. Энэ
бол миний бодол биш, тэгэхээс өөр аргагүй байдал руу орчихлоо.

П.Алтангэрэл: Хүчин төгөлдөр хуулиа хэрэгжүүлье

Гарцтай
юм шүү дээ.  Яагаад гэвэл орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай
хамт зохион байгуулна гэсэн хууль нь байгаа байхгүй юу. Хуулийг яах гэж
баталдаг юм, хэрэгжүүлэх гэж баталдаг. Тийм болохоор хуулиа л
хэрэгжүүлье. Нэгэнтээ Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулъя гээд хуулийн төсөл өргөн бариад УИХ-аар хэлэлцээд
эхэлтэл ойлголцохгүй удаад байх юм бол 2008 оны дөрөвдүгээр сард
баталсан бэлэн байгаа хуулиараа хамтад нь хоёр сонгуулиа зохион
байгуулъя гэхэд ямар ч асуудал байхгүй.

Г.Баярсайхан: Олонхийн бүлэг баталсан хуулиасаа буцаж байна

Олонхийн бүлэг хиймлээр ийм нөхцөл байдал үүсгэж байна. МАН хариуцлагатай хандаж, ёс зүйтэй байх хэрэгтэй.
Улстөрийн
уур амьсгалыг өндөр халуунтай болгож байна. Уг нь энэ асуудал дээр
маргалдаад байх шаардлагагүй, орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай
хамтад нь хийнэ гээд 2008 оны дөрөвдүгээр сарын 11-нд өмнөх
парламентаар хуулийг нь баталчихсан. Гэтэл олонхийн бүлэг баталсан
хуулиасаа буцаж байгаа байхгүй юу. Буруутгая гэвэл маш их үндэслэл
байна. Жишээлбэл, хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулсан нөхцөлд
МАН-ынханд ашиггүй ялагдал харагдаад байгаа учраас буцаж байна. Тэгэхдээ
энэ нөхдүүд хоёр сонгуулийг тусад нь явуулъя гээд байгаа юм бол орон
нутгийн сонгуулийг тусад нь явуулж болох гарц бий. Тэр нь юу вэ гэвэл
аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын
сонгуультай хамт явуулаад, сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох
сонгуулийг намар нь зохион байгуулж болно. Ийм гарцыг УИХ дахь Ардчилсан
намын бүлгээс МАН-ын бүлэгт санал болгосон. УИХ-ын сонгууль дээр
гадаадын ажиглагчид ирдэг, ийм үед ядаж булхайгаа хийж чадахгүй. Мөнгө
төгрөг хэмнэнэ, хүмүүсийн үнэт цагийг хэмнэнэ, улстөржүүлээд байхгүй
гээд давуу тал олон бий.

Д.Балдан-Очир: Хамт хийхээр шийдвэл Цэц дээр унана

Хоёр
намын бүлгээс ажлын хэсэг гарчихсан ярьж байна. Орон нутгийн сонгуулийн
тухай хууль бол айхтар том зөрчил биш. Одоо хоёр намаас ажлын хэсэг
гарчихсан ажиллаж байна. Гол том зарчмын зөрүүтэй асуудлаа шийдчихсэн
учраас жижигхэн зүйл дээр гацаа гарахгүй байх гэж найдаж байгаа. Орон
нутгийн сонгуулийн тухай хууль бол нутгийн өөрөө удирдах ёсны
байгууллагыг байгуулах тухай сонгууль. УИХ ын сонгуулийн тухай хууль бол
монгол түмэн төр усаа байгуулах сонголт юм. Уг нь тус тусдаа ялгаатай.
Яагаад ч юм өмнөх парламентаар ийм хоёр ялгаатай сонголтыг хооронд нь
холбоод хаячихсан байгаа юм. Би бол хувьдаа салгаж явуулах ёстой гэсэн
байр суурьтай байгаа. Хоёр намын бүлэг санал зөрөөд байгаа нь буруу биш.
Хэрвээ тусад нь явуулахгүй гээд хачин хувилбар хийчихвэл, /аймаг,
нийслэлийн ИТХ ын сонгуультай цуг явуулъя гэвэл/ Үндсэн хуулийн цэцэд
дахиад гомдол гарна. Яагаад гэвэл нутгийн өөрөө удирдах ёсны
байгууллагын бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуульд зааснаар дөрвөн жил.
Нутгийнхаа өөрөө удирдах  ёсны байгууллагын ажлыг хийгээд явж байгаа
ИТХ-ын төлөөлөгч, тэр бүрэн эрхийн хугацаа нь дуусахад дахиад зургаан
сар дутуу байхад урагш татаж бүрэн эрхийн хугацааг нь 3.6 жилээр шийдвэл
Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсч таарна. 21 аймгийн аль нэгээс нь
иргэн гомдол гаргаад “Зөвшилцөж байна” гэсэн нэрээр хоёр намын бүлэг
хуйвалдаад нутгийн өөрөө удирдах ёсны бүрэн эрхийг хязгаарлаж байна гээд
Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал энэ хууль унана. Үндсэн хуулийн
цэцийн шийдвэр бол эцсийнх. Дунд сургуулийн хүүхэд уншаад шууд ойлгох,
маш тодорхой томъёологдчихсон Үндсэн хуулийн заалт зөрчигдөнө. Тийм
учраас орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас тусад нь явуулахаас
аргагүй. Хэрвээ хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг тохироод
холимог байдлаар буюу УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь зохион
байгуулахаар шийдэлд хүрсэн байвал маргааш баасан гаригт УИХ-аар энэ
хуулийг баталлаа гэхэд ирэх долоо хоногийн даваа гаригт Үндсэн хуулийн
цэц дээр гомдол очно.

