Олон улсын усан спортын холбоо /FINA/-ноос манай улсад олимпийн хоёр эрх олгосны дагуу А.Тамир, Г.Оюунгэрэл нарын хоёр тамирчин урилгаар олимпод оролцох боломжтой болсон билээ. Эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөх А.Тамир нь хоёр дахь олимпдоо хурд сорих гэж буй. Тэрбээр 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Энэ төрөлд А.Тамир 50 метрийн зайд улсын дээд рекорд эзэмшдэг юм байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Г.Оюунгэрэл өрсөлдөнө. 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөх тэрбээр 50 метрт, дээрх төрөлд улсын дээд амжилтын эзэн гэнэ.
Олимпод оролцох Монголын усан спортын багийн тухайд олимпийн эрх олгох стандарт цаг буюу олимпийн нормативд ойртож очих зорилго тавиад буй гэдгийг дасгалжуулагч Б.Дөлгөөн хэлж байна. Олимпийн бэлтгэлээ базаахаар тэд ирэх долоо хоногийн сүүлээр Улан-Үдийг зорих аж. Монголд одоохондоо олон улсын стандартад нийцсэн 50 метрийн усан сан байхгүй тул тэд анх удаа стандарт хэмжээ бүхий усан санд бэлтгэл хийхээр хилийн дээс алхах гэж буй гэнэ. Үргэлжлүүлээд Казахстанд мөн 50 метрийн усан санд бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа юм байна.
С.ЦЭЛМЭГ