Сирийн Засгийн газрын арми одоо хүртэл хот суурингаас хуягласан хүнд зэр зэвсэг, техник хэрэгслээ гаргаагүй байгаа юм. К.Аннаны төлөвлөгөөгөөр Сирийн арми дөрөвдүгээр сарын 10-наас өмнө цэрэг дайчид болон хуягт зэвсгээ хот суурингаас татах ёстой байсан билээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс дөрөвдүгээр сарын 14-нд Сири улс руу олон улсын ажиглагчдыг илгээх шийдвэр гаргасан бөгөөд одоогоор 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг Сири улсад ажиллаж байна.
Сирид өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлсэн бослого, үймээн өдгөө иргэний дайны хэмжээнд хүрсэн бөгөөд Ерөнхийлөгч Башар Асад өөрийг нь эсэргүүцсэн ард олны бослогыг цэргийн хүчээр дарсаар байгаа билээ. Сирид амь үрэгдсэн хүний тоо нэмэгдсээр байгааг НҮБ анхааруулж байна. 2012 оны дөрөвдүгээр сарын эхээр амь насаа алдсан хүний тоо 10 мянга орчим болсон гэж НҮБ мэдээлсэн юм.