Ц.Сэдванчиг: Хоёр сонгуулийг зэрэг хийнэ гэвэл арга бий

Монгол
Улсад хууль хэрэгждэг байх ёстой. Ардчилсан парламентын тогтолцоотой
оронд хуулиас дээгүүр, хуулийг гишгэдэг гэдэг юм уу, өөрийнхөө
ойлголтоор тайлбарладаг энэ байдал байх ёсгүй. Харамсалтай нь, манайд
ийм муухай гажуудал тогтчихож… Хууль зөрчихөөрөө баталсан хуульдаа
бурууг өгдөг. Эсвэл нэгэнт хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа хуулийг
биелүүлэхгүй байж болдог, ийм буруу жишиг тогтчихсон. Тэгэхээр одоогийн
хүчин төгөлдөр үйлчлээд ирсэн хуульд орон нутгийн сонгуулийг УИХ-ын
сонгуультай цуг зохион байгуулахаар байгаа, түүнийгээ л хэрэгжүүлье. Уг
нь хамтад нь зохион байгуулъя, ажил болгоё гээд зорих юм бол болохгүй
зүйл үгүй гэж харж байгаа. Техникийн хувьд боломжгүй гэсэн тайлбар
байдаг. Хэрвээ автомат тооллогын системээр зэрэг хийх боломжгүй байгаа
юм бол орон нутгийн сонгуулийг гараараа тоолоод хуучин аргаараа хийгээд
явж болно. Иргэний цахим үнэмлэх бүтэхгүй нь гэдэг тайлбар бас хийгээд
байгаа. Хэрвээ тийм бол амжих хэсэгт нь цахим үнэмлэхээр, амжихгүй
хэсэгт нь хуучин үнэмлэхээр хоёр сонгуулиа зохион байгуулж болно. Хуучин
үнэмлэх, гарын хээ хоёроор тулгалт хийгээд, хуучин үнэмлэхийг тэртэй
тэргүй ашиглахгүй юм чинь саналаа өгснийх нь дараа цоолоод устгал
хийгээд байж болно. Аливаад арга хайя гэвэл гарц олддог. Гэвч УИХ-ын
даргаасаа эхлээд Ерөнхий сайд нь “Боломжгүй” гэдэг тайлбар хийгээд яваад
байгаа нь хууль хэрэгжүүлэх сонирхолгүйг харуулж байгаа. Хууль дээдлэх
Үндсэн хуулийн зарчмыг албан тушаалтнууд дагаж мөрдөх ёстой.

Хэрвээ
шийдэлд хүрэхгүй бол энэ сарын сүүлээр УИХ-ын сонгуулийн санал авах
өдрийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө товлох ёстой, зургадугаар
сарын 29-н гэж бодоход хугацаа туллаа. Тийм учраас УИХ-ын сонгуулийг цаг
хугацаанд нь явуулах ёстой гэдэг дээр гишүүний хувьд ч, Ардчилсан намын
бүлэг ч  саналаа нэгтгэж нэгдсэн ойлголтод хүрсэн гэж бодож байгаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж