Аалзны тор татагдах уу

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Аалзны тор татагдах уу

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсныг нийгэм янз бүрээр хүлээн авч байна. "Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дууссан учир барихад болохгүй юмгүй" гэх нэг нь байхад "Тусгай хамгаалалтад байдаг хүнийг

арай эвгүй байдлаар барилаа" гэх нь ч байна. Зарим нь бүр "Айл болгоны хойморт зураг нь залаатай байдаг хүнийг баривчлах нь байтугай бөгсийг нь долоогоод явж байх ёстой" гэх маягийн юм ярьж солиорч байгаа хүн ч бий юм. Түүний баривчилгаа олон нийтэд ямар их нөлөөлсөн бэ гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Гэхдээ ийм бодолтой хүмүүс цөөн байгаа бөгөөд иргэдийн ихэнх нь "АТГ Н.Энхбаяр хэмээх "Авлигын загалмайлсан эцэг"-ийг алдчихгүй байгаасай" гэсэн санааг илэрхийлж байгаа билээ. Авлигын тор бол орооцолдогчийг нь биш нэхэгчийг нь барьж байж л хумигддаг жамтай. Тиймээс баривчилсан арга барилд нь биш, цаад шалтгаанд нь анхаарал хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын хүрэн оймсны тухай биш, түүний мэдүүлгээр илрэх авлигын хэргүүд, тангараг өргөчихөөд ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн луйварчдын тухай ярих нь зүйд нийцнэ. Яг одоо иргэдэд иргэн Н.Энхбаярыг суллах эсэх асуудал сонин биш, АТГ Н.Энхбаяраар дамжуулаад Монгол орныг бүхэлд нь хэрсэн авлигын торыг хөврүүлж чадах эсэх асуудал сонин байгаа юм. Гэвч АТГ олны итгэлийг биелүүлж, торыг хөврүүлж чадах болов уу.

Одоогоор хөвөрнө гэх итгэл бага байна. Учир нь экс Ерөнхийлөгчийг буруутгаж буй "Өргөө" зочид буудал, "Улаанбаатар таймс" сонин, ТВ-9 телевизийг зувчуулсан гэх хэрэгт томчуудаас хэн ч хамааралгүй. Сайндаа л Э.Мөнх-Оргил мэдүүлэг өгнө. Сувгийн зөвшөөрөл нь түүнд байсан гэдгээр. Гэвч хамааралгүй учир холбогдохгүй. Хэрвээ АТГ авлигын төр нэхэгч хийгээд орооцолдогчийг бүгдийг нь илрүүлье, ажлаа хийсэн шиг хийе гэж бодсон бол Н.Энхбаярыг дээр дурьдсан "жул" хэргүүдийг биш, Худалдаа хөгжлийн банкны хувьчлал, их өр тэглэсэнтэй холбоотой том хэргүүдийг барьж авах ёстой байсан. Тэгсэн бол одоо төрийн өндєр албан тушаалд байгаа эрхмүүд холбогдож, АТГ үнэхээр хараат бусаар ажлаа хийдэг эсэх асуудлаар ард түмний эргэлзээ арилах байлаа. Гэхдээ гурван хэрэгт буруутгасан нь дөнгөж эхлэл ч байж болох юм. Мэдээж Н.Энхбаярт нэмж эрүү үүсгэх боломж АТГ-т бий.

Авлигач өндєр албан тушаалтныг барьсан байхад өөр авлигачийг илрүүлээгүй тохиолдол тун цөөн. Жишээлбэл, БНСУ-ын Ерөнхийлөгч Но My Хёны авлигын тор нэхсэн хэрэг байна. Дашрамд дурьдахад, төрийн өндєр албан тушаалтан, авлигач,тагнуулч,мафиозуудыг ихэвчлэн үүр шөнийн заагаар баривчилдаг бичигдээгүй хуультай юм байна. Энд нэр дурдагдаад байгаа Но My Хён гэгч нь өглөөний 06.00-07.00 цагийн хооронд амиа хорлосон гэдэг ч өөрөө зуурдаар нөгчсөн, цагдаагийнхан баривчлахаар ирэхэд гэрийнхээ ойролцоох хад асган дунд нуугдахаар зугтаж яваад хальти гишгэн унаж нас барсан гэсэн яриа солонгосчуудын дунд байдаг юм билээ. Түүний эхнэр болон эхнэрийнх нь дүү зэрэг хvмүүсийг амиа хорлосон гэх 2009 оны тавдугаар сарын 23-ны, өдөр баривчлагдсан байдаг нь энэ яриа үнэний ортой болохыг илтгэж байгаа юм.

