ОХУ-ын Екатеринбург хотод суралцдаг Монгол Улсын гурван оюутан хар тамхи татсан хэрэгт холбогдон баривчлагдсан гэх мэдээлэл Оросын сайтуудад гарчээ. Оросын http://fedpress.ru вэб хуудаснаа мэдээлснээр энэ сарын 13-ны өдөр мужийн Кировын шүүхээс гурван оюутанг албадан баривчилсан байна. Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яаманд албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа аж. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг “Оросын хэвлэлүүдэд энэ талаар мэдээлэл гарсны дагуу манай ЭСЯ-ны ажилтнууд тодруулахаар ажиллаж байна. Оросын хэвлэлд гарсан мэдээллийг батлагдаагүй байхад үнэн гэж хэлж болохгүй. Одоогоор энэ мэдээлэл батлагдаагүй байна” гэв.
Хоёр өдрийн өмнө саатуулагдсан оюутнуудтай Оросын хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид уулзсан гэнэ. Свердловск мужийн хүний эрхийн байгууллагын төлөөлөгч Татьяна Мерзляков “Монгол оюутнууд энэ хэрэгт буруугүй. Тэднийг өмгөөлөх шаардлагатай байна. Оюутнууд сургуульдаа нэр хүндтэй, онц сурлагатай бөгөөд үлгэр жишээ болохуйц оюутнууд юм. Тэднийг ийм хэрэгт холбогдуулсан нь золионд гаргах гэсэн зохион байгуулалттай ажиллагаа байж болзошгүй” гэжээ. Тэднийг сургуулийнх нь найз нөхөд ч хар тамхи хэрэглэх оюутнууд биш гэдгийг хэлж, тайлбар мэдүүлэг өгсөн тухай Оросын мэдээллийн сайтад бичжээ.
О.СЭРГЭЛЭН