“Ираны аюулыг хэтрүүлсэн гэх мэтээр үздэг хүмүүс сүйрлийн өмнөх сургамжуудыг мартжээ. Хэдэн сая еврейчүүдийг устгахыг хүссэн хүмүүс байгааг хэлэх нь үнэнд нийцэх бөгөөд ийм хүсэл нь сүйрлээс сургамж аваагүй, хэлмэгдэгсдийг доромжилсон хэрэг” хэмээн Засгийн газрын тэргүүн Биньямин Нетаньяху иерусалимын Яд ва-Шем гэх дурсгалын цогцолборт болсон ёслол дээр хэлжээ. Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүй байх нь Израилийн болон еврейн ард түмний үүрэг. Далан жилийн өмнөхтэй харьцуулахад Израиль “өөрийгөө хамгаалах боломж, үүрэг, эр зориг”-той болсныг тэрээр онцолсон байна. “Иран цөмийн зэвсэгтэй болох нь Израилийн оршин тогтноход аюул занал учруулна. Мөн бүс нутгийн улс орнуудад, дэлхий дахинд шууд аюул авчирна. Бид Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүй байх үүрэгтэй. Энэ нь дэлхийн ч үүрэг. Гэхдээ Израилийн нэн тэргүүн үүрэг мөн. Бид хэзээ ч толгойгоо элсэнд нуухгүй” гэж ерөнхий сайд хэлжээ. Энэ тухай Израилийн ерөнхийлөгч Шимон Перес “Тэр үед бид асуудлын тэмдэг байсан юм. Өнөөдөр бид хүчирхэг орон… Аюултай тэмцэх Израилийн боломжийг үнэлэхгүй байх үндэслэл байхгүй” хэмээн мэдэгдлээ. “Хүн төрөлхтөнд Холокостын сургамжийг сануулан аюулаас сэрэмжлүүлэн зохих хариуг өгөхөөс өөр сонголт байхгүй” гэж тэрээр хэлэхдээ Ираныг тэр аюул, терроризмын төв гэж нэрлэв.
Сүйрэл ба баатарлаг үйлсийн өдрийн дурсгалын лхагва гаригийн оройн арга хэмжээгээр Иерусалимын тэнгэрт зургаан бамбар асан Холокостын зургаан сая хэлмэгдэгсдийг дурсав. Бамбарыг сүйрлээс амьд гарсан зургаан хүн асаалаа. Өдгөө энэхүү хоморголсон хядалтаас амьд гарсан 200 мянган хүн өнөөдөр Израильд амьдарч байна.
Пүрэв гаригийн өглөө Израиль даяар агаарын түгшүүрийн дуут дохио дуугарч, хүмүүс хоёр минутын турш чимээгүй зогсон хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн гашуудлаа. Энэ өдөр улс орон даяар нь зугаа цэнгээний газруудыг хааж, радио телевизээр цэнгээнт нэвтрүүлэг явуулсангүй. Гашуудлын арга хэмжээ сургуулиуд болон армийн анги нэгтгэлд явагджээ.