Сэдвээсээ хазайчихлаа, гэхдээ шөнө баривчлах практик байдаг, үүнд анхаарал хандуулах хэрэггvй гэдгийг хэлэх гэсэн юм. Но My Хёны араас Пусан хотын экс мэр, Хьюндай корпорацийн топ менежер гээд нэлээд олон хүн дээлээ нөмөрсөн байдаг. Тиймээс монголчууд Авлигын тор нэхэгчийг баривчилсны дараа торонд нь орооцолдсон хүмүүсийг нэг нэгээр нь, эсхүл бөөнөөр нь шалгахыг хүлээж байна.

Улс төрд мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л гэж бий

Эдгээр үгсийг утгыг нь алдуулахгүйгээр жаахан өөрчлөх гээд үзье. "Эрх ашиг" гэдэг нь мөнх гэж байгаа учир өөрчлөх боломжгүй. Харин "дайсан" гэдэг үгийг "нөхөр" болгож сольж болж байна. "Улс төрд мөнхийн нөхөр гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л гэж бий". Авлигачийг үхэн хатан хамгаалаад байгаа О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Р.Раш нарын цаана жирийн эрчүүдийн нөхөрлөл, авлигын тороор холбогдоод нэг нь унавал нөгөө нь татагдаж уначих гэсэн амь тэмцэл хоёрын аль нь байх магадлал өндєр вэ. Аль, аль нь байж болох ч сүүлийнх нь арай үнэмшилтэй. Эдгээр нөхдүүд Н.Энхбаяртай нийлэн УИХ-д МАХН-ын бүлгийг байгуулах гэж байгаад энэ үйлдлээ таслуулсан. Өчигдрөөс намынхантайгаа хөлөө жийлцээд эхэллээ.

Энэ нь тэднийг Н.Энхбаярыг жирийн нөхрийн ёсоор, Ерөнхийлөгч байсных нь хувьд өмгөөлсөн гэх таамаглалыг үгүйсгэж байгаа юм. "Намаасаа тойрог шаардаж шантаажилж байгаа" гэсэн тайлбар одоо тэдэнд тохирохгүй. Харин өмнөх хэрэг нь илрэх вий гэсэн айдас л зангидаж байна. Ийм хүмүүс намаасаа гарч АН-тай нийлэхээ ч сийхгүй. Цэцийн дүгнэлт, Орон нутгийн сонгуульд нэмэлт өөрчлөлт оруулак эсэх асуудал гээд далим их бий. Ямартай ч тэдний гарт иймэрхүү зэвсэг байна. Харин МАН-ын гарт Н.Энхбаяр гэсэн илүү хүчтэй зэвсэг бий. "Эсэргүү гишүүдийн зэвсэг" хугацаатай. Хэдхэн хоногийн дараа хүчингүй болно. Харин нам бол гишүүдийнхээ оролцсон хэргийг хэзээ ч шалгаж чадна. Шалгах эрх ут нь АТГ-т байдаг, гэхдээ энэ хэргийг одоо болтол шалгахгүй байгаа учир энэ байгууллагад МАН-ын нөлөө байдаг байх гэж хардахад хүргэж байгаа юм. Эндээс АТГ хараат бусаар ажиллаж чаддаг уу гэх дараагийн сэдэв гарч ирнэ.

Авлигатай тэмцэх газар хэн нэгний эрх ашигт үйлчлээгүй байгаасай

АТГ-ын удирдлагууд "Бүрэн эрх нь дуусгавар болсон үед Н.Энхбаярыг шууд баривчилсан явдал хууль зөрчөөгүй" гэж ярьж суусан. Тэгвэл хуульд "Ерөнхийлөгч байсан хүнийг 10 удаа сануулаад 11 дэх дээр нь баривчилна" гэсэн заалт алга. Өөрөөр хэлбэл, аль эрт л баривчилчихаад дээр хэлсэн үгсээ хэлэхэд хэн ч буруутгаж чадахааргүй байсан. Гэтэл яагаад барилгүй байж байгаад улс төрийн эгзэгтэй нөхцөл байдал үүсэхтэй зэрэгцээд баривчлав. Үүнд нэг л хариулт байгаа. Хариултыг нь та ч мэдэж байгаа учраас хэлэхээ больё. Авлигатай тэмцэх газар хэн нэг нам хүчний эрх ашигт үйлчлээгүй байгаасай.

Б.Урсгал

Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж